Монголчилсон боловсрол

images04ggfaМонгол сургуулийн “дэлхийн жишиг”

Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.

 

2008 онд Азийн хөгжлийн банк Монголд судалгаа хийсэн байна. Гэтэл, судалгааны үр дүнгээр ерэн оноос эхэлсэн манай боловсролын шинэчлэл өнөөг хүртэл эргэлзээтэй нөхцөлд хэвээр байгаа ажээ. Хэдийгээр тодорхой өөрчлөлтүүд удаа дараа гарсан боловч боловсрол нь хир зэрэг сайжирсан бэ гэдэгт асуулт байв. Үүний дараахан Дэлхийн банк Монголын боловсролын талаарх өөрийн судалгааны үр дүнг мэдээлсэн ба товчхондоо нөхцөл байдлыг тааруухан гэж үзжээ. Үүний зэрэгцээ, хувь судлаачдын зүгээс бидэнд сануулга өгөв.
Нэг америк судлаач манай шинэчлэлийн бодлогыг “боловсролын импорт” гэж ёжилж нэрлэсэн ба боловсрол бол монголчуудын бодож байгаа шиг эд бараа адил зээлдэж авдаг зүйл даан ч биш гэж анхааруулжээ.
Ийнхүү бидний байдлыг шүүмжилж байх зуур манай улс TIMSS-2007 (О.У-ын математик, Ш.У-ны сургалтын чиг хандлага) хэмээх судалгаанд оролцож, өөрийн сурагчдын математикийн сурлагыг үнэлүүлсэн байна. 60-аад улс оролцсон судалгаанаас дараах үр дүн гарав. 4-р ангийн монгол сурагчдын 34% нь олон улсын шалгуураар “дунд” үнэлгээний босго давсан бол “сайн” үнэлгээний босгыг 8%, “онц” үнэлгээний босгыг 1% нь тус тус давжээ. 8-р ангийн сурагчдын хувьд 31% нь дунд, 7% нь сайн, 1% нь онц үнэлгээний босго хүрсэн байна. Товчоор хэлбэл, манай улсын сурагчдын 66-70 шахам хувь нь олон улсын “дунд” үнэлгээний босго даваагүй байна. Энэ нь ихэвчлэн гуравдахь ертөнцийн гэгдэх буурай орнуудын түвшин ажээ.
Чухамхүү энэ байдлыг мэдэрснээс үүдэв үү гэлтэй шинэчлэлийн бас нэг оролдлого үргэлжлэн гарсан нь Монголын засгийн газраас санаачилсан Кэмбрижийн гэх хөтөлбөр байв. Санаачлагчид нь боловсролын салбарт замбараагүй, хоорондоо уялдаа муутай төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг өөрчилж, цэгцтэй хөтөлбөр ба тогтолцоотой болох цаг нэгэнт ирсэн гэдгийг хэлж байсан юм. Гэтэл тэд үүнтэй зэрэгцэн “Дэлхийн монгол хүн” болцгооё гэх уриан дор даяаршсан монгол боловсрол бий болгох зорилгыг тунхаглав. Энэ зорилгод хүрэх арга зам нь Британий олон улсын дунд сургуулийн хөтөлбөрийг авч нэвтрүүлэх ажээ.
Олон улсын дунд сургуулийн хөтөлбөрт хоёр төрлийн сургалтыг эн тэргүүнд тавьдаг байна. Эдгээр нь англи хэл ба байгалийн ухаан юм. Үүнийг дараах энгийн жишээгээр тайлбарлаж болно. Гадаадын иргэн ажлын шугмаар (жишээ нь, элчин сайдын хувиар, эсвэл бизнесийн зорилгоор) Монголд амьдрах болжээ гэж төсөөлье. Гэвч хүүхдүүдээ ямар сургуульд явуулах вэ гэсэн асуулт түүнд тулгарав. Хүүхдүүд нь монгол хэл мэдэхгүй төдийгүй монгол сургуулийн хөтөлбөр тэднийхээс ондоо. Харин энэ үед олон улсын сургууль түүнд санал тавина. Олон улсын сургууль түүний хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй бөгөөд энэ сургуульд хүүхдүүд дэлхийд хамгийн олон хүн ярьдаг англи хэл судалж, энэ хэлээр хичээлүүдээ үзэх ба хөтөлбөр нь аль нэг үндэстэн, соёл, үзэл суртлын нөлөөнөөс ангид гэх байгалийн ухааны хичээлд түшиглэдэг байна.
Ер нь ”олон улсын” гэх нэрнээс энэ төрлийн сургуулиуд хэнд зориулан боловсрол олгодог болохыг төвөггүй ойлгоно. Гэхдээ ийм сургуулиуд нь зөвхөн Британийх байдаггүй. Британиас гадна АНУ-ын хөтөлбөртэй олон улсын сургуулиуд дэлхий даяар сүлжээтэй ба хоёр улсын сургуулиудын хооронд бас ч гэж өрсөлдөөн байх ажээ. Британий олон улсын сургуулийн сурагчид сургууль дүүргэх үед британи хүүхдүүдтэй адил “Боловсролын ерөнхий гэрчилгээ” (GCE)-ний шалгалт өгч боловсролын гэрчилгээ авна. Тус шалгалтын төв Британид бий. Харин Америкийн олон улсын сургууль төгсөгчид Швейцарьт төвтэй байгууллагын “Олон улсын бакалаврат (IB)”-ын шалгалт өгч гэрчилгээ авах нь түгээмэл ажээ.
Олон улсын хөтөлбөрийг хэнд зориулсан болохыг нь үл харгалзан Монгол Улсын ерөнхий боловсролын тогтолцооны суурь болгон авч буйг хараад эргэлзэн гайхах сэтгэл аяндаа төрөхөөр байна. Гэвч, нөгөө талаар олон улсын сургалттай сургуулийн хөтөлбөрийг “монголчлох” маягаар нутагшуулна гэж буй нь зорилго, хэрэгжүүлж буй арга барилын хувьд өмнөх шинэчлэлүүдээс бас ялгаагүй ажээ. Ялангуяа, энэ хөтөлбөрийн даяаршсан монгол боловсрол бий болгох зорилгыг нь арван жилийн өмнө хэвлэгдсэн дунд боловсролын стандартад аль хэдийн ингэж бичжээ: “Боловсролтой иргэн нь хүн төрөлхтний даяаршил болон нийгмийн шалгуурыг ханган ажиллах, амьдрах… Монгол иргэний дүр төрхөөр тодорхойлогдоно… Түүний дүр төрх, төлөвшил нь боловсролын агуулгыг тодорхойлж, боловсролын стандарт үүрэг, зориулалтын биелэлтийн шалгуур болно”.
Үзэл баримтлалын хувьд шинэ юм байхгүй ч Кэмбрижийн гэх бэлэн хөтөлбөрийг авна, гэхдээ үүнийг нутагшуулж өөрийн онцлогт тохируулна гэх өнөөгийн бодлого дор төрийн сургуулийн тогтолцооны содон хэв маяг Монголд шинээр үүсэж байна. Тухайлбал, энэ хөтөлбөрөөс шалтгаалан хос хэлний сургалттай олон улсын “лаборатори”, монгол хэлний сургалттай “жирийн” гэх хоёр төрлийн улсын сургууль бий болж байгаа ажээ. Сургуулийн аль ч тогтолцоонд техникийн, ерөнхий боловсролын, төрийн, хувийн, спорт, урлагийн гэх мэт ялгаа түгээмэл бол “хэлээрээ” хоорондоо ялгагдах төрийн сургуулийн өвөрмөгц тогтоц Монголд бий болж байна (үндэстний цөөнхийн сургууль энд хамаагүй бөгөөд тусдаа асуудал болно). Энэ нь тэртэй тэргүй манай боловсролд буй тэгш бус байдлыг улам гааруулна гэсэн үг юм.
Боловсролыг олон улсын буюу дэлхийн жишигт хүргэнэ гэдэг нь манайд хэтэрхий болхи, хуучирсан уриа болж хувирчээ. Социализмын үед манай улс өөрийн боловсролыг ах дүү социалист орнуудын түвшинд хүргэх зорилтыг үргэлж тунхагладаг байв. Тэр үеийн олон улсын жишиг нь ЗХУ, Европын социалист орнууд байсан. Гэтэл  цаг хугацаа өнгөрөх тусам энэ жишиг өмнөхөөс бүрхэг, ойлгомжгүй болж байна. Ерээд онд манай боловсролын хөтөлбөрийн шинэчлэл Дани улсаар баримжаа авсан хирнээ үүнтэй зэрэгцэн 100 гаруй орны туршлагыг судалж дундаас нь өөрийн хичээлийн төлөвлөгөө боловсруулан гаргаж ирэхээр ажиллаж байгаа гэдэг байв. Одоо даяаршил буюу дэлхийн жишиг гэх нэршил хэрэглэгдсэнээр улам бүр бүрхэг болжээ. Манай улсын Кэмбрижийн хөтөлбөр нь даяаршлын гэгдэх үзэлд суурилсан бололтой байвч яг амьдрал дээр Британи улсын боловсролыг хэлж байна уу, эсвэл Британий сургууль боловсролын тогтолцоог авч хэрэглэж буй Ази, Африкийн ядуу буурай орнуудын түвшинг хэлээд байна уу гэх ялгаа зааг тодорхойгүй, харин ердөө л дэлхийн жишигт хүрэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хөтөлбөр ажээ.
Манай орны сургууль боловсролын өнөөгийн байдал ерөнхийдөө ингэж харагдаж байна. Юу гэвэл, эрдэмтэд хөгжингүй орнууд ба гурав дахь ертөнцийн буурай орнуудын боловсролыг харьцуулж үзээд зарим гол ялгааг олж тогтоожээ. Өнгөцхөн харвал хөгжилтэй ба буурай орнууд аль аль нь хүний нөөц, сайн боловсролтой иргэдээ хөгжлийн түлхүүр гэж үзэж, боловсролд ижил хэмжээгээр ач холбогдол өгдөг ажээ. Харин тэдний хооронд дараах ялгаа харагдсан байна. Буурай хөгжилтэй орнуудтай харьцуулахад хөгжингүй орнууд өөр зорилго өмнөө тавих ба ингэхдээ түүнийг хэрэгжүүлэхэд бүр илүү анхаарч байжээ. Харин тэдний ажигласан гуравдахь ертөнцийн бурай орнууд нь Монголтой их төстэй байв.
Монгол Улс боловсролоо дэлхийн жишигт хүргэнэ, дэлхийн монгол иргэн төрүүлнэ гэх үлгэрийн мэт сайхан зорилгыг удаа дараа өмнөө тавьж иржээ. Түүгээр үл барам, үүндээ зориулж иргэдээ даяаршихыг шаардсан боловсролын стандарт хэвлэн гаргасан байна. Үүний зэрэгцээ гадаад орнуудын хөтөлбөр, сургуулийн бүтэц зэргийг хуулж, өөрийн ойлгоцоор санаандаа нийцүүлж засаж хувиргахын зэрэгцээ өмнө нь төлөвлөснөө орхих, мартах нь түгээмэл үзэгдэл болсон байв. Тэгвэл хөгжингүй ертөнцийн орнууд манайх мэтээс их өөр ажээ. Тэд манайхны нүдэнд бол тун энгийн гэмээр зорилгуудыг өмнөө тавьжээ. Жишээ нь, TIMSS үнэлгээнд сурагчдынхаа оноог ямар хугацаанд ямар хэмжээгээр ахиулах вэ, үүний тулд яг юу төлөвлөн явуулах вэ гэсэн бодитой, хэмжиж болохуйц зорилго өмнөө тавьж, түүндээ хүрэхийн төлөө уйгагагүй зүтгэдэг байна. Энэ бүхний эцэст манайх мэтийн буурай орнууд бал бурам мэт сайхан амлалт, урианд дарагдах боловч дэвшүүлсэн зорилгууд нь хэрэгжилгүй хоосон зүйл болон хувирч, харин хөгжингүй орнууд алхам алхамаар урагшилдаг ажээ.
Монгол Улсын өмнө боловсролоо дэлхийн жишигт хүрэх бус, харин олон улсын байгууллагуудын материалын тусламж, мэргэжил аргазүйн дэмжлэгээр амь аргацааж буй Ази, Африкийн гуравдахь ертөнцийн буурай орнуудын нэг болохын хувьд бэрхшээлээ яаж даван туулах вэ гэсэн зорилт одоо тавигдаж байна. Хэдийгээр эрх баригчид нь сайхан яриагаар ухуулавч манай улсын сургууль боловсролын бодлого нь (олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг, чиглүүлгээс бусад тохиолдолд) тодорхой бус, өөрт ямар асуудал тулгарч буйг олж тогтоож, шийдэх чадваргүй, өөрийн гэх чиг баримжаагүй явж иржээ. Эндээс харахад гадаадын орнуудын тогтолцоо, хөтөлбөрийг хуулна, гэхдээ түүнийг нутагшуулж, өөрчилж засна гэх бус, харин Монголд ямар шинэчлэл хэрэгтэй вэ гэдгийг өөрсдөө ул суурьтай бодох шаардлагатай ажээ. Ерөөс “шинэчлэх” гэдэг нэршил нь манайд болж байгаа шиг өөрчлөх, бусниулах бус, харин “сайжруулах, засах, зөв болгох” үйлийг илэрхийлдэг байна.
Судлаач П.Мягмар

URL:

Сэтгэгдэл бичих