Засгийн газрын рэйтинг
Засгийн газрынхаа рейтингийг өндөр байгаа тухай албаны хүмүүс өдөр алгасахгүй шахам мэдээлэх аж. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засаг өсч, амьдрал сайжирсаар байгаа ухааны юм яриад хээвнэг сууж байгаа бол Эдийн засгийн хөгжлийн сайд нь удахгүй бүх юм сайхан болох мөрөөдлөө дэлгэв. Түүний ярьснаар бол Монгол Улс нэг л өдөр экспортлогч орон болж, валют гээч юмыг багсайтал авч ирдэг болно. Тэр цагт америк долларын ханш өсөхгүй, ард түмэн ч бухимдахгүй болох юмсанж. Байгалийн баялгийн барагдашгүй их үүцтэй Монгол Улсад ийм цаг хэзээ нэг өдөр ирж л таарах байх. Харин өнөөдрийн тухайд мөрөөдлөөр мөнгө босгохгүй учраас илүү бодит бөгөөд шуурхай арга хэмжээ авахыг амьдрал шаардаж байна.
Удахгүй ердөө 10 хоногийн дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Уг чуулганаар эдийн засагт амь тариа болох хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч үр дүнд эргэлзэх хүмүүс бас байна. Асуудал чуулгандаа бус засгийн бодлогод байгаа аж. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газар амиа авч гарахыг л бодохоос бус асуудлыг зохицуулах тодорхой саналыг ээлжит бус чуулганд оруулж ирнэ гэдэгт эргэлзэж байна. Ээлжит бус чуулган болох өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японд айлчлаад ирсэн байх юм. Энэ айлчлалын гол зорилго буюу Эдийн засгийн хөгжлийн сайд Б.Батбаярын хэлснээр “их хэмжээний” зээл нь бүтчихвэл ээлжит бус чуулганд бас ч гэж нүүр тахлах юмтай орж ирнэ гэсэн үг. Яг хэдий хэмжээний иенийн зээл авах гэж буйгаа Эдийн засгийн хөгжлийн сайд огт мэдэхгүй байгаа ч энэ сарын 9-11-ний өдрүүдэд Японд хийх айлчлал зөвхөн Засгийн газрын төдийгүй улс орны хувьд онцгой ач холбогдолтой айлчлал болох нь. Уг зээл орж ирснээр юуны өмнө валютын ханш тогтворжих тул хүндэрсэн эдийн засагт “амь тариа” болно. Японы Засгийн газар ирээдүйд эрчим хүчний эх үүсвэр авч болох улс орнуудад найр тавих бодлого барьж буйгаас харвал “фортуна”-гийн хүссэн “их хэмжээний зээл” бүтэх магадлал өндөр. Яг чухамдаа Наран Улсад өнгөрүүлэх нарлаг өдрүүдээ хүлээзнээд эрх баригчид ээлжит бус чуулганыг хойшлуулсан байх магадлалтай аж. Эдийн засгийг тэтгэх их хэмжээний зээл аваад ирсэн Н.Алтанхуягийг хэн тэгтэл загнаж зүрхлэх билээ дээ. Ингэж л тооцоолжээ. Гэвч эдийн засгийг хүндрүүлэхгүй, иргэдийнхээ амьдралыг тэтгэх талаар өнгөрсөн хугацаанд юу хийв…? “Шинэчлэлийн” Засгийн газрын яг нэг жилийн ойтой давхцах ээлжит бус чуулганаар өнгөрсөн хугацааных нь ажлыг дүгнэж таарна. Жилийн жилд сүр дуулиантайхан болдог “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын 2013 оных өчигдөр эхэлсэн ч ийм үйл явдал болоогүй мэт нам гүм байна. Монголын Засгийн газрын бодлого тодорхой бус, Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийн төслөө ч гаргаагүй нөхцөлд хөрөнгө оруулагчид алсаас зүгээр л ажиглахаар шийдсэн бололтой. Тэд өнөөдөртөө Монголд хөрөнгө оруулахыг хүсэхгүйгээр барахгүй санал бодлоо илэрхийлэх ч хүсэлгүй болсон мэт. Өнгөрсөн жилийн чуулганд 1500 төлөөлөгч оролцож байсан бол өнөө жилийнхэд үүний гуравны нэг хүрэхтэй үгүйтэй нь хүрэлцэн иржээ. Чуулга уулзалтыг ивээн тэтгэх гэж компаниуд өрсөлддөг байсан бол өнөөдөр анх удаа ивээн тэтгэгчгүй болж байна. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган ийм дүр төрхтэй болж байна гэдэг Засгийн газрын ажлыг дүгнэх том шалгуур биз ээ. Засгийн газрын сайдууд юухан хээхнээр ч болов өөрсдийгөө дөвийлгөн сурталчлах ажлыг л хийснээс бус бодлого гаргаж ажилласангүй. “Шинэчлэлийн” Засгийн газар өмнөх бүхнийг үгүйсгэхийн оронд ололт амжилт дээрээ тулгуурлаад оновчтой өөрчлөлт хийсэн бол өнгөрсөн нэг жилд олон зүйл тодорхой болох байв. Хамгийн наад зах нь уул уурхайн хөгжлийн тэсрэлт эхэлсэн гэмээр үр дүнг баллуурдаж болохгүй байв. Дэлхий нийт, тэр дундаа урд хөршийн эдийн засгийн асуудлууд нөлөөлсөн нь үнэн. Гэхдээ Монголын Засгийн газрын бодлого оновчтой байсан бол их ажлын улирал ийм нам гүм, хүлээлт, хүсэлд дарагдаастай өнгөрөхгүй байв.” Шинэчлэлийн Засгийн газар ганцхан жилийн дотор 1700 км зам тавилаа” гэж Зам тээврийн сайд А.Гансүх ичихгүй туух аж. Гэтэл өнөөгийн эрх баригчид өрөөсөн гар хөл нь болж байсан өмнөх хамтарсан Засгийн газар дөрвөн жилд 1300 км зам тавьсан гэнэ. Өмнөх засгийн үед ажил нь эхэлчихсэн замуудыг өнөө жил “Чингис” бондын мөнгөнөөс хүч сэлбэж дуусгасан л хэрэг. Саяхан Н.Алтанхуяг нарын улаан тууз хайчилсан Арвайхээр, Баянхонгорын замын ажил өмнө явж л байсан. Үнэндээ энэ мэт өөрсдийгөө дөвийлгөн магтах өвчин туссан сайдууд өөр ажлын тухай бодож ч чаддаггүй мэт. Уг нь ажлаа л сайн хийвэл өнөөдөртөө магтаал, сайшаал онцын шаардлагагүй л баймаар. Маргааш ямар сонгууль болох гэж байгаа биш дээ. Засгийн газрын рейтингээс доош чангаах нэг “но”-той ажил бол тавдугаар цахилгаан станцын тендер. Бөөн будилаан хутгасан нь илэрхий уг тендерийн үр дүнгийн талаар албаныхан мэдээлээгүй л байна. Тендерт ялсан консерциумыг шалгаруулахад ямар нэгэн будилаан оруулаагүй гэдгээ ард түмний өмнө болон шударгаар ялагдаагүй хэмээн үзэж буй Солонгосын “Самсунг” корпораци тэргүүтэнд тайлагнах хэрэгтэй гэсэн үг. Асуудал шинээр барих цахилгаан станцад ямар зуух тавих вэ гэдэг сонголтын асуудлаас үүдсэнийг уншигчид санаж буй биз ээ. Өнөө ялсан гэх консерциум Солонгосын “Хьюндэй”-гээс зуухаа авах болзолтой. Харин ялагдсан гэх консерциум нь хэдэн арван жил улс орнуудын цахилгаан станцуудад зуух нийлүүлж ирсэн найдвартай газраас нийлүүлэх санал өгсөн. Гэвч тендерийн комисс шинэ тутам зуух үйлдвэрлэгчийг сонгочихов. Ингээд л асуудал үүслээ. Хэрвээ тавдугаар цахилгаан станцад найдваргүй зуух суурилуулбал Улаанбаатар хөлдөнө гэсэн үг. Эрчим хүчний ирээдүйн найдвартай ажиллагаатай холбоотой эл асуудал “шинэчлэлийн” Засгийн газрын ширүүн харцанд ширвүүлээд л өнгөрөх вий гэдгээс болгоомжлох шалтгаан энэ. “Чингис” бондын чимээ юу болж байна вэ. Засгийн газар энэ асуудлаарх тайлангаа даруй, нэн тодорхой тавихгүй бол хардалт, сэрдэлт хүчээ авсаар, үүнээс болж нэр хүнд нь ч уруудсаар байх нь. Тодорхой зарим асуудлаар тоймлоход “шинэчлэлийн” хэмээх сүржин нэртэй ч даржин үйл ажиллагаатай Засгийн газрын ажил иймэрхүү л байна.
Т.БУД
URL: