Владимир Путин: АНУ Сири рүү дайрвал бид хамгаална
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирид болж буй нөхцөл байдал, АНУ болон түүний холбоотон орнууд довтлох гэж байгаа талаар товч тодорхой байр суурь илэрхийлсэн сонирхолтой ярилцлага “cbsnews.com” сайтад өгснийг товчлон хүргэж байна.
-Сири улс химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр АНУ болон холбоотон орнууд нь дайралт хийхэд бэлэн болоод байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Химийн зэвсгийн мэргэжилтнүүд саяхан Сирид очоод, дээж авсан. Гэвч АНУ-ын тал өөрийн холбоотон орнуудтай хамтран Сирийн газар нутаг руу дайр өдөр шөнөгүй мэдээлэл цацаж байна. Шинжилгээний хариу хаашаа алга болчихсон юм бүү мэд. Энэ тал дээр бүгд таг чиг болчихлоо. Сирийн армийн эсрэг довтлох, цэргийн ажиллагаа явуулах эцсийн шийдвэрийг баталсан гэж дууллаа. Конгрессийн гишүүд нь ч санал нийлсэн бололтой. Гэвч тэнд манай улсын энгийн номхон иргэд байсаар байна. Бид эхний бөгөөд эцсийн удаа АНУ-д анхааруулга өгч байна. Сири улс руу дайрах шийдвэрээсээ буц. Химийн зэвсэг хэрэглэсэн эсэх нь баталгаатай болоогүй байхад тэд ийнхүү дайрах, цохилт өгөх гэж байгаа нь маш буруу сонголт. Угаасаа ч дайрах хангалттай шалгаан биш гэдгийг бид бүгд мэдэж байгаа.
-Удахгүй Санкт-Петербург хотноо “Их-20”-ийн уулзалт болно. Б.Обама уулзах хүсэлгүй байгаа талаар мэдэгдсэн байсныг та юу гэж бодож байна?
-Уулзалт болоогүй байна. Шийдвэр гаргахад битгий яарч бай. Мөн хэвлэлийнхэн ч дэлхий нийтэд буруу ойлголт өгөхөө зогсоо. Сирийн нөхцөл байдал хүнд байгаа нь ойлгомжтой. Гэвч АНУ-ын хувьд өөрийнхөөрөө зүтгэсээр байх юм бол ямар асуудалд унадгийг түүх батална. Олон улсын хууль журмын дагуу аливаа нэг улс орон руу гадны цэрэг хүчин нэвтрэх гэж байгаа бол олон улсын зүгээс 50-иас дээш хувиар санал нь дэмжигдсэн байх учиртай.
-АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Керригийн хийсэн мэдэгдэлд ямар хариу хэлэх вэ?
-Би түүнийг баримт нотолгоогоо гаргаж ирээд ярихыг хүсэж байна. Битгий худал зүйл ярьж бай гэж хэлмээр байна. Ер нь түүнийг ажиглаад байхад их худалч нөхөр байх шиг санагдсан. Ярьж байгаа зүйлдээ эзэн нь болж, баримтад тулгуурлаж ярих ёстойг анхааруулж хэлмээр байна. Сирийн хувьд “Химийн зэвсэг үү, химийн бохирдолт уу” гэдгийг ялгаж, салгах учиртай. Дараа нь тус улсын хил рүү нэвтрэх, цэргийн бие бүрэлдэхүүнээ оруулах талаар ярилцах нь зөв байх.
-Сирийн нөхцөл байдлын талаар та хэрхэн дүгнэж байна вэ. Үнэхээр Сирид химийн зэвсэг хэрэглээгүй гэдэгт та бат итгэлтэй байгаа гэж үү?
-Энгийн зэвсэгтэй цэрэгүүдийн эсрэг бүхэл бүтэн улсын армийн бие бүрэлдэхүүн зогсож байж химийн зэвсэг хэрэглэнэ гэж үү. Би л лав эргэлзэж байна. Магадгүй үүнийг дахин бодож үзэх хэрэгтэй байх. Би өмнө нь ч хатуу байр суурь илэрхийлж байсан. Химийн зэвсгийн дайралт нь өөрөө их хор хөнөөлтэй. АНУ ямар ч нөхцөлд НҮБ, олон улсын зөвшөөрөлгүй Сири улс руу дайрахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол хууль бус үйлдэл.
-ОХУ Сирийн армид зэр зэрэвсгийн тусламж үзүүлэх үү?
-Үүнийг би үгүйсгэхгүй. Би та бүхэнд нэг баримт, факт дээр тулгуурлан хачирхалтай зүйл ярьж өгье. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр урьд өмнө нь ямар ч цэргийн ажиллагаа, дур мэдсэн алхам хийсэн түүх байхгүй. Мэдээж хэрэг Дэлхийн II дайны дараа шүү дээ. Ямар ч дарамт шахалт, хүний эрхийг зөрчсөн гэх мэт шалтгаанаас болж бүрэн тусгаар тогтносон улс орны дотоод асуудалд орохгүй байсаар ирсэн. Үүнийг түүх гэрчилнэ. Мэдээж баримт нотолгоо хангалттай гэж үзээд тус улсад ямар нэг цэргийн алхам хийхээр бол өөр хэрэг.
-Сирид байгаа иргэдийн талаар ямар тайлбар хийх вэ. Тэднийг Сирийн нутаг дэвсгэрээс гаргах боломжгүй юм уу?
-Бид энэ талаар ажиллаж байна. Мөн бид зарим зүйл дээр маргалддаг. Бид чинь хүн учир уурлаж уцаарлах зүйл гар ч л байдаг. Гэхдээ бид бүх зүйлийг хэвэнд нь оруулах гэж оролдсоор байна. Ер нь олон улсын хамтын нөхөрлөл, үзэл бодол, эрх ашиг хэзээ нэгэн цагт сайн үр дагаварыг авчирсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Олон улсын хамтын ажиллагаа, нөхөрсөг харьцааны суурийг тавьсан хүнд талархаад баршгүй. Сирийн нутаг дэвсгэрт байгаа манай улсын иргэдийн аюулгүй байдлыг Сирийн эрх баригчид хариуцаж байсан. Харин өнөөдөр энэ байдал алдагдах цагт бид иргэдийнхээ арх ашиг, амийг хамгаалах болно. Сирийн газар нутагт манай улсын иргэд хөдөлмөрлөж, амьдрах боломжгүй юм уу. Тэгвэл манай улсад амьдарч байгаа гадны иргэдийг бид тоож үзэхгүй, тухайн орны эрх баригчийг шууд л хөнөөнө, ардчилал тогтооно гээд дайраад байвал хэцүү шүү дээ.
-Б.Обама та хоёрын харилцаа Э.Сноуденаас болж тааруу болсон. Та хүлээн зөвшөөрөх үү?
-Энд хэн нэгэн нь хүлээн зөвшөөрөхийн тулд эсвэл хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд байгаа юм биш. Хоёр ул-сын харилцаанд бага зэргийн үл ойлголцол бий болсон нь үнэн. Э.Сноуден гэгч нөхөр улсынхаа талаар ямар нэг нууц задруулахгүй байх нөхцлөөр манай улсаас түр орогнох зөвшөөрөл авсан. Түүнийг энд байлгах уу, үгүй юу гэдгийг би мэддэггүй. Энэ шийдвэрийг ОХУ гаргасан. Өөр тайлбар хэрэггүй.
-Та АНУ-ын холбоотон орнууд Сирид дайралт хийх шийдвэрийг дэмжиж байгааг юу гэж үзэж байна?
-Сири улс бол манай холбоотон. Бид ч өөрсдийн үзэл бодол, ашиг сонирхлоороо иймэрхүү байдал үүсгэж болно. Сири улсад хэдэн холбоотон орон байдгийг та мэдэх үү. Үнэхээр их. Агаар, газар гээд л бүхий л талаар Сирийг холбоотон орон гэсэн үндэслэлээр хамгаалж өмгөөлж болно. Гэвч бид олон улсын хууль, журмыг дагадаг. Олон улсын хүчин зүйл, шийдвэр бүхний тэргүүнд байх учиртай. Тиймээс л олон улсын хамтын нийгэмлэг маш богино хугацаанд хүчирхэг болсон юм. Одоо бид ийм зүйл ярих цаг уг нь биш. Сирийн иргэний дайныг олон улсаас хэрхэн зогсоох талаар зөвшилцөлд хүрэх хэрэгтэй.
Б.Баатар
URL: