Боомтой малын мах жижиглэнгээр худалдаалагджээ

d9c96c4d2e35f5435582d0a7c3e5cd79_x3Увс аймгийн Тэс сумын 11-р багийн иргэн 3 хоног халуурсны эцэст эмнэлэгт үзүүлэхэд боом өвчнөөр халдварласан нь тодорхой болсон байна. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Албаныхан тус иргэнийг 8 хоногийн өмнө адуу өвчихдөө боом өвчнөөр өвчилсөн байх магадлалтай гэж үзжээ. Харин өвчилсөн адууны мах Улаангом хотод орж зах дээр жижиглэнгээр худалдаалагдсан байна. Бас хиамны цехүүдэд ч тараагдсан гэдгийг тус аймгийн Онцгой байдлын хэлтэсээс тогтоожээ. Дээрх мэдээллийн дагуу Увс аймгийн Онцгой байдлын хэлтсийн  дарга Онцгой байдлын дэд хурандаа Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Танай аймгийн Тэс сумын 3 иргэн галзуу чононд хазуулаад нэгийнх нь биеийн байдал тааруу байгаа гэж сонслоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-8 дугаар сарын 24-ний өдөр 04 цаг 40 минутад Тэс сумын иргэн н.Янжмаа гэдэг хүн манайд мэдээлэл өгсөн байна. Тэс сумын Тооромт гэдэг газарт 3 дугаар багийн иргэн н.Агиймаа 56 настай эмэгтэй, н.Тэмүүжин 37 настай эрэгтэй, 52 настай эмэгтэй гурван иргэнийг галзуу чоно хазаж гэмтээсэн гэсэн мэдээ ирсэн. Ингээд мэдээллийн дагуу ажлын хоёр хэсэг болж тэнд ажиллагаа явуулсан. Тэгээд чононд хазуулсан нэг иргэн вакцинаа хийлгээд одоо орон нутагтаа хяналтанд байна. Харин нөгөө хоёр иргэн нь Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

-Нэгийнх нь биеийн байдал муу байгаа гэсэн?

-Ерөнхийдөө биеийн байдал жаахан тааруу. Нэг нь бол босоод яваад гайгүй байна гэж эмчилж байгаа эмч нь надад хэлсэн.

-Мөн бас Тэс суманд адуу өвчсөн нэг хүн боом өвчнөөр өвдөөд муу байгаа гэж сонссон. Тэр талаар мэдээлэл өгөөч?

-Боом өвчин авсан нэг иргэн бий. Тэр иргэн бас Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна.

-Боом өвчтэй адууны мах танай аймагт жижиглэнгээр худалдаалагдсан байж болзошгүй гээд байгаа. Энэ тал дээр танайхаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Мэргэжлийн хяналтын газраас тандалт судалгаа хийгээд явж байна.

-Тэр мах худалдаалагдсан байлаа гэхэд уг махыг хэрэглэсэн хүнд боом өвчин халдах уу?

-Тэрийг одоо хараахан хэлж өгч чадахгүй. Хиаман цехэд ороод боловсрогдоод гарсан байгаа хиаманд л шинжилгээ явагдаж байна. Тэнд тэр өвчин байгаа юу, үгүй юу гэдгийг шинжилгээ гарсаны дараа хариуг нь өгье.

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Өнөө маргаашгүй гарчих байх.

aravt.mn


URL:

Сэтгэгдэл бичих