ГЕГ-аас нилээдгүй зөрчил илэрчээ
Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа компьютер, техник хэрэгслийн хуваарилалт, хадгалалт, ашиглалтын байдалд дотоод аудитын шалгалт хийжээ.
Гаалийн ерөнхий газрын албан хаагчдын албан хэрэгцээний ширээний компьютерийн болон принтерийн хангалт, хуваарилалт хангалттай боловч бусад техник хэрэгсэл, гар компьютерийн хувьд загвар, хүчин чадал хуучирсан, шинэчлэх шаардлага байгааг харгалзан хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан тогтоож, хангалт хийх, ашиглалтыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ.
Компьютер, техник хэрэгслийн бүртгэл, хамгаалалт, хадгалалт, ашиглалтыг хариуцсан Гаалийн ерөнхий газрын 3 нэгж хариуцлагагүй ажилласан, компьютер, техник хэрэгслийг захиалах, нийлүүлэх, тараах үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, тэдгээрийн хамгаалалт, хадгалалт, ашиглалтын асуудлыг орхигдуулсан гол зөрчил илэрсэний дагуу компьютер, техник хэрэгслийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, хяналтыг сайжруулах зөвлөмжүүд гарч, Гаалийн ерөнхий газрын тушаалаар батлагдан Аж ахуй үйлчилгээний албаны ажлыг сайжруулах иж бүрэн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж байгаа аж.
Гаалийн ерөнхий газрын дулаан гараж, талбайн зогсоолын ашиглалтад хийсэн дотоод аудит
Гаалийн ерөнхий газар болон Гаалийн төв лабораторийн дулаан гараж, гадна талбайн зогсоолын хуваарилалт, ашиглалтанд дотоод аудит хийжээ.
Аудитын явцад Гаалийн ерөнхий газрын дулаан гараж нь Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан Монгол улсын стандарт, “Авто зогсоол” MNS 5342:2007-ын зарим шаардлагыг хангахгүй байгаа, түүнчлэн гаражийн урд талын хэсгийг ажилтнуудын цайны газар болгон тохижуулжсан,
6 автомашины зогсоолыг Гаалийн ерөнхий газрын агуулахын зориулалтаар ашиглаж, хуучин конторын барилгаас гарсан хуучин материал, тавилга, эд хогшилуудыг хураасан байгаа, конторын гадна талбайн зогсоолыг эмх цэгцтэй байлгах зорилгоор Аж ахуй үйлчилгээний албанаас 2012 оны 6-р сард Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага болон гаалийн улсын ахлах байцаагч нарын машиныг ил зогсоолд байрлуулж байхаар гаргасан хуваарь мөрдөгдөхгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.
Иймд ГЕГ-ын битүү зогсоолыг зориулалтын дагуу бүрэн ашиглах, Гаалийн ерөнхий газрын гадна талбайн зогсоолд байрлах автомашины хуваарийг гаргах, Гаалийн ерөнхий газрын дулаан гараж, гадна талбайн зогсоолыг ашиглах, хяналт тавих талаар дотоод дүрэм, зааврыг боловсруулан мөрдөн ажиллах, хяналт тавих, Гаалийн ерөнхий газрын агуулахын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн аудитын дүгнэлт зөвлөмж гарч, Гаалийн ерөнхий газрын тушаалаар Аж ахуй үйлчилгээний албаны ажлыг сайжруулах иж бүрэн төлөвлөгөө гарсан.
ГЕГ-ын ажилчдын цайны газрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит
Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажилчдын цайны газрын хоолны амт, чанар, хүртээмжтэй байдал, үйлчилгээний стандарт зэрэгт үнэлгээ өгөх зорилгоор тус цайны газрын үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийжээ. Шалгалтын хүрээнд ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.
Гаалийн ерөнхий газрын цайны газарт бүртгэлтэй гал тогооны зориулалт бүхий 12 нэр төрлийн 6.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгө суурилуулсан байгаагаас 36.0 мянган төгрөгийн үлдэх өртөг бүхий махны машинаас бусад эд зүйлсийн элэгдлийн хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул цайны газрыг түрээсэлж, ажилтнуудад нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж буй “Боса кетринг” ХХК нь шаардлагатай зориулалтын тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллаж байна.
Тогооч нар бүгд мэргэжлийн үнэмлэхтэй, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хугацаанд хамрагдсан, хоол хийх “Технологийн карт” хөтөлдөг, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны 8 самбар байршуулсан, зааварчилгаа өгч хэвшсэн байна.
Дотоод аудитын явцад цайны газрын үйл ажиллагааны ашиглалтын зардал болох ус, цахилгааны төлбөрийн асуудал түрээсийн гэрээнд тусгагдаагүй, улмаар цахилгааны тоолуурын баталгаат хугацаа дууссан, тусгаарласан усны тоолуур байхгүйгээс ашиглалтын заалтыг хэмжээгүй, тооцож тогтоогоогүй,
2013 оны эхний улирлын байдлаар түрээсийн төлбөр огт төлөөгүй, байнга үйлчлүүлдэг албан хаагчдын тоо харьцангуй цөөн, хоолны амт чанар хангалтгүй, үнэ өндөр, үйлчилгээний шуурхай байдал хангалтгүй,
Аж ахуй үйлчилгээний албаны чиг үүрэг, даргын ажлын байрны тодорхойлолт, сувилагчийн хөдөлмөрийн гэрээнд цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах талаар тодорхой тусгасан хэдий ч зөв зохистой хооллолтыг нэгтгэсэн ажил төлөвлөж, хэрэгжүүлэх, хоолны дээж, чанарт өдөр бүр үзлэг хийх, ажлын байрны хэвийн нөхцлийг хангах чиглэлээр тогтмол хяналт тавьж ажиллаагүй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүд гарчээ.
Дотоод аудитын тайланг Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ажилтнуудын цайны газрын үйлчилгээг сайжруулах үүрэг даалгаврыг ГЕГ-ын холбогдох нэгжүүд болон “Боса кетринг” ХХК-д тус тус өгсөн байна.
Эх сурвалж:
URL: