Амьд будда мянган баярын амгалан орших цэцэрлэг

Оссендовский хэмээх энэ польш эр чухамхүү үлгэрийн юм шиг адал явдалтай сонин амьдрал туулсан нэгэн. Санкт-Петербургийн Их сургууль төгссөн тэрээр залуу насаа Оросын Сибирь, Алс Дорнодод инженерээр ажиллан өнгөрүүлжээ.
Түүний амьдарч асан тэр үе буюу өнгөрсөн зууны 20-иод оны эхээр Орос оронд Октябрийн хувьсгал, иргэний дайн зэрэг олон түүхэн үйл явдал болсон бөгөөд Оссендовский анхнаасаа улаан хувьсгалын эсрэг баттай зогсож, адмирал Колчакийн байгуулсан Цагаан Оросын засгийн газарт хүчин зүтгэж байв.
Колчакийн арми ялагдал хүлээсний дараа улаантнуудын мөрдлөгөөс зугтан 1921 онд Монголд орж ирсэн аж. Оссендовский энэ үеийнхээ тухай “Хүн, араатан, бурхад” хэмээх ном бичсэн нь тухайн үедээ бестселлер болж англи, франц, герман, орос хэлнээ орчуулагдан зохиогчоо олны танил болгосон билээ. Сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй уг номыг монгол хэлнээ орчуулан гаргасан бөгөөд энэ онд уншигчдын хүсэлтээр гурав дахь удаагаа хэвлэгдэх гэж буй.
“Гадаадынхан Монголын тухай” булангаараа бид монгол хүн бүрийн уншвал зохих энэхүү номын хэсгээс та бүхэндээ танилцуулж байна. Зүсэн бүрийн нууцат гайхамшгийн эх орон Монголд буй бүхий тайлагдашгүй оньсогын гол сахиус болсон Амьд Будда – Нарангэрэлт Жавзандамба хутагт хаан буюу Да хүрээний тэргүүн санваартан Богд гэгээн залрах амой.
Тэр эрхэм бээр болбоос мөнх наст Буддагийн хувилсан дүр, 1670 оноос шашны хэргийгэнэ орноо захиран суугч эзэд хаадын бүрэлбаа, Бурхан Буддагийн диваажин дахь бие төлөөлөгч Амитаба (Диваажингийн эзэн. Орч.) хийгээд уулсын эзэн савдгуудын сүр сүлдний тусгал болой.
Наран гарагийн домгууд хийгээд Гималайн оньсого адил нууц, Энэтхэгийн сүм дугана хийгээд Бүх Азийн эзэд хаад-монгол түрэмгийлэгчдийн сүр хүчин, эртний хятад мэргэдийн цэцлэл хийгээд бярманчуудын гүн сэтгэлгээ, “Цэцдийн орд”-ын сахилтны ёсорхол хийгээд Баатар хунтайж, Гүүш хааны нүүдэлчин овгуудын өсөрхөл, Чингис, Хубилай хаадын өв уламжлал хийгээд лам нарын гажиг ааш, шарын шашны далд урсгалууд хийгээд Соронзонгомбоос угсаатай Түвдийн бүх хаад – энэ бүхний цогцлол ану Богд гэгээн болой.
Өргөөнд суугаа Амьд Буддаг тольдуут эрин зуунуудын манан дундаас Ази, Монгол, Памир, Гималай, Месопотами, Перс, Хятадын түүх шасдир тодормой. Түүний нэр алдар Ижил мөрөн, Сибирь, Арав, Энэтхэг-Хятадын хойг, тэр ч бүү хэл Хойд мөсөн далайн эрэгт ч сонсогддогийг гайхахын хэрэг үгүй буй заа. Амьд Будда надад нэг л хачин хоёрдмол сэтгэгдэл төрүүлсэн агаад ерөөс ламын шажинд бүх юм хоёр талтай байдаг болохоор арга ч үгүй биз.
Зүйрлэшгүй хурц ухаантай, мятаршгүй идэвхээр цэнэгжсэн, асар их ажигч гярхай атлаа бор дарсанд даанч шунамхайн учир нүднийх нь хараа будантсан байж мэднэ. Тийм зовлонд учирмагц нь дэргэдийн лам нар яах ч учраа олохоо больсон гэдэг Зарим хэсэг нь Богд хаанд хор өгөн егүүтгээд өөр Амьд Буддаг тодруулъя хэмээцгээсэнд нөгөө хэсэг нь монголчууд хийгээд ерөөс шарын шашны сүсэгтнүүдийн дунд олсон нэр хүндээс нь айж, гавьяа зүтгэлийг нь дурдан сануулж тэр муу сэдэлтээс татгалзуулсан гэх авай.
Тийнхүү бурхадын хилэнг намжаахын тулд өндөр сүм байгуулж дотор нь асар том Будда бурханыг бүтээн залсан авч тэр нь Богд хааны мэлмийг гийгүүлж эс чадсан ажгуу, Өргөөнд ахуй цагтаа би бээр хэд хэдэн удаа Амьд Буддад бараалхаж үг солихын алдар амьдралынх нь хэвшлийг ажиглах гайхамшигг завшаантай тохиосон бөлгөө.
Тэрбээрийн тухай өөрийнх нь ойрын шадар эрдэмт маарамба нар ч их зүйлийг хүүрнэсэн агаад, мөхөс би гэгээнийг зурхай зурж байхад нь хойчийн үрийг сонсож, Богд хаануудын өмнөх бүх дүрийнх нь намтар түүх, виваангирдын гар бичмэлүүд, эртний судрыг агуулсан сан хөмрөгтэй нь ч танилцсан амой. Нарванчин хийдийн хутагтын илгээлтийн ачаар ойр шадрын лам нар нь надад ихээхэн дотно хандаж байсныг ч хэлэх нь зүйтэй.
Бүх монгол хийгээд сүм хийдийг цэцэглүүлэн хөгжүүлэх үйлсэд Амьд Будда ихээхэн санаа тавьдаг байсны зэрэгцээ өөрөө элдэв төрлийн сонин хачин юм цуглуулах дуртай байсныг нь дурдсу Нэг шохоорхол нь л гэхэд их буу. Огцорсон нэгэн орос цэргийн дарга түүнд хоёр хуучин их буу бэлэглэж оронд нь “Түмэнбаяр гүн” хэмээх цол хүртсэн гэх бөгөөд баяр ёслолын үед уг буугаар галлахад сохор хаан их л баясдаг гэнэм зэ.
Богд гэгээнтэн автомашин, пягтруул хөгжим, уран зураг, сүрчиг, хөгжмийн зэмсэг болон заан, сармагчин, Гималайн баавгай, Энэтхэгийн могой, тоть гээд ховор араатан жигүүртэн бүхнийг шохоорхох авч төд удалгүй зугаа нь гаруут мартаж орхидог юмсанж. Мөргөлчдийн, тэднийг дагаад бэлэг сэлтийн урсгал Буддын шажинт ертөнцөөс Өргөө рүү цутгах нь үл тасрах ажгуу Богдын шанзав Бадамдорж ч нэгэн удаа намайг бэлэг сэлт хадгалдаг өрөө рүү удирдан орсон бөлгөө.
Үнэт эрдэнэс, баялагийн тийм гайхам цуглуулгыг би өмнө нь огт үзээгүй агаад, зүйрлэвээс Европын аль ч музей атаархах буй заа. Шанзав бээр нэгэн авдарны мөнгөн цоожийг түлхүүрдэх зуураа:
-Энэ авдарт Бей-Кумаас ирүүлсэн цул шижир алтнууд, тэрэнд Кемчугийн хар булгануудыг хадгалдаг юм. За тэгээд энэ бол анагаах увидастай бугын эврүүд. Харин тэр бол хүн орхоодойн үндэс, үнэр сайт заар хийсэн хайрцаг байгаа юм. Бас энд Хөлдүү тэнгисийн эргээс ирүүлсэн хув байгаа, 120 лан (1лан – 10 фунт Зох.) хүнд эд дээ. Энэтхэгийн үнэт эрдэнэсийн чулуунууд, Хятадаас авчирсан зааны ясан сийлбэрүүдийг бас хар даа хэмээгээд өөр ч бас олон зүйлийг сэтгэл хангалуунаар үзүүлсэн бөлгөө.
Богдын цуглуулганы хөмрөг үнэнхүү дуу алдан шагширмаар байсныг дахин хэлэх нь зүйтэй. Цагаан минж, хар булга, цав цагаан, хөв хөх, хав хар үнэг, хар ирвэсний өдий төдий арьснууд. Яст мэлхийн хуягаар хийсэн өчүүхэн хайрцган дотор 10-15 ярд (1 ярд -0,91 м. Орч.) урттай, аалзны шүлс адил нарийхан, хөнгөхөн энэтхэг торгон хадгийг хадгалжухуй. Цувимал алтаар нэхсэн хүүдий дүүрэн далайн сувдыг энэтхэг бярман нар бэлэглэжүхүй.
Цааш сонирхвоос, Энэтхэг, Хятадаас ирүүлсэн бадмаараг, индраанил шигтгээтэй асар үнэтэй бөгжнүүд, засаагүй биндэрьяанууд, алт, мөнгөн хатгамалтай жасар жанхав дээлнүүд, алт сувдан шигтгээтэй зааны соёон сийлбэрүүд, Берингийн тэнгисийн эрэг хавийн эртний урчууд далайн морины соёон дээр урласан сийлбэрүүд гээд тэнд буй бүхнийг тоочъё хэмээвээс цаг хугацаа хаанаас олдох ажгуу. Өөр бас нэгэн өрөөнд алт, мөнгө, хүрэл, зааны яс, тана болон үнэт ховор модоор хийсэн үй олон жижигхэн Будда бурхан байх амой.
-Ямар ч эзлэн түрэмгийлэгчид Бурханы шажин шүтдэг алив улс гүрэнд оруутаа бурхдыг нь хамгийн эхлээд эвдлэн сүйтгэдгийг та мэдэх буй заа. 300 жилийн өмнө халимагууд Түвдийг эзлэхдээ ч, 1900 онд европ цэргүүд Бээжинд орохдоо ч ялгаагүй ингэсэн. Харин ямар учиртайг нь та мэдэх үү? Аль нэг бурхныг аваад сайн үзэгтүн. Тэгвэл учир нь олдоно хэмээн шанзавтан залирхгаар инээмсрэн хэлвэй. Би бээр нэгэн модон бурхан аваад нягтлан үзвээс дотроо хөндий бололтой, нэг юм өнхрөх нь дуулдав.
-Сонсож байна уу? Бурхадын гэдэс дотрыг үнэт чулуу ч юмуу, алтаар орлуулдаг юм. Эзлэн түрэмгийлэгчид хамгийн эхлээд бурхан шүтээн рүү дайрдгийн учир нь тэр. Эдүгээ дэлхийд алдаршсан олон үнэт зүйлсийг энэтхэг, вавилон, хятадын бурхдаас гаргаж аваачсан юм шүү хэмээн Бадамдоржтон эцэст нь үзүүлсэн болой. Номын сан нь хааны ордны хэд хэдэн өрөөг эзэлсэн байсан агаад тавиурууд дээр нь маш олон хэл дээр, зүйл бүрийн сэдвээр янз бүрийн үед туурвисан үй түмэн судрууд байсан болой.
Тэр номнуудын олонхи нь шарлаж муудаад өгөршин тасарсан тул гэмтлийг нь удаашруулах үүднээс лам нар зориуд найруулсан нэгэн зүйл уусмал шингээн хуудсыг нь бэхжүүлж байхыг үзлээ. Тэнд Вавилоных бололтой шаантаг үсгээр бичсэн номууд, монгол, нанхиад, түвд, санскрит номууд, Буддын шашны улааны, шарын гэх хоёр урсгалын сургаалийн судрууд, түүнчлэн түүх шасдир, үлгэр домгийн цуглуулгууд байх агаад ихэд балран муудсаныг нь ирээдүй хойчдоо зориулан лам нар дахин хуулан бичиж байсан нь эртний мэргэдийнхээ сургааль үгийг ихэд эрхэмлэдгийн жишээ болой.
Бас нэгэн тасалгаанд ид шидийн хүчийг заасан  нууцын нууцат номуудыг тусад нь хадгалсан байв. Тэнд Амьд Буддагийн 31 дүр, Далай ламууд хийгээд Утайн хутагт, Дотоод Монголын Долнуурын бандид гэгээн, хятад 100 мэргэдийн бүтээлүүдийг харвай.
Энэ өрөө рүү зөвхөн Богд хутагт, Да Ринбүчи маарамба хоёр л орох эрхтэй гэснийг хэлэх хэрэгтэй бөгөөд түлхүүрийг нь Амьд Буддагийн лаврин дахь хайрцагт Монгол төрийн тамга, Чингис хааны бадмаараг шигтгээтэй очир бөгжийн хамт хадгалдаг гэнэм зэ. Нарангэрэлт хааны дэргэдийн 5000 шадар хүн байх агаад тэдний тоонд аягачин, шивэгчнээс авахуулаад зөвлөх нар, Монголын дөрвөн хан, угсаа өндөр таван ноён хийгээд Засгийн газрын сайд нар нь ч багтдаг амой.
Лам нарыг гурван зэрэг дэвд хуваадаг хэмээн намайг нэгэн удаа Жамбалонтой хамт бараалхахуйд Амьд Будда өөрөө хэлсэн болой. Тэрбээр лам нарын ганган тансаг аж төрөх, эдэлж хэрэглэх болсныг буруушаадгаа нуугаагүй бөгөөд далдыг мэдэгч нар ч энэ л шалтгаанаар цөөрснийг цухуйлгаад авсан билээ.
-Жалханз хутагтын болон Нарванчин хийдүүд өөрийн хатуу дэг журмаа сахиагүйсэн бол Да хүрээнд далдыг мэдэгчид, мэргэ төлөгчид байхгүй байсан. Баруун авга нар, Доржжурдог гээд жирийн хүний мэлмийд үл үзэгдэх бүхний туйлыг таньсан олон гэгээнтнүүдийг бурхан аваад явж дээ хэмээн Богт хутагт санаа алдсан юм даа. Чухамхүү тийм зэргийн лам нарыг ихэд хүндэтгэн дээдэлдэг, бишрэн шүтдэгийн учир нь гэвэл Өргөөг зорин ирсэн өндөр дээд зочин бүртэй Богд хэрхэн харилцах, ямар зиндаанд хүлээн авахыг урьдчилан болгоохын тулд тэр зочдыг эхлээд далдаас шинждэг ажгуу.
Далдыг мэдэх увидас бүхий лам нар болбоос ёс юм шиг бараг бүгдээрээ эцэнхий туранхай биетэй, винайн ёсыг хатуу сахигсад байхаас гадна тэдний дотор Монголын сүм хийдүүдийн ирээдүйн гэгээн хутагт нар болох жижигхэн хүүхдүүд, хувилгаад ч таарах авай. Хоёрдахь нь оточ, Да лам нар ажгуу. Тэдвээр болбоос өвс ургамлын болон амьтны гаралтай эм танг туршин, хүний биед нөлөөлөх үйлчилгээг нь тодорхойлж, төвд эмчилгээний арга зүйгээр өвчтнүүдийг илааршуулдаг агаад Европын орчин үеийн эмчилгээний ганц ч хутга мэс, хэрэглэлгүй атлаа анатомийн асар өндөр мэдлэгтэй болой.
Тэдгээр басхүү гайхамшиггай чадвар бүхий бариач, илээч, ховсчин, зайн эмчилгээний увидастангууд гэдгийг дурдахаа үл орхису. Гуравдахь нь болбоос улс төрийн эмч-докторууд гэгдэх хордуулагч-оточ нар бололтой дог Тэдний ихэнх нь төвд, халимаг ясны, өөрийн ажлаа гайхалтай сайн мэддэг хүмүүс болой. Тэд болбоос зожиг амьдралтай, Амьд Буддагийн үг дуугүй зэвсэг гэдэг. Бараг бүгдээрээ хэлгүй байдаг нь ч үүнтэй холбоотой бол уу даа.
Би бээр нэгэн тийм отчийг харсан бөгөөд Амьд Буддаг устгах үүрэгтэйгээр Манжийн эзэн хааны ордноос ирсэн эмчийг тэрбээр үхүүлсэн юм билээ. Тэр болбоос өчүүхэн жаахан биетэй, сар шувуу адил цагаан толгойтой, эрүүн дороо шингэн буурал ямаан сахалтай, тогтворгүй атлаа гал цогтой нүдтэй өвгөн байсан сан. Аль нэг сүм хийдэд түүний бараа харагдмагц тэргүүн нар нь тэрхүү монгол Локустын ямар нэгэн юм үйлдэхээс эмээн уух идэхээ хорин суух бөлгөө.
Тэглээ ч гэсэн Богд хааны тааллаар үхүүлье л гэсэн хүнээ хор шингээсэн малгай, цамц, гутал, эрхи, жолоо, ном судар гээд элдэв төрлийн эд хэрэгслийн тусламжтайгаар үхүүлчихэж чаддаг гэлцэх амой. Мэлмий нь будангуйрсан тэргүүн санваартан хязгааргүй гүн хүндлэлд умбах агаад түүний бараанаар бүх хүмүүс сөхрөн унах авай. Хан, хутагт нар ч түүн рүү мөлхөн хүрэх ажаам.
Гэлээ ч гэсэн эртний дорнын нууцлаг бүхнийг агуулагч, чих дөжрүүлэм дуурийн үглэлүүдийг шимтэн сонсогч, бараа бологч нараа “динамо” машины гүйдлээр цохиулан элэглэгч сохор архичин, улс төрийн өрсөлдөгч нараа нүд ирмэх ч үгүйгээр өөрийн зам дээрээс егүүтгэн холдуулагч яхир хэрцгий өвгөн, ард түмнээ харанхуй бүдүүлгийн нүхэнд хоригч, виваангирд хийгээд мэргэ төлгийн айлдвараараа сүсэгтэн олноо хууран мэхлэгч тэрхүү ламбугай болбоос ер бусын чадвартан гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй өнгөрч үл болмуй.
Нэгэн удаа түүний лавринд бараалхаж дэлхийн дайны тухай ярьсныг минь гүн Жамбалон орчуулж өгөхийг өвгөн их л сонирхон сонсож сууснаа гэнэт сохор нүдээрээ мэлэртэл ширтэн нигуурт нь өршөөл энэрэл хүсэхийн зэрэгцээ эмээнгүй байдал тодроод ямар нэгэн дохио чимээ шуугиан бололтой юм руу анхаарлаа сарниулчихав аа.
-Бурхад намайг дуудаж байна хэмээн тэрбээр үгүүлээд мөргөлийнхөө өрөө рүү гулсах адил аажуухан алхалж орсон бөгөөд өвдөг дээрээ сөхрөн хөшөө адил хөдөлгөөнгүй болоод хоёр цаг хэртэй залбирал уншиж билээ. Тийнхүү мөргөл үйлдэхийн завсарт үл үзэгдэх бурхадтайгаа чанга чангаар ярилцан тэдэндээ асуулт тавин өөрөө хариулах нь сонсдож байлаа.
Дараа нь тэрбээр ихэд ядарсан, цонхийчихсон боловч баяр хөөртэй, сэтгэл нь бүр гийчихсэн байдалтайгаар бидэн рүү эргэн ирсэн юм даа. Тэрбээр ингэж л ганцаарчилсан мөргөл залбирлаа үйлддэг агаад, харин сүмийн мөргөлд оролцохдоо өөрөө ганц ч үг дуугардаггүй, яагаад гэвэл бусад мөргөлчдийн хувьд тэрбээр өөрөө Бурхан бөлгөө.
Түүнийг сэнтийд нь залан шүтээний газар руу өргөн оруулах бөгөөд тэнд агч санваартан сүсэгтнүүд Амьд Бурхандаа итгэл бишрэл залбирлын үгсээ илгээж, тарчлаан зовлонгийн нулимсаа урсгах авай. Харин тэрбээр таг сохор мөртлөө хурцаар гялалзагч хоёр нүдээ дүрлийлгэн мөргөлчдийн хүсэн гуйхыг огоот сэтгэлийн хөдлөл үгүйгээр сонсох ажгуу. Тиймэрхүү олныг хамарсан залбирлын үед гэгээнтний жанчийг нь хэд хэдэн удаа солих нь гайхалтай.
Мөргөлийн эцэст Амьд Будда зүг бүр тийш эргэн сүсэгтэн олондоо аврал илгээгээд хамгийн сүүлд нь Шарын шашны ном ёсоор цэцэн мэргэн Буддагийн сургааль дэлгэрэх жамтай өрнө зүг буюу Европ руу хоёр мутраа дохих бүлгээ. Удаан хугацааны мөргөлийн дараа Богд хааны сэтгэл нь ихэд хөдөлж гарын бичээч нараа дуудан виваангирдач зөгнөлүүдээ урд хойно нь оруулан хэлж өгөх агаад заримуудынх нь учрыг өөрөө ч үл ухах ажгуу.
Түүнийг “Бурхад намайг дуудаж байна” гэж хэлээд цав цагаан өмсгөл өмсөн мөргөлийнхөө өрөө рүү ороход нь ордны бүх хаалгыг түгжээд лам нар нь лүн вангийн их эрдмийг нуусан мэт байдалд орчихдог амой. Тэдбээр эрхиэ эргүүлэн “Богд маань бадамлянхуа шиг дэлгэрч яваг” хэмээн түмэнтаа ерөөж, хүрд эргүүлэн хорт зэтгэрүүдийн сүнсийг холтгох агаад, далдыг харагч, зурхайч нар ирээдүй хойчийн явдлыг зурж, маарамба, зээрэмбэ, дооромбо нар эртний ном судар дэлгэн Богд гэгээнтнийхээ виваангирдыг тайлахыг хичээмой…
Хэвлэлд бэлтгэсэн П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих