Ойрхи дорнодыг АНУ-тай холбоогүйнх нь төлөө Б.Обама Сирид цохилт өгнө

Сирийн дайн бол угтаа мусульман шашинтнуудын хоорондын зөрчил юм. Сирийн эрх баригчид нь шийтүүд, харин босогчид нь сунит. Башар ал Ассадыг дэмжиж байгаа Ираны засаг захиргаанд мөн л шийтүүд бий. Энэ мэтчилэн үргэлжлүүлээд байвал Ойрхи Дорнодод он удаан жил үргэлжилж байгаа сунит, шийтүүдийн хоорондох дайсагналцал илүү тод харагдах болно. Гэхдээ Барак Обама яагаад үүнд хутгалдахыг хүсэв гэдэг сонирхолтой асуулт. Тэрбээр энх тайван тогтоохын төлөө дайнд оролцоно гэх маягийн тайлбар хийсэн. Гэвч цаана нь өөр сонирхол нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгвэл Сири улсын газар зүй болон геополитикийн  ямар давуу тал нь америкчуудад хэрэгтэй вэ гэдгээс эхлэх нь зүйтэй. Түүнчлэн өөр бусад оронд хийж байсан Америкийн цэргийн ажиллагаанууд ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээс “энх тайванч” Ерөнхийлөгчийн цаад зорилгыг харж болох юм.

 

БАРАК ОБАМА ЮУ ХИЙВ

 

Америк бол ардчилсан орон. Тиймээс Б.Обама Сири рүү довтлохоосоо өмнө олон хүний дэмжлэгийг авсан байх ёстой. Түүнийг анх энэ тухай ярьж эхлэх үед АНУ-ын Бүгд найрамдах намынхан эрс эсэргүүцэж байв. Гэвч Б.Обама өчиг­дөр Төлөөлөгчийн танхим дахь намуудын гол төлөөлөгчидтэй уул­заж, тэднийг ятгаж чаджээ. Бүгд найрамдах намынхан хүртэл Б.Обамаг дэмжиж гар өргөхөө амалсан. Ямартай ч удахгүй энэ асуудлын хүрээнд АНУ-ын Се­нат, Төлөөлөгчийн танхим дээр санал хураалт явуулах юм. Гэх­дээ тэнд дэмжигдлээ ч НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр цэргийн ажиллагаа явуулах нь хуулийн дагуу байж чадах уу. Энэ асуултад НҮБ-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Үгүй” гэж хариулсан бол Б.Обама “Боломжтой” гэжээ. АНУ-ын талаас Сири рүү цэргээ оруулах саналыг гурван удаа гаргаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр оруулсан. Гэвч тухай бүрт нь Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Орос дэмжихээс татгалзаж, Хятадын эрх баригчид оросуудын талд гараа өргөж байсан юм. Харин энэ бүгдээс үл хамаарч Газар дундын тэнгист байрлаж буй таван эсминец онгоц бүхий цэргийн флотоос Сирийн агаарын хилийн ойролцоох талбай руу тагнуулын онгоцоо илгээсэн байна. Мөн цохилт өгөх 30-40 объектийн байрлалыг тодорхой бол­госон гэж байгаа. Б.Обама Си­рийн эрх баригчдад агаараас цо-хилт өгөх санал гаргасан. Түүний дагуу Сирийн хилийн ойролцоо Америкийн байлдааны онгоцнууд тушаал хүлээн зогсож байгаа юм.

 

СИРИД ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ

 

Америкийн эрх баригчдын хэлж буйгаар бол тэдний шийдвэрийг өөрчилсөн зүйл нь НҮБ-ын мэдээлэл. Иргэний дайнаас болж Сирээс хоёр сая хүн дүрвэн гарсан тухай НҮБ-аас зарласан. Энэ нь тус улсын хүн амын 10 хувьтай тэнцэнэ. Мөн 20 жилийн өмнө Афганистанын дүрвэгсдийн тоо ийм хэмжээнд хүрч байв. Үүнээс гадна Сирийн хилээр гараагүй боловч орон гэргүй болсон 4.25 сая хүн байгаа аж. Өнгөрсөн сарын 21-нд Сирийн эрх баригчид болон босогчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр 1700 орчим хүн амиа алдсан нь аль нэг тал нь химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой юм. НҮБ-ын шинжээчид ч үүнийг нотолж байна. Гэхдээ аль тал нь вэ гэдэг нь тодорхойгүй. Башар ал Ассад “Тэр мөргөлдөөний үеэр манай олон цэрэг амиа алдсан. Бид химийн зэвсэг ашиглаагүй” гэсэн юм. Мөн Сирийн босогчид Саудын Арабаас химийн зэвсэг авч, түүнийгээ болгоомж алдан задалснаас болж олон хүн амиа алдсан тухай “Ассошэйтэд прэсс” агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн хугацаанд Сирийн босогчдод барууны орнууд зэвсгийн тусламж үзүүлж байсан. Мөн босогчдын зарим нь “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой хүмүүс байдаг гэх. Тэгэхээр америкчууд “Миний дайсны дайсан бол миний нөхөр” гэдэг зарчмыг баримталж, “Аль Кайда”-тай бодсон хуучин тооцоогоо мартагнаж байгаа бололтой. Харин Б.Обама Сирид агаарын цохилт өгөх шийдвэр гаргасны дараа Сирийн арми байрлалаа өөрчилжээ. Цэргийнхэн нь энгийн иргэд амьдарч буй бүс нутагт ойрхон байрлаж байгаа тухай “Ассошэйтэд прэсс” мэдээлсэн юм.

 

СИРИ УЛСЫН ГЕОПОЛИТИКИЙН ДАВУУ ТАЛ

 

Катар улсын эрх баригчид Си­рийн босогчдыг дэмжиж, гур­ван тэрбум ам.долларын санхүүжилт өгсөн. Саудын Араб мөн л маш их хэмжээний мөнгийг босогчдод зориулж байгаа. Үүнийг байгалийн хийн хоолой байгуулах зорилготой нь холбон тайлбарлаж болно. Энэ хоёр улс байгалийн хий ихтэй. Түүнийгээ Йордон, Сири, Туркээр дамжуулан Европ руу гаргах сонирхолтой. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассад 2009 онд тэдэнд “Үгүй” гэх хариултыг өгч байсан юм. Тэрбээр Сирийн газар нутаг дээр байгалийн хий дамжуулах хоолой барихыг зөвшөөрөөгүй. Үүнээс болж Персийн булангийн баялгаас европчууд хүртэхэд төвөгтэй бол­сон. Оросууд ч үүнд нь талархдаг. Учир нь Оросын төрийн мэдлийн “Газпром” Европын зах зээлд ноёрхсоор байна. Тэгвэл Башар ал Ассадын эрх мэдэл хумигдахтай зэрэгцээд өнгөрсөн долоо хоногт Катарын төлөөлөгчид Туркын эрх баригчидтэй уулзаж, байгалийн хийн хоолой байгуулах гэрээг үзэг­лэв. Одоо тэдэнд Башар ал Ассадын шийдвэр төдийлөн хамаагүй бололтой.

Сирийн хувьд газрын тосны олборлолтоороо олон улсын хэм­жээнд төдийлөн дээгүүрт жагсдаггүй. Гэхдээ хөрш орнууд нь болох Саудын Араб, Иран, Ирак, Кувэйт, Египет, Арабын нэгдсэн Эмират улс, Катар зэрэг нь асар их баялагтай. Ойрхи Дорнодын эдгээр орон баялгаа хуурай газраас дамжуулан зах зээлд гаргахын тулд Сири, Туркийн нутаг дээгүүр дайран өнгөрөхөөс өөр аргагүй. Товчхондоо бол Сири Ойрхи Дорнод дахь хамгийн ашигтай байрлалтай улс юм. Гэтэл Сирийн одоогийн эрх баригчид хэзээнээсээ л Оросд талархалтай хандаж, АНУ тэргүүтэй барууны орнуудад нааштай царай харуулж байсангүй. Газар зүйн байрлалынх нь төлөө Украйнд Жүржийн хувьсгалыг хийж байсан америкчууд энэ удаа Сирийг сонгосон шалтгаан нь энэ ч байж болох юм.

Сирийн газрын тосны олбор­лолт жил ирэх тусам буурсан. Тус улс 2010 онд 367.1 мянган баррелийг олон улсын зах зээлд нийлүүлж байсан бол өнгөрсөн онд 157 мянга болгожээ. Энэ нь газрын тосны ханшид аль хэдийнэ нөлөөлж эхэлсэн хэмээн шинжээчид дүг­нэдэг. Гэтэл одоогийн эрх баригчидтай нь найрсаг харилцаж чаддаггүй америкчууд өнгөрсөн хугацаанд босогчдыг дэмжиж, хэд хэдэн удаа зэвсгийн тусламж үзүүлсэн. Угтаа бол энэ нь дайн хурдхан дуусч, засаг нь солигдож, Сирийн төрд АНУ-тай түншилдэг улс төрийн хүчин гарч ирэх нь ашигтай гэж үзсэнтэй холбоотой байж болох юм. Гэхдээ үүний төлөөс нь асар их байх нь дамжиггүй. Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассад “Цэргийн ажиллагаа явуулбал бүс нутгийн дайн үүсэх эрсдэлтэй” гэсэн нь хоосон үг биш юм.

 

АНУ-ЫН ИРАК, АФГАНИСТАН ДАХЬ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА

 

Барак Обама Төлөөлөгчийн танхимын гишүүдтэй уулзах   үеэрээ үеэрээ “Энэ бол Ирак, Афганистан биш” гэсэн юм. Түүнийхээр бол энэ нь Ирак, Афганистаных шиг урт удаан үргэлжлэхгүй аж. Гэхдээ Жорж Буш ч бас ингэж л хэлж байсан. Нью-Йоркийн их цамхгийг нураасан есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Афганистаны террорист бүлэглэл болох “Аль Кайда”-г устгах нь амьдралынх нь зорилго мэтээр тайлбарласан хүн бол Ж.Буш юм. Мэдээж хэрэг тэр АНУ-ын засаг захиргааг төлөөлж байсан. Гэтэл өнөөдөр тус улс “Аль Кайда”-гийнхантай түншлэх аж. Ямар ч гэсэн 2001 онд эхэлсэн энэ дайн 11 жил үргэлжилсэн юм. Энэ дайны уршгаар олон арван мянган цэрэг болон энгийн иргэн амиа алдсан билээ. Мөн Афганистаны 5.7 сая иргэн эх орноосоо дүрвэж, 547 мянган хүн орон гэргүй болсон тухай НҮБ-аас мэдээлсэн. 2001 оноос хойш Афганистанд хар там­хины наймаа өргөжиж, олон улсын нийт зах зээлийн 90 хувийг тус улс дангаараа бүрдүүлэх болжээ. Эцэст нь Афганистан улс АНУ-ын цэргийн бааз болж хувирсан.

Ирак ч мөн адил. Саддам Хуссейнийг цөмийн зэвсэг үйлд­вэрлэж байна хэмээн хардсан америкчууд Ирак руу дайрсан. Гэвч дайн дууссаны дараа тэндээс хэн ч ямар ч цөмийн зэвсэг олоогүй юм. Энэхүү цэргийн ажиллагаа 2003 онд эхэлж, түүнээс хойш найман жилийн дараа албан ёсоор эцэслэсэн гэдэг. Тэр хооронд АНУ-ын 4.5 мянган цэрэг, Иракийн 60 орчим мянган иргэн амиа алджээ. Иракийн дайн дууссаны дараа тус улсын иргэдийн дунд явуулсан санал асуулгаар тэдний 68 хувь нь АНУ-ын эсрэг байгаагаа мэдэгдэж байсан юм. Өнөөдөр Иракийн улс төр тогтвортой болж чадаагүй байна. Гэхдээ энэ улс АНУ-ын байгалийн баялгийн бааз болсон гэдэгтэй шинжээчид маргадаггүй.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих