Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгааг бүх ажилчдын цалинг нэмж байна гэж ойлгож болохгүй
Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Д.Мөнхтогтохоос дараах тодруулгыг авлаа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянга байсныг 192 мянган төгрөг болголоо. Энэ хэзээнээс эхлэн мөрдөгдөх вэ?
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнд ийнхүү цалингийн доод хэмжээг 36.7 хувиар нэмэгдүүлээд байна. Өмнө нь 2010 оны дөрөвдүгээр сард 140 мянган төгрөгөөр тогтоож байсан. Түүнийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байсан бол энэ удаагийн нэмэгдэл есдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явж байна.
-Ер нь цалингийн доод хэмжээ хэдэн жилийн хугацаатай нэмэгддэг вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоодог. Ингэхдээ нийгмийн түншлэлийн аль нэг талууд хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөх санал гаргаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор хэлэлцүүлж тогтоодог байгаа.
-Энэ нэмэгдэл нийт хүн амын хэдэн хувьд нөлөөлөх вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь боловсрол, мэргэжил үл шаардах, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх гэх мэт энгийн ажилд хамрагдаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсны хамгийн доод хэмжээ юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгааг нийт ажилчдын цалинг нэмж байгаа гэж ойлгож болохгүй. Учир манай улсын нийт ажиллах хүчний зөвхөн найм орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс улсын төсөвт хүндрэл учруулахгүй. Учир нь төсвийн байгууллагын ажилтны цалингийн доод хэмжээ 326 мянган төгрөг хэвээрээ байгаа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх болов уу. Энэ талаар судалсан уу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлсөө авдаг хүмүүсийн тоо, хүн амын дөнгөж найман хувийг эзлэж байгаа болохоор инфляци өсөхгүй гэж үзэж байгаа.
-Их, дээд сургуулиуд болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг нэмэгдэх үү?
-Их дээд сургуулиудын тэтгэлэг нэмэгдэх талаар мэдээлэл гараагүй байна. Харин мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа оюутнуудын тэтгэлгийн 45 мянган төгрөгийг 70 мянга буюу одоогийн их, дээд сургуульд суралцагчдын авч байгаа тэтгэмжийн хэмжээнд хүргэх асуудал гурван талт зөвшлөөр яригдаж байгаа. Үүнийг улсын төсөвт суулгах учир төсвийн тодотголоор хэлэлцэх учиртай.
М.Янжинлхам
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: