“Гал үндэстэн”-ийнхэн Их хуралдайтай нэгдээгүй гэв
“Гал үндэстэн холбоо”-ныхон өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад Засгийн газарыг огцруулж, УИХ-ыг тарахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, иргэдийн дунд санал асуулга явуулж байгаа аж. Тэд эрх баригчид шаардлагынхаа хариуг өгтөл тэмцэхээ мэдэгдээд “Ард түмэн зөвшөөрсөн цагт төв талбайд барьсан гэрээ буулгана” гэв. Мөн “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүнээр Ц.Мөнхбаярыг томилсноо дуулгалаа. Тус холбооныхон УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулсны дараа Ээлжит бус сонгуулийг намгүйгээр явуулахыг шаардахаар төлөвлөж байгаа аж. “Гал үндэстэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн М.Баатархуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Төв талбайд Их хуралдай хуралдаад байна уу. Эсвэл танай холбооныхон иргэдээс санал асуугаад байна уу. Танайхан Их хуралдайн төлөөлөгчид үү?
-Үйл ажиллагаа нь тусдаа. Бид түмэн олонтойгоо хэлэлцэх гэж төв талбайд нүүж ирсэн. Бид Их хуралдайнхантай албан ёсоор нэгдсэн зүйл байхгүй. Биднийг Н.Энхбаярынхантай нэгдсэн гэж хардаж байгаа нь худлаа. Гэхдээ Их хурайлдайнхантай УИХ-ын тараах, Засгийн газрыг огцруулах гэдэг дээр санал нийлж байгаа. Харин цаашид улс эх орноо яаж авч явах вэ гэдэгт зарчмын хувьд зөрүүтэй байна.
-Их хуралдайнхан социализм руу эргээд орно гэсэн утгатай мэдэгдэл хийж, ярьж байгаа. Үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Өнгөрсөн нь муу руугаа эргээд орно гэдэг байж болохгүй зүйл. Хангалттай түүхэн туршлагатай монголчууд аль нэг улсын бодлогоор явах ёсгүй. Өвөг дээдсийн түүх маань бидний замыг зааж байгаа. Үүнийг л манай холбооныхон сэргээх гээд байна. Их хуралдайнхан иргэний шийдвэр гаргаж олон намаас татгалзвал бид нэгдэхэд бэлэн байгаа.
-Нэгдлээ гэхэд хүссэн хүсээгүй Н.Энхбаярын удирдлагаар ажиллана. Үүнийг зөвшөөрөх үү?
-”Гал үндэстэн холбоо”-ны зүгээс биш өөрийнхөө хувиар хариулахад зөвшөөрөхгүй. Н.Энхбаяр үнэхээр эх оронч байсан бол бүх эрх мэдэл өөрийнх нь гарт байхад сайхан болгочихгүй яав. Харин Н.Энхбаяр “Монгол Улсын төлөө буруу зүйл хийжээ. Үүнийгээ залруулъя” гэсэн чин эрмэлзлэлтэй бол монгол хүний үүрэг нь мөн.
-Танай холбооныхон иргэдээсээ санал асууна гэсэн. Гэтэл Их хуралдайныхантай нэгдээд Төрийн ордонг гороолоод байдаг нь ямар учиртай юм бэ?
-Гаднаас харж байгаа хүний хувьд нэг байр суурьтай мэт харагдаж байгаа байх. Дотроо бол бид байр суурин дээрээ хатуу байгаа. Талбай дээр байгаа явдлыг ялгахгүй байгаатай адил Монголд ийм л бужигнаан болоод байна.
-Та нар Засгийн газрыг огцортол морьтойгоо тэмцэнэ гэж мэдэгдэж байсан. Их хуралдайнхан ирэх сургаар морио явуулж бууриа тавьж өгөв үү. Түүнээс хойш танай үйл ажиллагаа бүдгэрээд байх шиг байна.
-Үгүй. Адгуусаа хайрлаад тавьсан. Нөгөө талаас цагдаагийнхан өдөр бүр цагаан хоолойгоор дарамталж байсан. Тиймээс цагдаа нартай морио явуулъя, харин гэрийг маань оролдож болохгүй гэж тохироо хийсэн.
-Цагдаа нар буу бариад жагсагчдыг бүсэллээ гэх юм. Жагсаал зохион байгуулагчийг нь баривчиллаа. Та нарыг турхираад байгаа юм биш үү?
-”Гал үндэстэн холбоо”-ны байр суурь гэвэл цагдаа нар ч ард түмэн. Харин төрийн эрх мэдэл баригчид хэтэрхий ичгүүр сунжуургүйгээр цагдаа нарыг дарамталж байна гэсэн мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагад нэг сар бэлэн байдал зарлаж, хоёр цаг тутамд жагсаадаг гэсэн. Төрийн эрх баригчид түмэн олныг хагалан бутаргах гэж цагдаа нарыг турхирч байна. Шаардлагтай үед цагдаа нар ард түмэнтэйгээ нэгдэнэ. Талбайд ажиллаж байгаа цагдаа нар “Та нарын тэмцэл зөв. Монголынхоо төлөө тэмцэх ёстой. Гэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлээч” гэдэг.
-Эрх баригчид гэдгээ тодруулаач?
-Төр барьж байгаа уйваагүй хүмүүс. Цаашлаад Хууль зүй, дотоод хэргийн сайд. Ц.Нямдорж иргэний үүргээрээ зөв талаас нь зохицуулахгүй муйхарлаад байна. Түмэн олон аймшигтай байдлыг тэсэхгүй цугласан. Гэтэл бухимдалтай байхад нь цагдаа нар буу шагайгаад байвал яах билээ. Монголчууд хоорондоо хагаралдаж, муудалцах ёсгүй. Цагдаа тушаалаар явдаг. Тэгэхээр дээрээс нь тушаал өгч байгаа хүмүүс алдаагаа засаасай. Монгол хүн нэгэн рүүгээ бүүхэл мал руугаа буу шагайдаггүй.
-Г.Уянгыг суллахыг шаардсан жагсаалд танай холбооныхон оролцсон уу?
-Албан ёсоор оролцоогүй. Харин Монголын төлөө явж байгаа хүнд цагдаа нар хүч хэрэглэж болохгүй гэж байр сууриа илэрхийлсэн.
-Цагдаагийнхан цагаан хоолойгоор хууль сурталчилахад Их хуралдайнхан машиныг нь хөмрөнө гэж сүрдүүлж байсан. Та нар тийм хурц тэмцэл сонгох уу?
-Үгүй. Учир нь тэд тушаалаар ажиллаж байгаа. Хүсвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын өрөөнд нь ороод ширээг нь хөмөрч болно шүү дээ. Өдөр ирэх бүр хүмүүсийн байдал хурцдаж байна. Үүнийг эрх баригчид анхааралдаа авах ёстой.
-Их хуралдайн төлөөлөгчдийг УИХ-ын гишүүд хүлээж авч уулзсан. Та нарын шаардлагад ямар нэг хариу өгсөн үү?
- Бид гэрээ бариад долоо хонож байна. Эрх баригчдаас ямар нэгэн хариу өгсөнгүй.
URL: