Ш.Сайхансамбуу гэдийв

24mnэжэжэж“Нарантуул” худалдааны төвд энэ сарын 23-нд гал гарч 300 гаруй түрээслэгч хохироод байгаа юм. Уг асуудалд тус захын эзэн  Ш.Сайхансамбуу албан ёсны тайлбар өгөөгүй. Гэхдээ ерөнхий менежерээрээ дамжуулан “Гал түймрийн дүгнэлтийг гарах хүртэл мэдээлэл өгөх боломжгүй.  Мэргэжлийн байгууллага галын шалтгааныг  эцэслэн тогтоосны дараа түрээслэгчдийн хохирлыг барагдуулна” гэсэн товчхон хариултыг өгсөн юм.

 

Түүнчлэн “Таны эзэмшдэг захад гал гарсан нь  “Дүнжингарав”-ын эзний зүгээс ирсэн дайралт байв уу гэж хардах хүмүүс байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тайлбар өгөхөөс татгалзаж гэдийв. Өдгөө түүнийг олон арван жилийн турш захаас амжиргаагаа залгуулж ирсэн худалдаачдын хохирлыг хэл амгүй барагдуулж чадах болов уу гэсэн асуулт зүй ёсоор гарч байна. Бизнесийн салбарт бэл бэнчингээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг эл эрхэм “Нарантуул” захаа хэрхэн босгосон түүхийнх нь  зах зухаас сөхье.

 

“Нарантуул” худалдааны төвөөр овоглож олноо танигдан  тэрбээр чөмгөө дундартал ажиллаж байж өдий зэрэгт хүрснээ хэнээс ч нуудаггүй нэгэн. Мөнгөний машин гэх хочтой түүний мэдэлд ”Нарантуул Шилтгээн” ХХК, “Амко” ХХК, “Нарантуул Трейд” ХХК, “Нарантуул Шейл Ойл” ХХК,  Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, гурилын үйлдвэр, хоёр ч орд газар гээд үл хөдлөх хөрөнгийн жагсаалт нь хөвөрнө.

                                                 

“Нарантуул”-ыг босгосон түүх

Оюутан ахуй цагаасаа “Дэнжийн мянга”-д панз үсэргэж явсан тэрбээр  1983 онд Их сургуулийг инженер мэргэжлээр төгсчээ. Улмаар Орон сууц нийтийн аж ахуйн усны газраас ажлын гараагаа эхэлжээ. Завсарчнаас инженер, хотын захиргааны орон сууц хуваарилалтын тасгийн мэргэжилтэн хүртэл дэвшихдээ байрны бизнес эрхэлж чамлахааргүй хөрөнгө хураасан. Энэ нь өдгөөгийн “Нарантуул” захын босс болоход түлхэц болсон юм.

 

Тэр үед ч хойд хөршийн ах нар нутаг буцаж орон сууцыг нь Монголын төрийн өмчид бүртгэн авч хуваарилахад  тэрбээр голлох үүрэг гүйцэтгэн хэвтэвчээ зузаалаад авсан. Өнгөрөгч 1992 онд Засгийн газраас өмч хувьчлалын комисс байгуулагдаж улмаар 1993-1994 онд “”Дэнжийн мянга” барааны захыг хувьчлах шийдвэр гарч. Уг хувьчлалд тэрбээр төсөл бичиж нийт 11 компанитай тендерт өрсөлдөн тунаж үлдэн 49 сая төгрөгөөр хар захыг өөрийн мэдэлд авч, “саалийн үнээ” болгосон түүхтэй.

Тухайн үед захын ойролцоох нутаг дэвсгэрийн оршин суугчдын зүгээс “Замын бөглөрлийг шийд, захаа нүүлгэ” гэсэн эсэргүүцэлтэй тулсан тул  одоогийн “Нарантуул” худалдааны төвийнхөө төслийг боловсруулж 16 га газрын зөвшөөрлийг хотын захиргаанаас авсан байна.

 

Тэрхүү газартаа 100 сая төгрөгөөр бетонон хашаа босгож шинэ захаа барьж эхэлсэн бөгөөд 1999 оны наймдугаар сард бүрэн ашиглалтад оруулжээ.

 

Өдгөө “Наран туул” худалдааны төвөөр өдөрт 100 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг бол тогтмол худалдаа эрхэлдэг 5000 гаруй түрээслэгчтэй. Зөвхөн бие засах газраасаа өдөрт нэг сая төгрөг олдог гэсэн мэдээлэл бий.

                                            

Нарантуул”-ыг өндөглүүлсэн түүх

Шинэ худалдааны төвөө ашиглалтад оруулснаас хойш чамгүй хөрөнгөжсөн эл эрхэм “Нарантуул” зочид буудлаа 4.5 сая ам. доллар  зарцуулан босгосон юм. Түүнчлэн гадаадын хоёр найзтайгаа хувь нийлүүлэн Орос, Финландыг холбосон модны бизнесийнхээ гарааг  эхлүүлж. Ингэснээр арав гаруй жил Орос, Финландыг холбож модны бизнесээс хангалттай мөнгө олсон гэх. Тэрхүү хөрөнгөөрөө Шанхайд бүрэн автомат  шилний үйлдвэрийг 45 сая еврогоор өртөгөөр байгуулав.

Тэрхүү шилний үйлдвэрт нь 40 нь хүн ажилладаг, шил нь экспортод гаргавал тав нугарч зарагддаг тухай хүмүүс ам дамжин ярьдаг.

Түүнчлэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон жилээ Завхан аймагт “Нарантуул шим” компанийн “Өгөөмөр” гурилын үйлдвэрээ байгуулжээ. Тэрхүү үйлдвэр нь  хоногт 40 тонн гурил, 10 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай гэх.

 

“Нарантуул” худалдааны төвөөс өмнө түүний эрхэлдэг бизнесээс хамгийн их дуулиан татсан нь “SS” клуб. Энэхүү клубээр гурван жилийн өмнө үйлчлүүлсэн Худалдаа хөгжлийн банк, “Сүү” компанийн 130 гаруй ажилчин хоолондоо хордсон хэрэг мандаж байв.

 

Уг хэргийг гурван жил дамнан хууль хяналтын хяналтынхан шалгаж тухайн үеийн клубийн удирдлагууд  аавынд сууснаар хэрэг намжсан юм. Хэл ам дагуулсан “SS” клубээ тэрбээр төрсөн охиныхоо мэдэлд шилжүүлсэн юм.

 

Цаг хугацаа өнгөрөх тутам бэл бэлчин нь нэмэгдэж дөрвөн газар эзэмших зөвшөөрөлтэй, 40 сая төгрөгийн үнэтэй “Форд-305″ машинтай, хоёр тэрбум төгрөгөөр бүтсэн харштай, 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон нэгэн. Эл эрхмийг  хэдэн жилийн турш хэл амгүй түрээсээ төлж ирсэн захын худалдаачдынхаа хохирлыг хэрхэн барагдуулах  бол гэсэн хүлээлт өдгөө нийгэмд үүсээд байна.

 

Н.Түвшинжаргал

EAGLE


URL:

Сэтгэгдэл бичих