Шинэ хуулийн төсөл “хөдөөжсөн хот”-ыг аварч чадах уу

Нийслэлийн хүн ам саяас хол давчихлаа. Хүрээ рүү чиглэсэн их нүүдлийн уршгаар хот төлөвлөлт, экологийн аюулгүй байдал алдагдав. Нийслэлийнхний эрүүл мэндэд заналхийлэх утаанаас эхлээд замын түгжрэл зэрэг түмэн өнгийн зовлонтой бид нүүр тулсаар удлаа. Улаанбаатарыг зорих нүүдлийн цуваа татрахгүй нь мэдээж. Наад зах нь хөдөөнөөс ирж эрдэм сурахаар залуус ирнэ. Дуртай газраа амьдрах эрхийг нь үндсэн хуулиар нээгээд өгчихсөн учир Улаанбаатар руу хөл тавиулахгүй тэх үндэслэл байхгүй. Хүн амд дарагдсан нийслэл маань малаар бол нэлээн өеөджээ. Орчин үеийн нийслэл гэхээсээ илүүтэй “Хөдөөжсөн хот” гэвэл онохоор болов. Хотынхны соёлыг гудамжнаас харна гэвэл үлгэр болох нь. Яаж үүнийг эмчлэх вэ.

Бүдүүлэг орчныг хэрхэн залруулах вэ. Хогтынхоо нүүрийг яаж угаах вэ гээд хотын даргын ажил ундарч юм юманд самгардана. Чих дөжрөм дуу чимээ, морь унан хээр талд явж байгаа аятай зам сүлжих машинууд гээд биднийг стресстүүлэхгүй тайван байлгах арга нийслэлд алга. Шилжин ирэгсэд хөдөөнөө л байж байдаг байж хэмээн дуу чимээг зүхнэ.

Тэгсэн хэрнээ хотын соёлыг умартаж угаадсаа гаргаад асгачихна. Дугуйны хаймар шатаагаад хар утаа олгойдуулж үндсэн хуулинд заасанчлан эрүүл орчинд амьдрах нөхцлийг үгүйсгэнэ. Уг нь “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэж үг байдаг даа. Шилжин ирэгсэд үүнд их дургүй бололтой. Тэд нүүдэлчнээс суурин амьдралд дасах гэж бөөн юм болж байна. Дүрэм журам барина гэж байхгүй. Айлд ороод хэнэг ч үгүй хивсэн дээгүүр нь гуталтайгаа туучуулж байгаатай адил л загнана. Тиймээс хотод амьдрах стандартыг даруй бий болгохыг цаг үе биднээс шаардаж байна. Энэ бүхнийг юугаар зохицуулах вэ. Мэдээж хуулиар л зохицуулна. 16 жилийн тэртээ батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 500 мянган хүн амд зориулагдсан. Уг хууль хүнээр бол хөгширч, цаг үеэсээ хоцорсоныг олон хүн хэлж байгаа. Тиймээс энэ хуулинд амь тариа хийж, шинэчлэн цаг үетэй нь хөл нийлүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан УИХ-аар хэлэлцүүлэхээр зэхэж буй юм. Нэгэнт хөндөж байгаа юм чинь асуудалд хуумгай хандаж бас боломгүй. Олон талаас нь барьж, хазаж, мэдэрч үзвэл хууль сайн болно. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль таван бүлэг 23 зүйлтэй. Харин шинэчлэн найруулсан төсөл зургаан бүлэг 32 зүйлтэй болсон аж. Гаднах хэлбэрээс нь харвал тооны өөрчлөлт энд гарчээ. Төсөл боловсруулагсад зүйл, заалт болгоны цаана хуулийн концепци орж өгсөн хэмээн тайлбарлаж байгаа. Шинэчилсэн төслөөр хамгийн түрүүнд нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг тодорхойлсон аж. Нэг үгээр хэлбэл оршин суугч амьдарч буй орчноо тохижуулсан бол тодорхой хэмжээгээр урамшуулал авна. Харин амьдарч буй орчноо сүйтгэсэн тохиолдолд хариуцлага үүрэх юм байх. Дараагийн гогцоо асуудал нь дүүргийн Засаг даргыг Аймгийн Засаг даргатай адил, хорооны Засаг даргыг сумын Засаг даргатай дүйхүүц статустай байхаар тусгасан байна. Энэ нь нийслэлийн анхан шатны нэгжээс эхлээд хотын даргад эрх мэдэл олгоно гэсэн үг. үнэндээ хүн амын тэн хагас нь Улаанбаатарт суурьшсан байтал эзгүйрээд байгаа сумд руу хөрөнгө оруулалтыг хийсэн хэвээр байгааг халах цаг болсон. Гэвч шинэчилсэн төсөлд нийслэлийн эдийн засгийн эрх мэдлийг бэхжүүлэх, нэмэгдүүлэх талаарх санаа дутмаг байх юм. Гол нь нутгийн өөрөө удирдах байгууллагад эдийн засгийн эрх мэдлийг олгож, өргөтгөх шаардлага байгаа. Эрх мэдэл, төсөв мөнгө захиран зарцуулах мэдлийг хотод өгснөөр нийслэл дээрх олон гацаанаас гарах боломжтой. Өнөөдөр нийслэлд эрх мэдэл алга. Бүх ажил босоо менежментээр явж байгаа. Хэрэв хотод тодорхой хэмжээний эрх мэдэл, мөнгөний эх үүсвэр байх юм бол заавал тэр яам, тамгын газар гэлтгүй асуудлыг шуурхай шийдэх боломжтой юм.

Мөн шинэчилсэн хуулийн төсөлд Улаанбаатар хот нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаатай холбоотой онцлог асуудлуудыг зохицуулсан заалтуудыг шинээр оруулжээ. Бусад орнуудын хувьд нийслэл, хот хоёр нь ялгаатай байдаг. Манай улсын хувьд нийслэл нь Улаанбаатар хот байна гээд шууд заачихсан учраас нийслэл, хот гэсэн хоёр статусыг ялгах боломжгүй. Харин хуулийн шинэчилсэн төсөлд Улаанбаатар хот нийслэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх талаар тусгаж өгснөөрөө оновчтой болсон. Түүнчлэн эл хуулийн төслөөс анхаарал татаж байгаа нэг зүйл бол нийслэлийн иргэн татвар төлөх явдал юм. Хүн ам өсч, шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан оршин суугч татвар төлөх ёстой гэж үзжээ. үүнийг зохицуулахдаа хотын төвийн нэг, хоёрдугаарт бүсэд оршин суудаг бол татвар өндөр, харин захын хэсэг буюу гэр хороололд оршин суугч арай бага татвар төлнө хэмээн заасан аж. үүнийг сонсоод хүмүүс их дургүйцэж байсан. Гол нь татвар төлснөөр эргээд иргэдийн амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх юм гэдгийг зүйл, заалтаар нь нарийвчлан тодорхойлж өгөх ёстой. Бусад улс орнуудын жишгээр бол зэрэглэлээсээ шалтгаалан нийслэлийн иргэд нь татвар төлдөг юм билээ. Тиймээс иргэд татвар төлөхөд буруудах зүйлгүй. Хөгжингүй орнуудын хот байгуулалтын туршлагаас харахад хот байгуулалт, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг хангах 20-30 хууль байдаг юм билээ. Харин манай оронд эдгээртэй ижил төстэй долоон хууль үйлчилж байна. Хууль эрх зүйн дутуугаас үүдэн гарах сөрөг зүйл нь хот эмх замбараагүй хөгжихийн үндэс гэж үздэг.

Өнөөдөр манайд нийслэлийн харилцааг зохицуулах 120 гаруй хуулиас 20-иод нь өдөр тутамд мөрдөгдөх шаардлагатай байгаа. Харин эдгээр хуулиудаас хамгийн амин судас болох гол хууль нь “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” юм. Тиймээс энэ хуулийг батлах гэж яарах биш долоо хэмжиж нэг огтолбол “өеөдсөн” хотоо бид аварч чадна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлтээс их зүйлийг иргэд хүлээж байгаа. Тухайлбал нутгийн удирдлага зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулчихвал өсөн бие даасан хоттой болж зохион байгуулалтад шилжих, нийслэлийн парламенттай болох, нийслэлийн Засаг даргыг иргэд сонгох боломж бүрдэнэ.

Б.Ариунзаяа


URL: