Авилгын эсрэг хятад тэмцэл

Хятадад авилгын эсрэг тэмцэл хүчтэй орнөж эхэллээ. Албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний авилга авсан хэрэгт буруутгагдсан нөлөө бүхий улстөрч Бо Силайн араас бас нэгэн томоохон албан тушаалтны хэрэг мандах нь тодорхой болжээ. Төрийн хөрөнгөд хяналт тавидаг комиссийн тэргүүн Цзян Цземинь саяхан Бээжин хотноо авилгын хэргээр баривчлагджээ. Өдгөө 57 настай Цзян Цземинь нь Хятадын хамгийн нөлөө бүхий томчуудын нэг юм. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард уг албан тушаалд томилогдсон бөгөөд уг комисс нь Хятадын төрийн 117 том компанийг удирддаг аж. Тэрбээр эл албанаас өмнө төрийн нефть хийн корпораци / CNPC /-ийг зургаан жил удирдсан ажээ. Энэхүү корпорацийн үндсэн хөрөнгө өнгөрсөн жил 408.6 тэрбум ам.доллараар тоологдож, дэлхийн тав дахь шилдэг компани хэмээгдэж байжээ. Цзян Цземинийг “сахилга бат алдсан” хэрэгт буруутгаж байгаа. Тус улсад албан тушаалаа урвуулан ашигласан, авилга авсан тохиолдолд ийм нэр томъёог ихэвчлэн хэрэглэдэг. Түүнийг ойрын хугацаанд Коммунист намын бүрэлдэхүүнээс хасч, шүүхийн өмнө дуудах юм байна. Хятад Улс авилгын хэрэгт хамгийн хүнд ял болон цаазаар авах шийтгэл хүртэл оноодгоороо алдартай билээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих