“Нарантуул”-ын нэг үндсэн түрээслэгчийн ард 14 давхар түрээслэгч байна

1_1377653274“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах бүхэлдээ шатаж олон наймаачдын бараа бүтээгдэхүүн галд өртөн ихээхэн хэмжээний хохирол учирсан. Тус худалдааны хэсэгт албан ёсоор гэрээ байгуулсан 300 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг байсан талаар захын удирдлагууд мэдэгдээд байгаа. Гэвч бодит байдал дээр дээрх үндсэн түрээслэгчдийн ард 1000 гаруй давхар түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан гэж тус худалдааны төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэж байгаа юм.

“Нарантуул” захын нэг лангуу нь 30 метр квадратаас дээш хэм­жээтэй учир үндсэн түрээслэгч өөрийн лангуун дээрээ наймаа эрхлэхийн хажуугаар нэг болон түүнээс дээш хүнд давхар түрээслэх нь хэвийн үзэгдэл болсон аж. Ингэхдээ худалдааны төвөөс давхар түрээслэгч нартай ямар нэгэн албан ёсны гэрээ хийдэггүй аман тохиролцооны үндсэн дээр түрээсэлдэг байна. Давхар түрээслэгчдийн ихэнх нь тав болон түүнээс дээш жил “Нарантуул” зах дээр худалдаа най­маа эрхэлсэн хүмүүс байдаг аж. Давхар түрээслэгч нар нь УИХ-ын гишүүд болон захын удирдлагуудад энэ тухайгаа уламжилсан ч авч хэлэл­цэхгүй байгаа аж. Нарантуул захын хүнсний хэсэг шатсаны дараа УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу түрээслэгч нартай очиж уулзсан. Тэрбээр тухайн үед “Бид үндсэн түрээслэгч нарынхаа хохирлыг яаралтай барагдуулах бол­но. Харин давхар түрээсийн асуудал нь гэрээ зөрчсөн учир “На­ран­туул” захын удирдлагуудад ямар ч хамаагүй. Түрээслэгчдийн хоо­рондын” гэж мэдэгдсэн. Энэ мэт байдлаас харахад Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын холбоо гэдэг шиг “Нарантуул”-ын давхар түрээслэгчдийн холбоо бий болохыг үгүйсгэх аргагүй юм.

 

Давхар түрээслэгч нарын талаар “Нарантуул” захын түрээс­лэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч З.Амар­жар­галаас зарим зүйлийг тодруулсан юм.  

 

-Энэхүү шатсан хүнсний хэсэгт нийт хичнээн түрээслэгч наймаа эрхэлдэг байсан юм бэ?

-Шатсан хэсэгт “Нарантуул”-тай гэрээ хийсэн нийт 300 гаруй түрээслэгч наймаа эрхэлдэг гэсэн албан ёсны тоо байдаг юм. Гэхдээ тэдний цаана давхар түрээслэгч болон цайны газрын ажилчид гээд бараг 2000 гаруй хүн ажлын байргүй болчихоод байна.

-Давхар түрээслэгч нарын тоог нарийн нягталж гаргасан уу?

-Үйлдвэрчний хорооны зүгээс давхар түрээслэгч нартай тулж харилцдаггүй учраас нарийн тоог нь гаргаж чадаагүй байна. Ямартай ч нэг лангуу нэгээс хоёр давхар түрээслэгчтэй гээд бодохоор бараг­цаалбал 1000 гаруй хүн байгаа гэсэн албан бус тооцоо байна.

-Тэгэхээр давхар түрээслэгч нар үндсэн түрээслэгч нараасаа бараг гурав дахин их юм бай­на. Тэдний хохирлыг захын удирд­лагууд барагдуулах талаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийсэн болов уу?

-Захын удирдлагуудын зүгээс юуны өмнө үндсэн түрээслэгч нарынхаа хохирлыг гэрээнд заасны дагуу гурван сарын дотор барагдуулхаа мэдэгдсэн. Харин дав­хар түрээслэгчдийн хувьд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан учраас түрээслэгчдийн хоорондын асуудал гэж мэдэгдсэн.

 

Х.Сарантуяа: ДАВХАР ТҮРЭЭСЛЭГЧ НАРЫНХАА ХОХИРЛЫГ ЧАДАХААРАА БАРАГДУУЛНА

 

“Нарантуул”-ын хүнсний захын зоорийн давхарт дайвар бүтээгдэхүүн, мах машины цех хэсгийн өрөөнүүдийг түрээслүүлдэг байсан үндсэн түрээслэгч Х.Сарантуяатай ярилцлаа.

-Та шатсан захын аль хэсэгт үйл ажиллагаа явуулдаг бай­сан бэ. “Нарантуул” захын удирд­лагуудтай хэчнээн мерт квадрат хэмжээ бүхий талбай түрээслэх гэрээ хийсэн юм бэ?

-Би “Нарантуул”-ын агуулахын өрөөнд нийт 30 метр квадрат талбай бүхий газрыг түрээсэлдэг байсан. Өөрийн үйл ажил-лагааг эрхлэхээс гадна агуулахын өрөөнүүддээ лан­гуу тавьж хүмүүст худалдаа эрхлэх боломжийг нь бүрдүүлж өгдөг байсан юм.

-Хэчнээн хүнд лангуу түрээс­лүүлдэг байсан бэ?

-Би 14 хүнд лангуу түрээслүүлдэг байсан. Гал гарснаас болоод ганц миний ард л гэхэд 14 хүний амьдрал хэцүү байдалд орчихоод байна.

-Нэг хүнд хэдэн метр квадрат газрыг, хэдэн төгрөгөөр түрээслүүлдэг байсан  юм бэ?

-Нэг хүнд 1.5 метр квадрат газ­рыг сарын 250 мянган төгрөгөөр түрээслүүлдэг  байсан. “Нарантуул”-ын үндсэн түрээслэгч нар бүгд л иймэрхүү байдлаар давхар түрээс авдаг шүү дээ.

-Та болон танай талбайг түрээсэлдэг давхар түрээслэгч нар хичнээн төгрөгийн хохирол амссан бэ?

-Зоорийн давхарт ихэнхдээ дай­вар бүтээгдэхүүн болон мах машин­дах хэсэг байрладаг бай­сан. Тиймээс өдөртөө бараа бүтээг­дэхүүнээ борлуулчихдаг бай­сан учраас их хэмжээний хохирол амсаагүй. Гэхдээ мах машин­дах цехийн түрээслэгчийн мах­ны машин нь эвдэрч долоон сая төгрөгийн хохирол амссан. Түрээслэгч нарын зүгээс хурдан ажлын байртай болгож өгөөч гэсэн саналыг тавьж байгаа.

-Давхар түрээслэгч нартайгаа ямар нэгэн гэрээ хийсэн үү?

-Би хувьдаа тэдэнтэй гэрээ хийсэн. Эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулах, ариун цэврийн байдлыг сахиж ажиллах гэх зэрэг нөхцөл байдлын гэрээ хийсэн байсан. Гэрээний тодор­хой зүйлүүдийг сайн санахгүй байна.

-Үндсэн түрээслэгчийн хувьд та давхар түрээслэгч нарынхаа хохирлыг яаж барагдуулах вэ?

-Ямартай ч холбогдох албаны хүмүүст нь мэдүүлэг өгнө. Тэгээд хохирлын хэмжээг тогтоосны дараа бага хэмжээгээр ч болтугай барагдуулна л гэж бодож байна. Тэрбээр ийн ярьсан юм. Харин давхар түрээслэгч нар ийнхүү ярьж байна.

 

М.Цэрэнханд: ХОХИРЛЫНХОО ХЭМЖЭЭГ Ч МЭДЭГДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ

 

Хүнсний захын чихрийн лангууг давхар түрээслэгч н.Цэрэнханд

-Та ямар бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан бэ?

-Чихрийн лангуутай байсан. Лангууныхаа ард жижиглэн зардаг байсан.

-Давхар түрээслэгч нарын хохиролыг үндсэн түрээслэгч нар нь барагдуулна гэж захын удирд­лагууд мэдэгдсэн юм байна. Та үндсэн түрээслэгчээсээ энэ талаараа асуусан уу?

-Миний энэ түрээсэлсэн хэсэг давхрын давхар түрээслэгчтэй бол­чихсон. Яг “Нарантуул”-тай гэрээ хийсэн үндсэн түрээслэгчийг нь хэн гэдгийг ч мэдэхгүй байдалтай л байна даа.

-Таньд ямар хүн энэ хэсгийг түрээсэлсэн юм бэ?

-Миний хажуугийн лангууны эгч таньдаг гэсэн тэгээд одоо мэдүүлэг өгөх гэхээр үндсэн түрээслэгч биш гэх юм. Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид хохирлын хэмжээгээ ч мэдэгдэж чадахгүй байдалд орчихоод байгаа учир хохирлоо барагдуулж чадах эсэхдээ эргэлзэж эхлээд байна.

-Та лангуу түрээслэхдээ гэрээ хйисэн үү?

-Гэрээ хйигээгүй. Аман тохиролцооны үндсэн дээр түрээслэсэн

-Хохиролын хэмжээгээ тоо­цоод гаргачихсан уу?

-Миний хувьд нарийн тоо­цоо­лоогүй. Гэхдээ ямар ч байсан дөр­вөн сая төгрөгйин бараа  бай­сан.

-УИХ-ын гишүүд болоод захын удирдлагуудад нөхцөл байдлаа танилцуулсан уу?

-Танилцуулсан гэвч та нарт гэрээ байх ёстой гэсэн үгээр ам таглаад байна хэмээн ярьж байна.

 

Н.Баасандэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих