С.Эрдэнэ сайд оюутнуудад ам алдлаа
Өнгөрөгч даваа гаригт С.Эрдэнэ сайд Удирдлагын академийн оюутнуудад хичээл заах тухай сураг чих дэлсэв. Зарим хүмүүс С.Эрдэнэ ирээдүйн удирдагчдад төрөөс яаж мөнгө иддэг тухай заах хэрэг үү. Эсвэл мөнгө идчихээд яаж ялгүй үлддэг тухай сургааль айлдах нь уу хэмээн шивэр авир гэж байв. Харин С.Эрдэнэ сайд Удирдлагын академийн оюутнуудад боломжийн хичээл заасан тухай зарим хүмүүс ам сайтай байв. Хамгийн эвгүй зүйл гэвэл эрхэм сайд маань хичээлийнхээ төгсгөлд “Та нар улстөрд орох гэж байгаа бол ямар нэгэн аргаар ихээхэн мөнгө хуримтлуулах хэрэгтэй. Эс тэгвэл горьдолтгүй шүү. Нэгэнт улстөрд ороод ирэх юм бол бүх зүйл ок” хэмээн ам алдсан аж. Бодоход эрхэм сайд зааж байгаа хичээлийнхээ амтанд ороод багагүй хадуурсан бололтой юм. Нөгөө талаар өнөөх зүүдээ ярих гээд хулгайгаа ярьсан нь энэ аж. Дашрамд дурдахад тэрээр 2008 онд УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшээд байх үеэрээ Даатгалын сангаас мөнгө идсэн хэргээр шүүхээс зургаан жилийн ял сонсч байсан билээ. Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар тэрээр ялгүй үлдэж, өдгөө төрийн өндөр дээд суудалд заларч байгааг уншигч олон мэдэх байх. Энэ мэт улстөрийн ороо бусгаа замаар будилж явсан нөхөр оюутнуудад энэ зэргийн зүйл заах ч захын асуудал байх. Тэгээд ч нийтлэлч Баабар түүнийг “Далайн горхины дээрэмчин” хэмээсэн нь цаанаа ихэд учиртай биз ээ. Нэгэн цагт Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр тоглож байсан эрхэм маань өнөөдөр сайдын сэнтийд заларч байгаа нь зүйд нийцэх үү зэрэг олон асуудлыг иргэд хөндөж байлаа. Уг нь тэр энд тэнд хичээл зааж ам алдаагүй бол нэгэнт өнгөрсөн хэргийн талаар нийгэм шуугихгүй л байв.
URL: