“Зуучлах товчоо”-ны үлдсэн хувийг луйвардсан уу?

Цагаан захтнуудын боловсон дээрэм хэрээс хэтэрч байна. Хувьчлал нэрийн дор энэ улсын хамаг л өөдтэй өнгөтэй болгоныг үнэгүйдүүлж өөрийн болгосон 90-ээд оныхны “дээрмийн” нууц дэлгэгдмэгц, 2000-аад оныхон аргаа өөрчилж албан тушаалаараа түрүү барьж амьтны хөрөнгийг булаах болов.

Өөрөөр хэлбэл төрийн нэр барьсан дээрэм тонуулын хэрэг гаарч, жирийн иргэдийн хөрөнгийг завших нь хэвийн үзэгдэл болоод байна. Энэ ангилалд хамаарагдах тоо томшгүй олон хэргүүдээс зөвхөн сүүлийн үеийн гэх ганцхан фактыг л дурдъя.

Эхний баримт НХХЯ-ны сайд хатагтай Т.Гандид хамааралтай. Төмөр хатагтай хэмээгддэг энэ бүсгүй албан тушаалаараа гул барьж энгийн иргэний хувийн өмчийг “дээрэмдсэн”  тухай мэдээллийг хүргэхийн өмнө бага зэргийн нэмэлт тайлбарыг хийх нь зүйтэй байх.

Хоногийн хоолоо толгой өвдөхгүй залгуулахын тулд гадагшаа  гарч ажиллах хэрэгтэй гэсэн сигнал 2000-аад оны эхээр хүчтэй байв. Тиймээс  амьдралаа өөд нь татчих гэсэн иргэд байдгаа барьцаалж байгаад азаа үзнэ. Харамсалтай нь тухайн үед хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг  байгууллага байгаагүй учраас тэдгээр  иргэдийн ихэнх нь хохирогч болж хэдэн сараар шүүхийн хаалга сахихад хүрдэг байсан билээ. Энэ л үед загатнасан газар нь маажсан нэгэн байгууллага бий болсон нь гадаадад хууль ёсны дагуу ажиллах хүч гаргах “Зуучлах товчоо” юм. Хоёр компьютер, тэтгэврийн есөн ажилтантай  тухайн үедээ л боломжийн цалинтай ажилд /Тайваньд /зуучилж байсан уг  байгууллага эрэлтэнд тулгуурласан зах зээлийн хуулиар  яах ийхийн зуургүй хөл дээрээ тогтож цаашлаад Солонгост ажилчин гаргахаар болсон. Удалгүй гэрээ хэрэгжиж  8000 хүн Солонгост хууль ёсны дагуу ажиллаж амьдран түүнийг дагасан чамлахааргүй мөнгөний урсгал Монголыг зорьдог болов. Гэсэн хэдий ч  энэхүү таатай байдал  удаан үргэлжилсэнгүй. Төрийн нэрээр дээрэм хийгсэд хэдийнэ их мөнгөний үнэр авч элдвээр арга саам хийх болов. Төд удалгүй “Зуучлах товчоо”-г төрийн мэдэлд авна гэсэн цууг тараан хувьцааны маргааныг төрийн нэрийн өмнөөс өдүүлэх нь тэр. Мэдээж үйл ажиллагаа нь жигдэрч хөл дээрээ тогтсон байгууллага тийм ч амар ганхахгүй тул удирдлагад нь эрүүгийн хэрэг үүсгүүлж төрийн нэрийн өмнөөс давхар “дарамтлах” болов.

Хэдэн сараар сунжирсан энэхүү хэргийн харамсалтай төгсгөлийг уншигч та бүхэн санаж байгаа байх. Уг байгууллагыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар элдэв дарамт шахалтаас болж зүрхний шигдээсээр зуурдаар таалал төгсөж, төр түүний хөлс хүч шингэсэн компанийн 51 хувийг эзэмшихээр болсон.

Төрийн нэрээр өмнөөс дээрэм хийсэн цагаан захтнууд энэхүү хэргээ хуулинд өлгийдөн яаж  ч тайлбарлаж болох ч хатуухан хэлэхэд энэ бол гэгээн цагаан өдрөөр хүний аминд хүрсэн дээрэм байсан юм. Задлан шинжилгээний  хариу сэтгэл санааны байнгын тогтворгүй байдал нь зүрхний ачааллыг нэмэгдүүлж гэнэт зогсоход хүргэсэн байж болзошгүй хэмээн гарсан нь дээрх таамгийг батлах бас нэгэн сэжүүр болж байгаа юм.  Төрийн нэр барьсан дээрэмчдийн увайгүйтэл ингээд зогссонгүй.
Хүнээ алдан уй гашууд автсан гэр бүлийнхнийг нус нулимстай нь хольж үзлэг хийх нэрээр гэр орон, ажлын өрөөг нь ухаж төнхөн Монгол хүнээс гарамгүй хахир хүйтэн аашилсныг тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байв.
“Зуучлах товчоо”-г тойрсон “дээрэм” ийнхүү өндөрлөв үү гэтэл бас үгүй бололтой.
Талийгаачийн ясыг өндөлзүүлж бэлэвсэрч үлдсэн эхнэр хүүхдийг нь хүн чинээ тоолгүй компанийнх нь үлдсэн хувьцааг төрийн нэрээр дулдуйдан  өөрсөдтэй нь ч уулзалгүй луйвардсан байх юм. Учир мэдэх хүмүүсийн таамаглаж байгаагаар НХХЯ-ны сайд хатагтай Т.Ганди энэхүү хэрэгт голлон оролцсон гэх. Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 36-р тогтоолоор байгуулагдсан “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-ийн /ТӨХ 51, “Зуучлах товчоо” 34.3, “Монгол ньюс”ХХК 14.7 хувийг тус тус эзэмшихээр болж/ ихэнх хувийг төр эзэмшдэг хэдий ч Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтыг тус улсын албан ёсны төлөөлөгчид авдаг болсон нь төрийн нэрээр дээрэм хийгсэдийн мөнгө угаах санаархлыг бүтэлгүйтүүлж, их санасан газар есөн шөнө хоосон хонов гээч болгож орхисон аж.

Тиймээс л эрхэм сайдтан  2011 оны 01 сарын 24-ны өдөр А/14 тоот тушаал гаргаж БНСУ-д ажилчид илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх, илгээгч байгууллагыг өөрчлөн зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, илгээгч байгууллагын чиг үүргийг Засгийн Газрын Агентлаг – Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлэх төлөвлөгөөг батлан гаргасан байна. Товчхондоо бол  Солонгосын талыг төрийн нэрээр далайлган  сүрдүүлэх боломжгүй тул эндэх эрхийг нь сурсан зангаараа дээрэмдэж, төр захиргааны байгууллагаар дамжуулах нэрээр авлига хүнд суртлын үүр болгохоор санаархах болсон аж.
Ингээд Солонгосын талаас “100 хувийн төрийн өмчит компанитай хамтран ажиллана” гэсэн үгийг унагаахаар шаргуу хөөцөлдсөний эцэст Ерөнхий сайдын айлчлалын өмнөхөн зөвшилцөлд хүрч, Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр үзэглүүлж дөнгөсөн гэнэ.
Эрхэм сайдын энэхүү их хичээл чармайлтын ачаар наанадаж Солонгост ажиллах хүсэлтэй иргэд төр захиргааны байгууллагуудын үүд сахиж хүнд суртал, авлига хээл хахуул гэх залхаан цээрлүүлэлтэнд нэрвэгдэж, цаанадаж олон олон хуулийн заалтууд зөрчигдөж байгаа юм.
УИХ-ын 2009 оны 64 -р тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”(1-2 дахь хэсэгт)-д: “дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлэх төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах замаар эдгээр салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэх” тухай тусгасан байдаг. Хууль тогтоох байгууллагын энэхүү шийдвэрийг Засгийн газрын зүгээс хөхүүлэн дэмжиж “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийг санаачилж  байсан. Товчхондоо төрийн их ачаанаас хувийн хэвшлийнхэн хөнгөлөлцөж, харин тэднийг төр хууль эрх зүйн хүрээнд хөхүүлэн дэмжинэ гэсэн үг. Хууль боловсруулах дээд байгууллагатай он удаан жил сууж, наад цаадахыг ялгах дайтай болсон эрхэм сайд энэ бүхнийг тооцоолоогүй байх учиргүй. Тэгсэн хэр нь хууль цаазыг ч үл хайхран муйхарлан зүтгэсэн нь чухам ямар эрх ашгийн улмаас вэ? гэдэг асуулт зайлшгүй ургаж байгаа юм.

Эх сурвалж: Тэргүүн сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих