Чононд хазуулсан хүмүүсийн бие хүндэвтэр байна
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын төв рүү галзуу чоно дайран орж, хорооллын эхний айлуудын мал нохойг барьснаас гадна гурван хүн урсан хэрэг гарсан билээ.
Чононд уруулсан хүмүүс нь шокын байдалтай, цус их алдсан байсныг сумын эмнэлгийн эмч ажилчид анхны тусламж үзүүлэн, яаралтай арга хэмжээ авсан байна.
Галзуу чононд уруулсан 56 настай А, 52 настай Х нар нь эгч дүүс гэнэ. Х нь хөнгөн шархтай бол А-гийн хувьд шархны талбай ихтэй, толгойн өвдөлт нь намдахгүй байгаа аж. Харин 36 настай эрэгтэй Д-гийн хувьд мөн шархны талбай ихтэй гэнэ. Одоогоор эдгээр гурван хүн бүгдээрээ босч яван, цай хоолоо ууж идэж байна.
Өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгааг асуухаар тэдний хэвтэн эмчлүүлж буй Мэс заслын тасгийн их эмч Ц.Балжиннямтай уулзахад “Чононд уруулсан хүмүүсийн шархыг цэгцэлж, байхгүй хэсгүүдийг эвлүүлж нийлүүлэх, галзуугийн вакцин хийх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бүрэн авсан. Одоо эмчилгээ хийгдээд явж байна. Хугацаа алдалгүй ийлдэсээ захиалж хийсэн. Галзуу араатанд хазуулсан, бас халдварласан байдал зэргээр нь тэдний биеийн байдлыг хүндэвтэр гэж үзэж байгаа” хэмээн хариуллаа.
Галзуу чононд уруулсан хүмүүстэй хамт Тэс сумын 11 дүгээр багийн иргэн Ц гэгч боомоор өвдсөн оноштойгоор мөн Улаангомд ирж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдал хэвийн байна.
Увс аймаг Б.Батхүү montsame
URL: