Монгол иргэдэд зориулан Солонгосын зарим хуулиудыг орчуулж таниулдаг

Монгол иргэдэд зориулан Солонгосын зарим хуулиудыг орчуулж таниулдаг

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Солонгос улсын Хууль тогтоомж боловсруулах яамны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын хувьд эрх зүйн салбарын шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарч байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга хэлээд Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцлов. Мөн тэрээр цаашдаа тус улстай эрх зүйн салбарт улам илүүтэй хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлээд БНСУ-д энэ чиглэлээр боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх сургалт, семинарт өөрийн мэргэжилтнүүдийг хамруулах хүсэлтэйгээ илэрхийлэв.

БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яамны төлөөлөгчдийн зүгээс хууль эрх зүйн чиглэлээр 2011 онд Монгол Улстай байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн талаар санал солилцоод тус улсад сурч, ажиллаж амьдардаг 30 мянгаад монгол иргэдэд чиглэсэн Солонгосын хууль тогтоомжийг сурталчлан таниулах тайлбар, товхимолыг хүргэдэг тухайгаа хэллээ. Мөн монгол оюутнууд, ажиллагсдад зориулан зарим хуулиудаа орчуулан яамныхаа цахим хуудсанд байршуулдаг, энэ нь багагүй хүндрэлтэй байдаг ч гэлээ Монголын хууль тогтоомжуудыг солонгос хэл дээр хөрвүүлэх ажлыг цаашид ч идэвхтэй хийх болно гэлээ.

Хууль, эрх зүйн салбарын шинэчлэлийн асуудалд илүүтэй анхаарч ажиллаж байгаа энэ үед БНСУ-ын Хууль тогтоомж боловсруулах яамны төлөөлөгчдийн хийж буй энэ удаагийн айлчлал нь цаг үеэ олсон чухал айлчлал болж буйг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж уулзалтын үеэр онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

/open.parliament.mn/


URL:

Сэтгэгдэл бичих