Mэнэнгийн талыг там болгож байна

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро чайна Дачин Тамсаг” компани Мэнэнгийн тал, Тамсагийн сав газарт өнгөрсөн жилээс газрын тос олборлож эхэлсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч баримт бичгээр халхавчлан үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллээ нууцалж, хятад стандарт, хятад ажилчдаар Мэнэнгийн талыг дүүргэж буй энэ компани Монголын Засгийн газраас өөр төрийн байгууллагын шаардлага, шахалтыг үл ойшоох нь хэрээс хэтэрчээ.

Тамсагийн сав газарт таван алхам тутамд “тогоруу” тонголзуулж, хүнд даацын тэргээр газрын тосыг өдөр, шөнөгүй зөөж буй тэд Мэнэнгийн талыг там болгож байна. Хэдэн жилийн өмнөөс Баянхошууны болон Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавьж, Матад сумыг гэрэл цахилгаантай болгоно хэмээн сайхан үлгэр ярьж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ амлалтаа биелүүлээгүй төдийгүй хэлсэн үгнээсээ буцаж эхэлжээ.

“Олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлсэн тохиолдолд хатуу хучилттай зам тавих боломжтой” хэмээн “Петро чайна Дачин Тамсаг”-ийнхан гэдийх болсон талаар орон нутгийнхан ярьж байна. Аймгийн ИТХ уржигдар хуралдаж, тус компанийн үйл ажиллагааны талаар хэлэлцжээ. Хуралдаанд компанийн удирдлагуудыг оролцохыг урьдчилан мэдэгдсэн боловч Улаанбаатараас нисэж очсон хятад ноёд “Удаан хүлээлгэлээ” хэмээн ихэрхэж, хурлыг хаяж оджээ.

Тиймээс ИТХ-аас тогтоол гаргаж, Баянхошуу болон Бичигтийн боомт хүртэлх шороон замаа хатуу хучилттай болгох, Чойбалсангаас үйлдвэрлэлийн бааз хүртэлх өндөр хүчдэлийн шугам тавих ажлаа эхлүүлэх, шингэн хог хаягдлын далан байгуулж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийхийг даалгасан байна. Мөн энд тэндгүй байгуулсан үйлдвэрлэлийн цооногуудаа нэгтгэж, нэгдсэн байгууламжинд холбохыг шаарджээ.

Гэвч Засгийн газрын хэмжээнд асуудлаа ярина хэмээн орон нутгийнхныг үл тоодог “Петро чайна Дачин Тамсаг” компанийнхан ИТХын шаардлагыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Өмнийн говийн эмзэг хөрсийг хамгаалахын тулд Тавантолгойн тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Харин одоо Мэнэнгийн талыг там болгож буй “Петро чайна Дачин Тамсаг-т хэн хариуцлага тооцох вэ?

Д.ОЮУН

Эх сурвалж : Mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих