Таван настай хүүгээ тамлагч эцгийг өнөөдөр шүүнэ
Төрсөн хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэйг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд 13.00 цагаас эхэлнэ. Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү И болон түүний ээж О.Болормаа, тэдний өмгөөлөгчөөр Н.Эрдэнэбат нар оролцохоор болжээ. Уг хурал насанд хүрээгүй хүүхдэд холбоотой учраас хаалттай хэлэлцэх юм байна. Тэдний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдсон ч шүүгдэгч Н.Довжинсүрэнг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Сануулбал, өнгөрсөн тавдугаар сард Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн юм. Н.Довжинсүрэн өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, арав гаруй удаа эрүүлжүүлэгдэж байжээ.
URL: