БСШУ-ы сайд Ё.Отгонбаярыг гэрчээр байцаахаар болжээ

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр дөрвөн хүн буудуулж нас барсан хэрэгт тухайн үед МАХН-ыд Ерөнхий

нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг гэрчээр байцаахаар болжээ.

Түүнийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан ирэх долоо хоногт дуудаж асуух гэнэ. Гэрчээр татсан шалтгаан нь үймээний үеэр Ерөнхий сайд асан С.Баяртай хамт байсантай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, С.Баярыг тухайн үед хэнд, юу гэж ярьж хэлж, тушааж байсныг гэрчлэх юм байна.

Мөн уг хэрэгт холбогдуулан шаардлагатай гэж үзвэл тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд асан С.Баяр, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нараас ирэх сард багтаан тайлбар, мэдүүлэг авах аж.

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Д.Зоригт, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 294-т заасан үндэслэлээр хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилсээр байна.

Д.Болор

“Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих