“Нинжа”-д ээлтэй Ж.Батсуурь

gishuun_batsuuri_jТүүнийг УИХ-ын дуугүй гишүүдийн нэг хэмээн ихэнх нь үздэг. Бас ярьдаг. Нээрээ ч юм болгон дээр өөрийнхөө үгийг хэлээд байдаггүй. Бусдынхыг ч давтах хэрэггүй гэж үздэг юм шиг байна билээ.

Ингэхэд чимээгүйхэн хувиа борлуулаад явдаг хүн бий. Жамъянсүрэнгийн Батсуурь тийм л хүн. Үүнийг хувиа хичээсэн гэдэг утгаар нь хэлээгүй юм шүү. Харин хийж байгаа ажил, төсөөлж төлөвлөж буй зүйлээ дуулиан шуугиан болгодоггүй гэдгээр нь дүгнэв. Ерөнхийдөө сенсаац тарих дургүй гэсэн үг. Чимээгүйхэн хийгээд явж байхад арга нь олдоно биз дээ л гэж боддог хүн. Түүний энэ арга ч зөв гэдгийг сонгууль батлав. Тэрбээр төрсөн нутгаасаа хоёрдахь удаагаа УИХ-д сонгогдлоо шүү дээ. Ингэхэд хэр баргийн хүн найман жилийн хугацаанд нэг аймгийн засаг даргаар ажиллах нь тун ховор. Мань эр харин их соён гэгээрүүлэгч, хутагт Данзанравжаагийн нутагт Дорноговь аймгийн засаг дарга ноёны суудалд найман жил суусан. Энэ хугацаанд хийсэн зүйл ч нэлээд бий. Шүүмжлүүлсэн юмнууд ч бас байдаг. Тухайлбал Равжаа хутагтын хөшөө. Сайншандын төв цэцэрлэгт тээр жил босгосон хөшөөг нь Дорноговьчууд Хятадын юань дээр байдаг хүний зурагтай адилхан болж гээд ихэд шүүмжилж байсан юмдаг. Харин мань нөхөр үүнийгээ засч залруулсан гэлцдэг байх шүү. Мөн энэ хугацаанд магтуулж мандсан удаа олоон, олон. 2003 онд л гэхэд Дорноговь аймгийн Засаг дарга байхдаа Зүүнбаянгаас Оюутолгой, Тавантолгой, Сайншандаас Сүхбаатар, Дорнодын зүг төмөр зам тавих тухай төсөл боловсруулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж байсан жижигхэн биетэй ч “том толгойтой” нөхөр. Аймгийн засаг дарга байхдаа шүү дээ. Даанч нөгөөхийг нь манай “аваргууд” тоож үзээгүй юм. Гэтэл одоо яаж байна. Төмөр замын тухай ид яригдаж, дээр дооргүй бөөн хэрүүл болж байна шүү дээ.

Түүнийг ингэхэд хамгийн азтай Засаг “ноён” гэлцдэг байлаа. Жинхэнэ баялаг дээр сандайлсан нөхөр гэлцэх. Үнэн л дээ. Дорноговь баян. Газрын баялгаараа. Барилгын материалын асар их нөөцтэй. Уран бий. Хамгийн гол нь нефттэй. Ингэхэд түүнийг өнгөрсөн 4 жил буюу 2008-2012 оны парламентад суулгүй Засаг дангаараа ажилласан бол дорнын говьчуудад ихээхэн хэрэгтэй байлаа гэх хүн бий. Мөн нөгөө талаас мань нөхөр харин ч Өмнөговь шиг хамаг юмаа ухуулалгүй үлдсэн гавъяатай гэлцэх нь ч байдаг. Гэвч энэ бүхнийг эцсийн эцэст цаг хугацаа шүүнэ. Яасан нь зөв байв гэдгийг. Харин одоо Сайншандын аж үйлдвэрийн парк гэх үг түүний амнаас гарах болсон байна билээ. Зөв дөө хө. Хилд ойрхон, зам тээврийн гол зангилаан дээр суудаг Сайншанд л аж үйлдвэрийн хот болох магадлал үнэхээр өндөр. Нөгөө талаас түүний нэртэй холбоотой нэгэн хууль батлагдсан. Тэр нь гар аргаар алт олборлогчдыг цэгцэлсэн Бичил уурхайн тухай хууль. Мөн ч олон жил дуншсан хуулийг тэр эх барьж авснаараа “нинжа”-д нэн ээлтэй гэдгээ харууллаа. Мундаг байгаа биз. Хэн ч зориглож барьж авч чадаагүй өдий хүрсэн юм шүү дээ.

Сэтгүүлч Дамдингийн

Баасанжаргал

                                                                                                                               ‘’Гарааны 76’’ номоос


URL:

Сэтгэгдэл бичих