Хадлан тэжээлийн бэлтгэл 45 хувьтай байна
Намаржилт, хадлан тэжээл бэлтгэлийн цаг үеийн асуудлаар ҮХААЯ-наас мэдээлэл хийлээ.
Энэ жил нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд нь дунд, 10 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийн 30 гаруй сумдын нутагт бэлчээрийн ургалт муу, гандуу байгаа аж.
Өнгөрсөн наймдугаар сард нийт нутгаар бороошиж, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд багагүй саад учруулсан. Энэ жил урьдчилсан байдлаар улсын хэмжээнд дотоод гадаад хэрэглээг хасч тооцвол 45 сая мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа аж.
Тухайн цаг үед шаардлагатай, бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээг харвал хадлан 1.4 сая тонн, хүчит болон үйлдвэрийн тэжээл 75 мянган тонн, гар тэжээл 150 мянган тонн хэрэгцээтэй байгаа гэв. Аймаг сумдын төвшинд өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нийт малын 30 хувьд өдөрт нэг килограмм өвсөөр тооцож, бүс харгалзахгүйгээр заавал бэлтгэж нөөцлөх даалгаврыг орон нутгийн удирдлагуудад өгчээ. Одоогийн байдлаар нийт бэлтгэх 1.4 сая тонн байгалийн хадлангийн 15.2 хувь буюу 225.4 мянган тонн хадланг бэлтгээд байгаа аж. Аймгуудын хэмжээнд нийт 14.4 мянган тонн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх ёстойгоос одоо 20.5 хувь буюу 2956 тонн өвсийг бэлтгээд байгаа гэнэ.
Өвс, тэжээл бэлтгэлийн явц Баян-Өлгий, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг аймгуудад 16.9-45.7 хувьтай сайн явж байгаа бол Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудад, 1.1-8.9 хувьтай явагдаж байгаа нь муу үзүүлэлт болж байгааг сануулав.
Харин цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээгээр энэ сард Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 хэм, баруун аймгуудын нутгаар 9-14 буюу олон жилийн дунджаас 0.5 хэмээр дулаан бусад нутгаар дунджийн орчим буюу 9-18 хэм байхаар байгаа аж. Энэ сарын арав хоногийн эхээр нийт нутгаар шөнөдөө 2-3 хэм болж цочир хүйтрэх төлөвтэй байна.
Н.Гэгээ
URL: