Үндсэн хууль ба ашигт малтмал
Энэхүү нийтлэлийн гарчиг та бүхний анхаарлыг татаж магадгүй. Тэс өөр зүйлүүдийг жишиж харьцуулсан агуулга бүхий энэхүү гарчиг нь үндсэндээ нийтлэлийн гол агуулгыг илэрхийлж байгаа юм.
Үндсэн хуулийг ашигт малтмалтай холбох ямар нэгэн зүйл байгаа юу? гэж асуухаар нөгөө Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын иргэд эд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэсэн заалт санаанд орох байх.
Энэ заалтыг төрийн ач буянаар бид сайн мэддэг болсон. Төр “…газрын хэвлий, түүний баялаг…”-ыг өөрийн өмч гэдгээ мэдрүүлэхийн тулд энэ заалтыг бидэнд дахин дахин сануулсаар бүр цээжинд орсон байх. Гэхдээ миний нийтлэлд дурьдагдах Үндсэн хууль болон ашигт малтмалыг хооронд нь холбож үзэх заалт бол энэ заалт биш юм.
Миний хувьд ашигт малтмал Төрийн өмч үү, үгүй юу гэдэгт маргах зүйл байхгүй. Үндсэн хуулийн дээрх заалтаар ашигт малтмал гарцаагүй төрийн өмч мөн.
Харин төрд яагаад, ямар зорилгоор газрын хэвлий түүний баялгыг өмчлүүлэв? Миний бодлоор энэ асуултад хариулах л хамгийн чухал зүйл юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн l-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж заасан байдаг.
Энэхүү заалтаас ард түмний мэдэлд байгаа газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялагыг хамгаалах зорилгоор өмчлөлдөө авч байгаа гэж ойлгогдоно.
Гэхдээ төрийн чухал үүрэг бол 19 дүгээр зүйлийн 1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалт юм.
Бидний эрх чөлөөг хангахуйц тийм эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бий болгуулахын тулд ард түмэн өөрийн мэдэлд байгаа газар, түүний хэвлийн байгалийн баялгыг төрд өмчлүүлж байгаа юм.
Иймээс миний бодлоор төрийн хамгийн чухал үүрэг бол дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан заалт. Энэ утгаараа Үндсэн хуулиндаа онцлон тодорхойлж оруулж өгсөн байх. Гэвч одоогийн байдлаар бид энэхүү заалтаас илүү дээр дурьдсан “… газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн..” гэсэн Үндсэн хуулийн заалтыг сайн мэддэг нь төр өөрийн үүргийг биелүүлэхгүйгээр “өмчилж” байгаагийн тод илрэл болов уу?
Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх гэдгийг юу гэж ойлговол зохистой вэ?
Хүний эрх, эрх чөлөө гэж өнөөгийн ардчилсан нийгэмд юу гэж ойлгох вэ? гэсэн асуултууд гарч ирдэг.
Жон Стюарт Миль эрх чөлөөг тодорхойлохдоо “Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.” гэсэн байдаг.
Энэ бол ардчилсан нийгэмд эрх чөлөөг ойлгох ойлголтыг ойлгомжтойгоор тодорхойлсон тодорхойлолт гэж миний хувьд ойлгодог.
Харин эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засгийн баталгааг бүрдүүлэх гэдгийг нийгмийн халамж гэж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд иргэн, аж ахуйн нэгжийн өмчийг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, төр хөндлөнгөөс бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй байх гэх мэт зах зээлийн үндсэн зарчмуудыг төрөөс хэрэгжүүлэхийг ойлгох нь зүйтэй байх.
А.Смит “Үндэстнүүдийн баялаг” бүтээлдээ “Махны худалдагч, пиво эсгэгч, талхчин нар өглөгч, сайхан сэтгэлтэй дээ бидэнд оройн хоол бэлдэж өгч байгаа юм биш. Тэд өөрсдөд нь ашигтай болохоор л тэгж байгаа юм.” хэмээсэн байдаг.
Эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн батадгааг бүрдүүлэх гэдэгт Махны худаддаачин, тачхчин, шар айрагны үйддвэрлэгч нарт өөрсдийн бүтээгдэхүүнийг худалдаж ашиг олох тэр нөхцөл боломжыг олгох явдал гэж ойлгож болох байх. Мэдээж төр татвараа авна.
Хэрэв махны худаддаачин, пиво эсгэгч, талхчин нарт мах худалдах, пиво эсгэх, талх хийх эрхийг олгохдоо махнаас нь, гурилнаас нь пивоноос нь үнэгүй аваад эхэлвэл тэд бидний оройн хоолыг бэлдэхээ болино. Тэдэнд ашиг байхгүй болно гэсэн үг.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд мөн өөрийн өмчтэй. Тэд өөрсдийн өмчөөр эрсдэл хийж хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг газар нутгаа алдаж буй мэтээр ойлгуулж, ойлгож ирсэн нь харамсалтай. Уг нь бид хичнээн их талбайд хайгуул хийнэ төдий чинээ газар нутгийн баялгыг танин мэдэх ач холбогдолтой. Аж ахуйн нэгжүүд хайгуул хийх зардлаа өөрсдөө гаргаж эрсдэлээ өөрсдөө хүлээдэг учир төрөөс ямар нэгэн төлбөр мөнгө, зардал гардаггүй. Монгол улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд уул уурхайн салбарт хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдэнд ийнхүү үйл ажиллагаа явуулах эрхийг Үндсэн хуулиар олгосон юм.
Төрөөс өөрийн өмч болох газрын хэвлийн түүний баялагыг тодорхой хугацаа болзолтойгоор ашиглах эрхийг эдгээр аж ахуйн нэгжүүдэд олгож, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж ашиг олох гэсэн энгийн харилцаа дээр уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа ч үүнийг улам төвөгтэй болгосоор байна.
Төр өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхдээ давуу байдлаа ашиглаж иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөх эрхрүү халдах хэв маяг газар авсаар…
Давуу байдал гэдэгт юун түрүүнд мэдээж хууль тогтоох эрх мэдлийг ойлгож болно.
Төр, иргэн, аж ахуйн нэгжүүд харилцан өөр субьектүүд хэдий ч өмчлөгчийн хувьд хуулийн өмнө тэгш байх ёстой юм. Эдийн засгийн харилцаанд харилцан ашиггай байх нөхцөл алдагдах юм бол тухайн харилцаа үгүй болно. Үйлдвэрлэгч ашиггүй л бол юу ч хийхгүй.
Ямар учраас энэхүү нийтлэлдээ уул уурхайг онцлоод байна вэ гэвэл уул уурхайн салбараас манай орны цаашдын хөгжил, эдийн засгийн өсөлт, хүн амын амжиргааны түвшин маш ихээр хамаарах бөгөөд дээрх Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан үүргийг төр хэрхэн биелүүлэх нь уг салбараас ихээхэн хамаарах учир энэхүү нийтлэлдээ онцолж уул уурхайн салбарын талаар болон төрийн Үндсэн хуулиар олгогдсон үүргийн талаар цухас дурьдлаа.
Зүгээр үүргийг нь төрд сануулах л гэсэн юм.
Төр өөрийн чухал үүргээ биелүүлж, эрх чөлөөг саадгүй эдлэх тийм хамгаалалтыг бүрдүүлнэ гэдэгт итгэсээр л байна.
Хуульч Б.ЦЭЦЭНБИЛЭГ
URL: