Юнител -ийн хүртээсэн таван салаа боов

6c0dd6859d37876cbig ”Юнител” энэ сарын 21-ний өглөө хэрэглэгчиддээ таван салаа боов хүртээлээ. Өглөө сэрүүлгийн

дуугаар босоод утсаа нээтэл нэг мэссэж ирж байна. Унштал “Таны долдугаар сарын төлбөр болох 1000 төгрөг төлөгдөөгуй байгаа тул таны клип үйлчилгээний эрхийг хязгаарлалаа” гэжээ. Энэ мэссэж яг л үгэнд ордоггүй хүүхэддээ аав, ээж нь таван салаа боов хүртээн шийтгэдэгтэй адилхан санагдсан. 100 төгрөгний, 500 төгрөгний, 1000 төгрөгний төлбөр дутууг зарим үйлчлүүлэгч нь аягүй бол мэдээгүй учраас төлж чадаагүй явсан байгаа. Магадгүй зарим нь төлчихсөн гээд бодоод явж байж ч магад. Мэдэж байгаа нэг нь төлж амжаагүй ч явж байж мэднэ.

Гэтэл “Юнител” клип үйлчилгээний эрхийг чинь хаалаа шүү гэж сайхнаар хэлэхэд таван салаа боов өгөв. Муухайгаар хэлэхэд сүрдүүлэг ч юм шиг. Яагаад “Юнител”-ийн мэссэж таван салаа боов шиг, сүрдүүлэг шиг санагдав гэвэл бусад бүх оронд үнэ төлбөргүй байдаг клип үйлчилгээний эрхийг хязгаарласан учраас юм. “Юнител”-ээс таван салаа боов хүртчихээд ажилдаа явлаа. Өглөө хуралдаа суулаа. Хуралд суухдаа бусдын анхаарлыг сарниулахгүйн тулд гар утсаа авч ордоггүй жишиг хаана ч тогтсон. Тэр жишгээр утсаа ширээн дээрээ орхижээ. Хурал тарлаа, утсанд хэд хэдэн дуудлага ирж. Буцаад холбогдоё гэтэл хэнээс гэдэг нь мэдэгддэггүй. Олон хүн ингэж “Юнител”-ийн таван салаа боовноос болж бухимдсан байх.

Магадгүй, зарим нь ажлаа алдсан ч байж мэднэ. Уг нь үйлчлүүлэгч хаан л гэх юм билээ. Хаандаа ингэж үйлчилдэг үйлчилгээний байгууллага олон байдаг бол ч горьгүй ээ. Хэрэглэгчдээ ингэж бухимдуулж, бага ч гэсэн хохироохгүйгээр шийдвэрлэх боломж “Юнител”-д баймаар л санагдах юм.

Наад зах нь “Таны долдугаар сарын үлдэгдэл төлбөр төд гарсан байна. Та дараа сарын төлбөр дээрээ нэмж тооцон, төлөх боломжтой” гэж болдоггүй юм болов уу. Хаана ч үнэгүй байдаг клип үйлчилгээг хааж, хэрэглэгчдээ шийтгэж байснаас энэ нь хавьгүй дээр баймаар. Бодоод үзэхэд “Клип үйлчилгээг чинь хаалаа шүү” гэсэн мэссэж хүлээж авсан хэрэглэгч айсандаа очоод төлбөрөө төлөхөөс илүү бүдүүлэг, соёлгүй үйлчилгээнд нь бухимдах л байх даа. “Юнител”-ээс өгсөн таван салаа боов ийм л чанаргүй санагдлаа. Уг нь ч аав, ээж жинтэйхэн юман дээр л таван салаа боов хүртээдэгсэн.

 

Ш.ШИЖИР

ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН ШУУДАН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих