Н.Энхболд: Засгийн газрын хариуцлагагүй мэдэгдэл хөрөнгө оруулалтыг зогсоолоо

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.

-Ээлжит бус чуулганы хуралдаан хойшилсон сураг байна. Танай бүлгийн зүгээс хуралдааныг аль болох эртхэн хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа байх аа?

-Ирэх сарын 16-наас хийж магадгүй гэсэн яриа бий. Уг нь эртхэн хийх ёстой байсан юм. Манай бүлгийн зүгээс аль эрт эдийн засаг, санхүүтэй холбоотой нөхцөл байдлыг хэлэлцээд чуулганыг эртхэн хуралдуулъя гэсэн санал хүргүүлсэн.

Харамсалтай нь, саналд маань ямар ч хариу өгсөнгүй. Ер нь үүссэн нөхцөл байдлыг хурдан хугацаанд хэлэлцэхгүй бол удах тусам хүндрэх шинжтэй. Вальютын нөөц, хөрөнгө оруулалт багасч байна шүү дээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрдэмтэд, шинжээчид санхүү, эдийн засгийн байдлыг хүндрэх нь гэж мэдэгдэж байгаа. Энэ хүндрэл урьд нь явуулж байсан бодлого гэхээс илүү сүүлийн нэг жилийн дотор явуулсан бодлоготой холбоотой. Яагаад гэвэл өнгөрсөн оны УИХ-ын сонгууль хүртэл хөрөнгө оруулалтын хэмжээ буураагүй нэмэгдэж байсан. Гэтэл сонгуулийн дараа гарч ирсэн сайд нарын мэдэгдэл, явуулж байгаа үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагч нарт болгоомжлол төрүүлж орхиж. Бидэнд  байгаа мэдээллээр ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлох, хүлээх байдалд хүргэсэн гэнэ лээ. Энэ бүхнийг чуулганаар хатуухан ярихгүй бол Засгийн газрын хэмжээнд шийдэгдэхгүй нь бололтой.

-Төсвийн тодотгол хийх ёстой юу?

-Төсвийн тодотгол хийж магадгүй. Хэдэн төгрөгийн алдагдалтай гарч байна,  Төсвийн тухай хуулиуд хангагдаж байна уу гэдгийг эргэж харж таарах байх. Эрх баригч нам үүнийг анхаарах байлгүй.

-Таныг ингэж хэлэх ч  Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөр тайлбар хийж байгаа. Эдийн засаг хямраагүй гэж?

-Өөрийгөө хамгаалах нэг хэрэг. Гадаа гараад дэлгүүрт ороод барааны үнэ сонирхох өөр хэрэг. Монголын хувь заяаг шийдэж байгаа нь Засгийн газар ганцаараа  биш. Засгаас гадуур хүрээнд яригдаж байгаа зүйлийг анхаарахгүйгээр бүхнийг сайн сайхан гэж хэлэхийг нь сонссон хэн ч худлаа ярьж байгааг нь мэдэх биз.  Төгрөгийн ханш суларч, валютын ханш чангарч, улс орны эдийн засгийн байдалд хүндрэл үүссэн байна. МАН олон жил засгийн эрх барьсан, ард түмэнтэйгээ ойр ажилладаг улс төрийн хүчний хувьд байр сууриа илэрхийлэх ёстой. Өнөөдөр эрх баригчид бурууг бусдаас хайж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэлийг зөвхөн өмнөх Засгийн газрын балаг мэтээр тайлбарлаж байна. Уг нь асуудалд ингэж хандах учиргүй. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлээд нэг жил өнгөрч байна. Үнэхээр өмнөх засгийн ажил муу байсан бол засч залруулж, сайн сайхан болгочих цаг хугацаа хангалттай байлаа.  Харамсалтай нь, энэ Засгийн газрын үйл ажиллагаанаас тодорхой үр дүн харагдахгүй байгааг хэн ч хэлэх байх.  Хэрэв өмнөх Засгийн газрын ажил муу байсан бол тэр үед өндөр албан тушаал хашиж байсан энэ хүмүүстэй ч бас холбоотой байж таарна. Тийм учраас бурууг бусдад тохох байдлаар асуудалд хандаж болохгүй. Цаашдаа бусдыг буруутгаж биш, Ардчилсан нам эрхээ эдэлж байгаа эрх баригч намын хувьд тулгамдсан асуудалд анхаарч, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж ажиллах хэрэгтэй байна. МАН 2012 оны сонгуулийн дараа ямар улс орныг шинэчлэлийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн гэвэл ингэж хариулна. Өмнөх Засгийн газрын үед Монгол Улсын мал 50 саяд хүрч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт өсөлт бий болсон. 400 мянган тонн улаан буудай хурааж, улсынхаа гурилын хэрэгцээг бүрэн хангаж, гадаадад экспортлох хэмжээнд хүрч байсан. Улсын валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Нүүрс бага хэмжээгээр экспортолдог байсан Монгол Улс жилд 30 сая тонн нүүрс экспортлох бүрэн хүчин чадалтай болсон. Аймгуудыг холбосон хатуу хучилттай замуудын ажил өмнөх Засгийн газрын үед эрчимжиж, өнөөдөр үр дүн нь гарч байна. Ядуурал 40 хувьтай байсан бол 30 болж буурсан зэрэг эерэг үзүүлэлттэй улс орныг шинэчлэлийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн.

 -Танай намын зүгээс сүүлийн үед эрх барих хугацаандаа “17 хувийн өсөлттэй эдийн засагтай улс орныг бид хүлээлгэн өглөө” хэмээн Ардчилсан намд гүйцэтгэх засаглалын тамга шилжүүлэх үедээ мэдэгдэж байсан. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт эсрэгээрээ эргэж байх шиг байна. Та үүнд ямар дүгнэлт өгч байнаа вэ?

-Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр буюу 2008-2009 онд МАН сонгуульд ялж, Засгийн газраа байгуулаад нэг жилийн дотор эдийн засгийн хямралыг даван туулж чадаж байсан. Тодруулбал 2009 онд эдийн засгийн өсөлт хасах 1.6 хувьтай байсныг 2010 он гэхэд 6.4 хувийн өсөлтөд хүргэсэн. Бүр дэлхийд тэргүүлэх хэмжээнд буюу жилийн 17.5 хувьд хүргэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг жилд дөрвөн тэрбум ам.доллараар татсанаар ядуурлыг 39 хувиас 26 хувь хүртэл бууруулсан.Ингэснээр энэ жилдээ экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үндэс суурийг тавьсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг тэр үетэй харьцуулбал дэндүү харамсалтай дүр зураг харагдаж байна. Эдийн засгийн орчин дахь төрийн оролцоо, зохицуулалтын хэрээс хэтэрлээ. Хэт их улстөржсөн, популист шинж чанартай, бодлогогүй, ялгаварласан алхмууд олноор хийгдэж байгаа нь өөрөө эдийн засаг хүндрэх үндсэн шалтгаан болж байна.

-“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг эргүүлэн татах тухай улс төрийн хүрээнд яригдаж байгаа гэх юм?

-Бүлгийн даргын хувиар би “Оюутолгой” төлөөлөл удирдах зөвлөлд сууж байгаа гишүүдтэй утсаар ярьсан. Та бүхэн болж байгаа үйл явцын талаар төрийн байгууллага, Засгийн газарт мэдээлэл өгөөч гэж.  Ер нь ТУЗ-д сууж байгаа хүмүүсээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж харахгүй байна. Тэр хүмүүс өөрсдийнхөө чадах хэмжээндээ асуудлаа ярьж байсныг нь мэднэ. Харин Засгийн газрын хэдэн гишүүд “Оюутолгой” компани руу бичиг цаас явуулахаас эхлээд анх байгуулсан гэрээнээсээ зөрсөн мэдэгдэл гаргахаар нь хөрөнгө оруулагч нар болгоомжлох нь аргагүй. Гэрээнд нөхцөл байдлыг харгалзаж үзээд сайжруулах, боловсронгуй болгох зүйлүүд бий.

Д.БОЛОР/ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих