Дугаарын бизнесээр хөлжсөн нь багадаад замын компаниудыг шантаажлах болжээ

678271dc161931c9originalЗасаг солигдсоны дараа Автотээврийн газар, Төмөр замын газар, Авто замын газар хэмээх 3 агентлагийг татан буулгаж, тэнд ажиллаж байсан зарим хүнийг Зам тээврийн яаманд томилсон. Энэ үеэр Автотээврийн газарт удирдах алба хашиж байсан Б.Жаргалыг төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл тоон яамны Зам, Тээврийн хяналт бүртгэлийн газрын даргаар томилсон байх юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар Б.Жаргал нь Замын Цагдаагийн газарт Мэргэжил техникийн хяналтын хэлтсийн даргаар ажиллах үеэсээ явуургүй аргаар мөнгө олдог байсан гэлцдэг. АТГ, цагдаагийн байгууллагад түүнийг эрүүгийн хэрэгт хоёр ч удаа холбогдуулан шалгаж байжээ.

Түүнийг автомашины улсын дугаарын бизнес хийдэг, автомашины ченжүүдийг шантаажилж мөнгө олдог гэсэн гомдол мэдээлэл ер тасардаггүй байжээ. Ийм учраас ч ЦЕГ-ын даргын 545 дугаар тушаалаар 2008 оны арваннэгдүгээр сарын 7-нд Б.Жаргалд сахилгын шийтгэл ногдуулж, төрийн жинхэнэ албанаас халсан байна. Гэхдээ Б.Жаргал цагдаагийн байгууллагаас халагдаад удалгүй Авто тээврийн газар хэмээх их айлд удирдах албанд томилогджээ. Авто тээврийн газар автомашины улсын дугаарыг олгодог болсноос хойш хэл ам бас л Б.Жаргалыг тойроогүй. Машин задалж оруулж ирдэг ченжүүдээс хахуул авдаг байсан талаар учир мэдэх нэгэн хэлж байна. Энэ бүхнийг хуулийн байгууллага шалгаж эцэслэн тогтоогоогүй ч Б.Жаргал яагаад Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын албан тушаалд “ногоон гэрлээр” дэвшсэн нь сонирхол татаж байна.

Баримт дурдвал Зам тээврийн яамнаас өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын албан тушаалд Б.Жаргалыг томилуулахаар нэр дэвшүүлэх дүгнэлт гаргуулах хүсэлтээ, Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ. Төрийн албаны зөвлөл уг асуудлыг судлан үзээд уг албан тушаалд Б.Жаргалыг төрийн жинхэнэ албаны удирадах албаны тушаалд томилуулах дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Энэ нь 2008 онд Б.Жаргалыг сахилгын шийтгэлээр цагдаагийн байгууллагаас халсан шийдвэртэй нь холбоотой байжээ. Иймээс төрийн албаны зөвлөлийн 1-р сарын 31-ны 3-р хуралдаанаас томилгооны асуудлыг буцаасан байна. Энэ албан бичгээ ч зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяад хүргүүлжээ. Гэтэл Б.Жаргалыг томилж болохгүй, томилвол хууль зөрчинө гэсэн төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн гарын үсэг, тамгатай албан бичиг байсаар байтал албан тушаалд томилжээ.

Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг мэргэшсэн, туршлагатай зөв хүнээр бүрдүүлэх гэж хичээж байхад Зам тээврийн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус томилгоотой хүн шургалчихжээ А.Гансүх сайд аа. Б.Жаргал Зам тээврийн яамны газрын дарга болсоноосоо хойш дарамталдаг мөнгө нэхдэг “зан”-гаа хаяхгүй байгаа талаар зарим хүн хэлж байна. Тэрээр Зам барилгын компаниудаас мөнгө нэхэж хүссэн мөнгийг нь өгөхгүй бол улсын комист хүлээж авахгүй гэх болсон байна. Уг нь ийм зан авир гаргаж болохгүйг Б.Жаргал дарга мэдэхийн дээдээр мэдэх учиртай билээ. Учир нь түүний эхнэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон. Нөхөр нь “ашиг сонирхлын зөрчил” гаргаж байгааг гэр бүлийн хүн нь ойлгуулж зөвлөхгүй өөгшүүлсээр байгаа нь хачирхалтай.

Г.Болд

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих