Беларусь Улсад зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй боллоо
Энгийн паспорттай иргэд Бүгд Найрамдах Беларусь Улсад зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй боллоо. Өөрөөр хэлбэл бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм.
Энэхүү “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болсон тухай талууд дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
Монгол Улс одоогоор нийт 16 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
URL: