Рио Тинто-гийн өмнө бид дуулгавартай байх албагүй

rio-tinto-logoМонголчууд ханилх яваад нөхрөө гэлцдэг. Жудаг журмын тухай сануулга л даа. Эх орны баялаг биднийг Рио Тинто хэмээх шинэ түнштэй болгосон. Дэлхийд нэр алдартай компани юм гэнэ лээ. Тэр хэрээрээ бизнесийн ёс зүйтэй, хаана ашигт малтмалын том орд нээгдэнэ, тэнд нэр нь дуулдаж явдаг компанийн хувьд тухайн орныхоо усыг нь уувал ёсыг нь сахих дадал, төлөвшилтэй хэмээн бодож явлаа. Оюутолгой бол том бүтээн байгуулалт. Тэнд асар их баялаг буй. Эрдэнэтээ бид саалийн үнээ гэж нэрлэдэг. Тэгвэл тэнд долоон Эрдэнэттэй дүйхүйц хэмжээний алт, зэс, мөнгө байна. Оюутолгойг байгуулж бүтээж байгаа нь тэд ч баялаг нь манайх. Тийм болохоороо монголчууд 34 хувийг нь эзэмшдэг. Ингэхээр энэ бол хамтарсан үйлдвэр. Хамтарна гэдэг нэг зорилго, нэг дуу хоолой. Рио үүнийг мэдэхийн дээдээр мэддэг байж таарна. Монгол маань жижигхэн. Том орд газрыг дангаар эзэмших туршлага, хөрөнгө хомс. Гэхдээ энэ нь биднийг Рио-гийн өмнө дуулгавартай байх шалтгаан болохгүй.

   Оюутолгойн далд уурхайн төсөл зогссон. Монголчуудаас болж энэ төсөл  зогсч байна хэмээн тэд дэлхийгээр нэг пиардаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монголоос дайжуулж, монголчуудыг чих зөөлөнтэй байлгахад сургах бололтой. Хамтарч явсан нөхрөө ийн золигт гаргаж, гарман дээр “түгжилдэх” гэж яарлаа. Хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн ТУЗ-д Монголыг төлөөлж байгаа гишүүн П.Цагаан ярилцлага өгчээ. Халуун тогоонд нь хэлэлцэж, хэрэлдэж явсан хүний хувьд түүний үг үнэний гэрч болох учиртай. Түүний ярилцлагаас ишлэл хийе.

    “Рио Тинто төслийн санхүүжилт босгож байгаа нөхцөл дотор Монголын тал яагаад ч хүлээж авахын аргагүй, Хөрөнгө оруулалтын гэрээтэй зөрчилдсөн зүйл байгаа. Олон өнцөгтэй, булан тохойтой зураг зурчихаад “Үүнийг заавал дугуй хэлбэртэй байна гэж хар” гэж шахахтай агаар нэгэн нөхцөл тулгаад байгаа нь нууц биш. Түүнийг нь хүлээж авахгүй болохоор Монгол гэж ийм муухай улс байдаг гэсэн утгатай хар Пи Ар-т гар татахгүй байхыг нь бодоход Рио Тинто давхар тоглолт хийж байгаа бололтой байна” гэжээ. Тэрбээр цааш нь “Рио Тинто Оюутолгойгоос, тодруулж хэлбэл, гүний уурхайгаас хүртэх ашгаа нэмэгдүүлэхийн тулд хоёр талд шатар тоглож байгаа нь нууц биш. Тэдний бодлыг буруутгах аргагүй ч хөлдөө манай улсын нэр хүндийг чирч, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээлцэхэд хувь нэмэр оруулж байгаад нь үнэхээр харамсч байна. Яг үнэндээ бол шүүх дээр өнөөдөр очвол Рио Тинто шууд л ялагдана” гэж онцолсон байна билээ.

    Оюутолгой дахь манай талын 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Ц.Сэдваанчиг харин энэ асуудлын тухайд “Товчдоо энэ улсад хэдэн үе дамжсан өр ачаалж, барьцаалах нөхцөлүүд тулгаж байгаа” гэжээ. Учир мэдэх хүмүүс ийн ярьж байна. Энэ янзаар бол Монголыг өрийн барьцаанд  үлдээгээд өөрсдөө баялагаа аваад явах юм байна л даа. Оюутолгойн асуудлыг өнгөрсөн хоёр дугаар сарын 1-нд УИХ-аар нээлттэй хэлэлцсэн. Бүрэн эрхт улс өөрийнхөө дотоод асуудлыг ийн хэлэлцсэн нь “Рио Тинто”-гийн уурыг хүргэж, уушгийг сагсалзуулсан юм байх. Түүний дараахан хоёрдугаар сарын 6-нд болсон Хувь нийлүүлэгчдийн хурал дээр тэдний нөлөө бүхий дарга нь “Цаашид нэг ч ам.доллар нэмж оруулахгүй, өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ” гэж албан ёсоор мэдэгдсэн гэдэг. Хэнийгээ ярьж, юугаа хэлэлцэх нь бидний хэрэг биш үү. Аль эсвэл бид тэднээс асуух хэрэгтэй юм уу. Харамсалтай нь далд уурхайн төсөл зогссонд хөөрхий муу Засгийн газраа газар доогуур ортол муу хэллээ, харааж зүхлээ. Учир шалтгааныг нь мэдэхгүй хэрнээ буруутны эрэлд дандаа өөрийнхнийгөө нэрлээд сурчихсан юм байна, бид. Ийм үед л харин монголчууд эе эвээ нэгтгэж, нийтийн эрх ашгийн төлөө нэг дуу хоолойтой байх учиртай бусуу.

    “Хүний хүн хүрэн бөөртэй” гэсэн монголчуудын нэг сайхан сануулга байдаг. Үүнээс илүү үнэн гэж юу билээ. Оюутолгойд хэдэн мянган хүн төвлөрсөн сайхан хот сүндэрлэнэ гэхчлэн сайхан үлгэр яригддаг байлаа. Хэзээ нэгэн цагт тэндэх баялаг дуусахад Монголын говийн тэр уудам дайд хэдэн сэндвичин байшин, тостой төмрөөс өөр юм үлдэх үү. Хэн нэгэн Жорж, Иван, эсвэл Ван ах ирээд Монголыг хөгжүүлнэ гэж лав үгүй. Үүн лүгээ Рио Гинто-гийн хувьд газар доорх баялгийг нь авах л ганцхан зорилго бий. Тэдний эрх ашиг нь энэ. Гэсэн хэрнээ баялгийг нь хүртэх мөрөөрөө хүртэхгүй, Монголыг маань буланд шахах гэсний хэрэггүй л байхгүй юу. Дургүй бол, хөрөнгө санхүү чинь хүрэлцэхгүй бол далд уурхайгаа ашиглахгүй байж болно ш дээ. Үүнийхээ төлөө Монголын нэрийг шороотой хутгах хэрэг ерөөсөө байхгүй. Эл асуудалд Монголын тал харин ч хүлээцтэй хандаж байгаа юм билээ. Хамтарсан үйлдвэр боловч далд уурхайн ажлыг зогсоож, олон хүнийг ажлаас халах шийдвэрийг Рио Тинто дангаараа гаргасан. Энэ лав бизнесийн соёл, ёс жудаг биш. Ингэснээрээ 34 хувийг нь эзэмшиж байгаа монголчуудыг дорд үзсэн дээрэнгүй хандлага гэж анзаарагдаж байна.

    Эх нутагт нь, энэ ард түмний баялгаас хүртэж байгаагаа санаж бидэнд бас хүндэтгэлтэй хандах учиртай баймаар. Ирэх өдрүүдийн нэгэнд далд уурхайгаа нээхгүй юм шиг, эргээд уулзахгүй улаан нүүр шиг авирлаж байгаа чинь шог харагдаж байна.  Монгол бол Африк биш, тэндэх хувилбар энд тохирохгүй. Байгалийнх нь баялгаар баяжиж холжиж байгаа болохоор Монголыг маань бурханд даатгахгүй ч буян санаж явах учиртай баймаар.


URL:

Сэтгэгдэл бичих