Өвлийн улирал эхэлтэл шөнийн троллейбусаар үйлчилнэ
“Эко шөнийн тээвэр” төслийг туршилтын шугамаар хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Уг төслийн талаар Нийтийн тээврийн газрын Нийтийн тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
-Иргэдэд шөнийн цагаар үйлчилж байгаа троллейбусны талаар тодруулаач?
-Зам тээврийн сайд, Нийслэлийн Засаг даргатай авто тээврийн салбарт 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичигт зааснаар буухиа үйлчилгээ болон шөнийн тээврийг явуулахаар болсон. Уг ажлын бэлтгэл болгож “Цахилгаан тээвэр” компанитай хамтран шөнийн троллейбусыг явуулж байгаа.
-Шөнийн троллейбусыг хэзээнээс явуулж эхэлсэн бэ. Цаашид байнга явах уу?
-“Цахилгаан тээвэр” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа “Эко шөнийн тээвэр” төслийг туршилтын шугамаар өнгөрөгч долдугаар сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хүйтний улирал эхэлтэл явуулах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь цааш үргэлжлэх эсэхийг Хотын захиргаанаас шийдэх байх.
-Өнгөрсөн хугацаанд иргэд шөнийн троллейбусаар үйлчлүүлж хэвшиж байна уу?
-Одоохондоо хангалттай хэмжээнд зорчигч үйлчлүүлэхгүй байгаа. Учир нь троллейбус замаас гардаггүй учир тухайн зорчигчийн хүссэн газарт очих боломжгүй. Тиймээс иргэд тэр бүр троллейбусаар үйлчлүүлэхгүй байгаа байх. Гэхдээ 7-9 дүгээр саруудад нийслэлийн иргэд ихэнх нь амарчихдаг. Тиймээс туршилтын хугацаа амралтаар таарсан учир хангалттай зорчигч үйлчлүүлээгүй байх. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Мөн ээлжийн амралтаа авсан хүмүүс ажилдаа орчихоор үр дүн арай өөр болох байх гэж найдаж байгаа.
-Троллейбус хэдээс хэдэн цагийн хооронд явж байгаа вэ. Яагаад заавал троллейбусыг сонгосон юм бэ?
-Туршилтаар явж буй шөнийн троллейбус маань 23.00-05.00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа. Автобус бус троллейбус сонгох болсон учир нь хүн бүрийн амрах цагаар явах учир дуу чимээ багатай, хорт утаагүй, эко гэдэг утгаар нь сонгосон юм.
-Иргэд хэдэн төгрөгөөр зорчих боломжтой вэ?
-Зорчих тасалбарын үнийн хувьд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчих боломжтой. Ер нь шөнийн тээврийг ажиллуулснаар одоохондоо “Цахилгаан тээвэр” компанид ашиггүй ч үйлчлүүлж үзсэн иргэдийн хувьд сэтгэл өндөр байдаг юм билээ.
-Шөнийн тээвэр хэдэн чиглэлд явж байгаа вэ?
-Маршрутын тухайд нийслэлийн босоо тэнхлэг буюу хэвтээ тэнхлэгт явж байгаа. Тодруулбал, Ханын материал – Офицеруудын ордон – Ботаник болон III,IV хороолол – БММЗ гэсэн чиглэлүүдэд үйлчилж байна. Туршилтын хугацаанд чиглэл тус бүрт нэг цагийн зайтай явах юм. Харин тогтмол цагт буудал дээр зогсч, үйлчлэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс троллейбусыг бүрэн камержуулсан.
-Сүүлийн өдрүүдэд троллейбус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа. Уг зохицуулалт хэзээг хүртэл үргэлжлэх вэ?
-Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнд зохицуулалт хийхээр болсон. Тодруулбал, энэ сарын 24-нөөс 31-нийг дуустал найм хоногийн хугацаанд автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ялган хязгаарлаж хөдөлгөөнд оролцохоор болсон. Дугаарын хязгаарлалтын хийж буйтай холбоотойгоор нийтийн тээврийг хангалттай хүрэлцээтэй болгох зорилгоор троллейбусаар тус өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа. Тиймээс уг ажлын хүрээнд өдөр тутамд 50 троллейбус гурван чиглэлд үнэ төлбөргүй үйлчилж байгаа.
Тодруулбал, Ханын материал–Офицеруудын ордон – Ботаник, III, IV хороолол – БММЗ , Офицеруудын ордон- Вокзал гэсэн гурван чиглэлд найм хоног иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Ж.Отгонмягмар
URL: