Гуравдугаар сургуулийн барилгын тендерийг хэзээ шийдэх нь тодорхой бус байна

mongol_3-middleНийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа    явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жил эхэлж сургалт үйл ажиллагаа нь жигдэрээд байгаа.

Харин зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилга нь шаардлага хангаагүйн улмаас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн гурав болон арваннэгдүгээр бүрэн дунд сургууль, Баянгол дүүргийн 38 болон 73 дугаар сургуулиудын барилга мэргэжлийн хяналтын шалгалтаар стандартын шаардлага хангаагүй улмаас актласан аж.

Эдгээр шаардлага хангаагүй сургуулиудыг үйл ажиллагааг нь сурвалжилахаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургууль дээр очлоо. Харин акталсан барилгыг буулгах ажиллагаа эхлээгүй байв. Хэзээ буулгаж шинэ барилга барих нь тодорхой бус байсан.

Тус сургуулийн сурагчид Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургууль болон 16 дугаар сургуульд хуваагдан хичээллэж байна.

Дөрөвдүгээр сургууль дээр очиход нэг сургуулийн байранд хоёр сургууль хичээллэж байгаа учраас ачаалал ихтэй байв. Учир нь өдрийн ээлжийн ангиудын хичээл орох цаг нь болчихсон, хүүхдүүд бужигнаж байлаа. Мөн эцэг, эхчүүд шинээр нэгдүгээр ангид элсэж орсон хүүхдүүдээ сургуульд нь өгөхөөр ирсэн ирсэн харагдана.

Энэ үеэр хүүхдээ хүргэж ирсэн эцэг, эхчүүдтэй уулзаж, хүүхдүүдийн сурч байгаа орчны талаар сэтгэгдлийг сонссон юм.

Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн Ч.Болороо “Нэг сургуулийн байр дотор хоёр сургууль үйл ажиллагаа явуулахаар ямар олигтой л байв гэж. Дотор зай талбайгаас эхлээд л асуудалтай шүү дээ. Хүүхдүүдэд гэсэн онцгүй байна. Хуучин сургуульдаа ормоор байна гэдэг. Энэ гуравдугаар сургуулийн байрыг нурааж, шинэчлэх асуудал өнгөрсөн жилээс эхэлсэн боловч бүтэн жил шийдэгдэхгүй байна. Жилийн дотор хурдан шийдээд өгч болохгүй байгаа юм байх даа. Сургуулийн байрыг нураана гэж бүтэн жил болж байна. Мөн гуравдугаар сургуулийн хүүхдүүд биеийн тамирын хичээл орох заал байхгүй байгаа” хэмээн ярьсан юм.

Дөрөвдүгээр сургуулийн сургалтын менежер Б.Нямдаваа “2012-2013 оны хичээлийн жилд гуравдугаар сургуулийнхан манай сургуулийн гурван давхарын хэсэгт нэгээс тавдугаар ангийнхаа үйл ажиллагааг явуулж байгаа. Одоогоор үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч ачаалал харьцангуй их болсон. Яагаад гэхээр манай сургууль өдөрт хоёр ээлжээр хичээллэдэг. Өдрийн хичээл нь орсон анги орой 18:30 цаг гэж тардаг учраас сонгон болон давтлага хичээл хийх боломжгүй байна” гэсэн юм.

Дөрөвдүгээр сургууль дотор үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар сургуулийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч жижүүр нь захирал сургалтын менежер байхгүй байгаа хэмээн халгаасангүй.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн барилга барих тендерийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас жил дамнаж байгаа юм байна. Бүтэн жил шийдэгдээгүй байгаа, тус сургуулийн барилгын ажил хэзээ шийдэгдэх нь одоогоор тодорхой бус байгаа аж.

Өөрийн гэсэн байргүй байгаа гуравдугаар сургууль 1400 гаруй хүүхэд сурдаг юм байна. Эдгээр хүүхдүүд хэзээ шаардлага хангасан байртай болох нь тодорхой бус байна.

ГУРАВДУГААР СУРГУУЛИЙГ БУУЛГАХ ГЭРЭЭНИЙ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙГАА

Нийслэлийн Боловсролын газрын барилга төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Ундраагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Шаардлага хангаагүй сургуулиудын барилга буулгах ажил хэзээнээс эхлэх вэ?
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн барилгыг өнгөрсөн долдугаар сард нураасан. Харин тус дүүрэгт байрлах гуравдугаар сургуулийн барилгыг буулгах гэрээний ажил хийгдэж байгаа.

-Гуравдугаар сургуулийн барилгын өнгөрсөн жилээс буулгана гэж байсан. Буулгах ажиллагаа яагаад удаашраад байна вэ?

-Барилга буулгах гэрээ болон тендерийн асуудлаас болоод удааширсан.

-Барилга нь шаардлага хангаагүй улмаас хэсэг сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоосон. Эдгээр сургуулиудын хүүхдүүд хаана хичээллэж байгаа вэ?
-Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хүүхдүүд 21, 51 дүгээр сургуулиудад хуваагдан суралцаж байгаа. Харин 38 сургуулийн сурагчид “Эрдмийн ундраа” цогцолбор, 47 дугаар сургууль дээр хичээллэж байгаа бол, гуравдугаар сургууль сурагчид дөрөв, 16 дугаар сургууль дээр хичээллэж байгаа.

-Барилгын буулгаж байгаа сургуулийн шинэ байр хэзээ ашиглалтад орох вэ?

-Ирэх 2014 гэхэд ашиглалтад орох байх. Тодорхой мэдээлэл алга байна.

Н.Алтанцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих