Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь хэнд хамаатай вэ
Энэ оны дөрөвдүгээр сард явагдсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс эхлэн 36.7 хувиар нэмэгдэж, 192 мянган төгрөг болж байна.
Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болжээ. Өнгөц дүгнэхэд энэ бол зүгээр л нүд хуурсан шийдвэр мэт харагдана.
Үнэндээ сард 200 мянган төгрөгөөс бага цалин өгч байгаа ажлын байр бараг л байхгүй шүү дээ. Гэхдээ үүний цаана өөр нэг том утга явж байдаг юм. Энэхүү шийдвэр нь шууд утгаараа төр хувийн хэвшлийнхэнд хандаж “цалин хангамжаа нэмэгдүүл” гэж хэлсэн хэрэг. Бүр тодруулбал, хувийн хэвшилд ажиллаж байгаа 800 гаруй хөдөлмөрчид хөдөлмөрийн хөлсний хэмжээгээ нэмэгдүүлэх цаг болсны дохио. Гэхдээ “доод” гэж байгаа ч “дундаж” цалинг нэмэгдүүлэх ёстой.
Яагаад хувийн хэвшлийнхний цалин нэмэгдэх ёстой вэ
Яагаад ингэж хэлэх болсон учраа тайлбарлая. Монгол Улс чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэний дараа хувийн хэвшлийн ажилчид бий болсон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх ойлголт гарч ирсэн байдаг. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол төр хувийн хэвшлийнхний цалин хангамжид шууд оролцох боломжгүй.
Гэхдээ бага ч гэсэн нөлөөлөх нэг боломжийг ийнхүү бий болгосон нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх явдал байв. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийнхэнд өгч байгаа ташуур юм. Цалингийн доод хэмжээ нэмэгдүүлэх шийдвэр гарсны дараа Хөдөлмөрийн сайд Ц.Санжмятав “Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлснээр манай улсын нийт ажиллах хүчний найман хувьд нөлөөлнө. Харин улсын төсөвт төдийлөн хүндрэл учруулахгүй. Учир нь төсвийн байгууллагын ажилтны цалингийн доод хэмжээ 326 мянган төгрөг байгаа юм” гэж хэлснээр үүнийг баталж болно. Тэгэхээр энэ шийдвэр зөвхөн хувийн хэвшилд хамаатай болох нь тодорхой юм.
Яагаад доод биш дундаж хэмжээ нэмэгдэх ёстой вэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 36.7 хувиар нэмэгдэж 192 мянган төгрөг болсон. Гэхдээ энэ шийдвэрийн зөвхөн тоонд нь аж холбогдол өгч “Ажилчиддаа сард 192 мянган төгрөгөөс илүү цалин өгдөг хувийн хэвшлийн байгууллагуудад хамаагүй юм байна” гэж шууд утгаар нь ойлгож болохгүй. Харин 36.7 гэдэг тоонд нь ач холбогдол өгөх ёстой. Бас хувийн хэвшлийнхний доод цалин биш дундаж цалин 36.7 хувиар нэмэгдэх ёстой гэж ойлгох нь зүйтэй юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар 1991 оны 149 дүгээр тогтоолоор цагт хоёр төгрөг 87 мөнгө буюу сард 560 төгрөгөөр тогтоосон бөгөөд өнөөдрийнхтэй нийлээд 19 удаа шинэчлэн тогтоожээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын нэмсэнтэй уялдуулан 2007 онд 30 хувь нэмэгдүүлж, 69 мянган төгрөгөөр тогтоож байж. Улмаар 2007 оны аравдугаар сараас эхлэн 90.000 төгрөг, 2008 онд 108000 төгрөг, 2011 онд 140400 төгрөг болгон нэмсэн байна.
Ингэхдээ дандаа төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнтэй уялдуулж байжээ. Бүр тодруулбал, төсвийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэнтэй ойролцоо буюу арай бага хувиар нэмдэг байсан аж. Хамгийн ойрын жишээ 2011 онд төсвийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмэгдсэний дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмж 140 400 төгрөг болгож байсан.
Гэтэл өнгөрсөн удаа 2012 оны хоёр, тавдугаар сард төсвийн албан хаагчдын цалинг 53 хувь буюу үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн атлаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мартаж орхисон билээ. Үүнийг Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор тохиролцсон байдгаар тайлбарлаж болно.
Хөдөлмөрийн сайд Ц.Санжмятав “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнд буюу хуулийн хүрээнд хүчин төгөлдөр энэхүү хэлэлцээрт хоёр жил тутамд цалингийн доод хэмжээг тогтоох үүднээс бид тогтоолоо. Энэ нь цаг үеэ олсон шийдвэр болсон гэж бодож байна” хэмээн мэдэгдсэн.
Гэхдээ хамгийн гол нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь төр хувийн хэвшлийнхний цалингийн хэмжээг тогтооход оролцож байгаа хамгийн дээд хэлбэр гэдгийг ойлгох ёстой юм. Ингэж оролцохдоо төсвийн албан хаагчдын цалинг нийтэд нь нэмсэн хувь хэмжээтэй уялдаж байж. Асуудал үүнд л байгаа юм.
Засгийн газар 2012 онд төсвийн албан хаагчдын цалинг 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс 80 мянгаар төгрөгөөр, 05 сарын 1-нээс эхлээд 23 хувиар нэмэгдүүлж, дунджаар 53 хувиар нэмсэн.
Мөн энэ үед ахмадуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 35 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180300, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 145200 болгосон. Хувийн хэвшлийнхний цалинг нэмэгдүүлэх л үлдээд байв. Гэхдээ доод хэмжээг биш, дундаж хэмжээг.
Х.Батсайхан
URL: