Хятадын төр Бо Силайг шүүж, нэр хүндээ хамгаалав

Хятадын төр Бо Силайг шүүж, нэр хүндээ хамгаалав

Бо Силайг шүүх хурал өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэв. Гэхдээ энэ нь Хятадын нөлөө бүхий улстөрчийн гэм буруутай эсэхийг шүүх хурал төдий байсангүй.

Харин төр нь хууль ёсоо хэрхэн шударгаар сахин хамгаалж байна вэ гэдгийг харуулахын тулд сайтар бэлтгэсэн жүжиг шиг харагдаж байжээ. Одоогоос 33 жилийн өмнө Мао Зэдуны бэлэвсэн эхнэрийг шүүх хурал мөн л иймэрхүү маягаар явагдаж байсан юм.

БО СИЛАЙ НАМЫНХАА НЭР ХҮНДИЙГ УНАГАСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА ГЭВ

Бо Силайг шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт Жинан мужийн зүүн эргийн хотод эхэлсэн юм. Шүүх хурлын үеэр түүнийг авлига авсан, эхнэрийнхээ хэргийг нуун дарагдуулсан, бусдын биенд халдсан, улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэмээн буруутгажээ. Тэр ч байтугай эхнэрийнх нь мэдүүлгийг түүний эсрэг ашигласан байна.

Харин Бо Силай “Улс болон намынхаа нэр хүндийг унагасан нь миний буруу. Харин надад тохоож буй ял зэмийн хувьд бол энэ огт өөр хэрэг” гэжээ. Тэр өөрийгөө буруугүй хэмээн үзэж өмгөөлсөөр байгаа юм.

Шүүх хуралд Бо Силайг Чонкин хотын Коммунист намын дарга байх үед нь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ван Лижун гэрчээр дуудагдсан. Тэрбээр Бо Силайн эхнэр Гу Кайлайг хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж байх үед Бо Силай түүнийг сүрдүүлэн зодсон гэжээ. Үүний хариуд Бо Силай “Надад шүүх, цагдаагийн үйл ажиллагаанд оролцох боломж байгаагүй… Би цэргийн эрдэмд суралцаагүй хүн учраас түүнийг тэгж зодох ямар ч үндэслэл байхгүй” гэх зэргээр хэлжээ.

Түүний эхнэр Гу Кайлай мэдүүлэгтээ тэдний гэр бүлийнхэн английн бизнесмэнээс маш үнэтэй бэлэг авсан тухай дурьджээ. Хариуд нь Бо Силай “Би Гу Кайлайг сул дорой эмэгтэй гэж боддог. Тэр хэнийг ч алж чадахгүй. Бас Ван Лижунтай маш сайн харилцаатай байсан” гэжээ. Мөн өөрийг нь өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болсныг мэдсэн Гу Кайлай маш их уурласан гэсэн юм. Тиймээс түүний өгсөн мэдүүлэг нь инээд хүрмээр зүйл, мөн тэр өөрөө ч галзуу хэмээн тодорхойлжээ.

Харин авлигын хэргийн тухайд гэвэл 1990-ээд оны эхээр Бо Силай Далян хотын захирагч байх үедээ улсын хөрөнгөнөөс таван сая юань завшсан хэмээн буруутгасан байна. Тухайн үед энэ шийдвэрээ доод тушаалын хүндээ утсаар хэлсэн аж. Харин Бо Силай “Хэрэв би мөнгө завших байсан бол түүнийгээ утсаар ярих хүн биш. Ямар ч IQ муутай хүн үүнийг мэднэ” гэсэн юм.

“ХААЛТТАЙ” ХУРАЛ

Хятадын эрх баригчид Бо Силайн шүүх хурлыг нээлттэй явуулна хэмээн мэдэгдсэн. Ингэхээс ч өөр арга байгаагүй. Учир нь Жинан хотын шүүхийн сайтад “Видео бичлэг шаардаж байна!”, “Ямар ч зураг байхгүй бол ямар ч үнэн байхгүй” гэх зэргээр маш олон хүн сэтгэгдэл бичсэн байжээ.

Түүнээс гадна шүүх хурлын талаар мэдээлэл авахыг хүссэн 250 мянган хүн шүүхийн блог сайтад холбогдсон байна. Хятадын эрх баригчид тэдэнд хариу хэлэх шаардлагатай байсан учраас ийнхүү шүүх хурлыг нээлттэй явуулахаар шийдсэн бололтой. Нэг талаасаа энэ нь олон нийтийн сүлжээ сайтууд Хятадад хүртэл ямар их нөлөөтэй болж байгааг харуулж байна. Гэвч Хятадын эрх баригчид бүгдийн хүссэнээр загнасангүй. Тэд шүүх танхимд 19 сэтгүүлч орохыг зөвшөөрчээ. Ингэхдээ сэтгүүлчдийг маш хянуур сонгосон байна.

Уг нь гадны сэтгүүлчдэд ч зөвшөөрөл өгнө гэж байсан боловч тэд шүүх танхимд орох хүсэлт гаргахад “Бүх суудал захиалгатай болчихлоо” хэмээн хариулсан тухай “Guardian” сонинд бичжээ. Түүнээс гадна шүүх хурлын явцыг шууд дамжуулсангүй. Харин Жинаны шүүхийн сайтад явцынх нь хэсгийг харуулсан богино хэмжээний хэд хэдэн бичлэгийг тавьсан байна. Тэдгээр бичлэгт Бо Силай ямар асуултад хариулж байгаа нь тодорхойгүй боловч нэлээд бухимдаж байгааг харуулжээ. Түүнээс гадна Гу Кайлай нөхрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийн бичлэг ч цацагдсан байна.

БҮХ ГЭРЧ НЬ БО СИЛАЙН ЭСРЭГ МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ

Бо Силайн хэрэг анхнаасаа олны анхаарлыг татсан явдал нь Хятадын шинэ удирдагч Ши Жинпин авлигатай хатуу тэмцэж байгаагийн илрэл гэж үзэж байв. Гэхдээ “New York Times” сонинд Бо Силайг 160 сая ам.долларын хөрөнгөтэй гэдгийг илрүүлэн бичсэн байдаг. Харин энэ удаад түүнийг ердөө 3.3 сая ам.долларын хөрөнгө завшсан хэрэгт буруутгажээ.

Түүнээс гадна бусдыг эрүүдсэн гэх хэргийг нь огт хайхрахгүй орхисон байна. Энэ талаар барууны хэвлэлүүдэд “Олон нийтийн дунд хүндлэгдсэн улстөрчийг мафийн харгис эзэн болгож харагдуулах хэцүү байсан биз” хэмээн бичжээ. Түүнчлэн шүүх хуралд Бо Силайн өөрийнх нь сонгосон өмгөөлөгчийг оролцуулсангүй. Түүнийг өөрийгөө өмгөөлж гэрч дуудахыг зөвшөөрөөгүй аж.

Энэ бүгдээс үүдээд тэртээх 1980 онд болсон Мао Зэдуны эхнэр Жиан Кингийн шүүх хурал өнөөдөр дахин болж байна гэж дүгнэж болохоор байна. Тухайн үед Хятадын эрх баригчид Соёлын хувьсгалын үеэр олон хүний амийг хөнөөснийхөө бурууг Мао Зэдуны бэлэвсэн эхнэрт тохож байв.

Жиан Кинг үнэхээр соёлын хувьсгалыг удирдан зохион байгуулсан гэдэг боловч тэр ганцаарахнаа Хятадын сурвалжилт угсаа гаралтай сэхээтнүүдийн аминд хүрч чадахгүй байсан нь үнэн. Гэвч түүнийг шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж түүнийг нь телевизээр дамжуулжээ. 1980-аад онд Хятадад телевизортой айл тун ховор байсан ч маш сайн зохион байгуулсны үр дүнд яаж ийж байгаад хүн амынхаа дийлэнх хэсэгт шүүх хурлыг үзүүлсэн гэдэг. Тэр үед Жиан Кинг “Би Мао даргын нохой байсан. Түүний заасан хүн бүрийг би хаздаг байсан” гэх алдарт үгээ хэлсэн юм. “Тэгвэл өнөөдөр болж буй Бо Силайн шүүх хурал 33 жилийн өмнөхөөс юугаараа ялгаатай юм бэ” хэмээн “New York Times” сонинд бичжээ.

БО СИЛАЙ ГЭЖ ХЭН БЭ

Тэр бол нэлээд барууны хэв маягтай улстөрч. Чинээлэг, олон нийтийг уран яруу яриагаар татдаг. Хүмүүсийн урд зогсоод илтгэл тавихад нь бүгд алга ташдаг тийм л улстөрч. Тэр ч байтугай ард түмнийг ямар нэгэн зүйлд уриалан дуудаж, популист амлалт өгч, түүнийгээ ч биелүүлж чаддаг байсан хүн. Бо Силай Чонкин хотын захирагч байх үедээ зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх кампанит ажил өрнүүлж, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахын тулд энэ салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээг ч нэмжээ.

Фермерүүдэд газрыг нь хямд үнээр өгснөөс гадна хотынхоо дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэнэ гэж амлаж байв. Улмаар Чонкин хотыг Хятадын загвар хот болгохыг зорьж байсан юм. Тухайн үед тэрбээр Мао Зэдуны үзэл баримтлал болон социал демократ онолыг хослуулж, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах бодлого боловсруулж байжээ. Гэхдээ энэ нь хоосон онол төдий байсангүй, харин Чонкин хотын хөрсөн дээр гайхалтай буун боловсорч, практикаар үр өгөөж нь нотлогдсон зүйл байсан гэдэг.

“The globe and mail” сонинд “Бо Силай Ху Жинтао, Вэнь Зябао хоёроос огт өөр хүн байсан. Хятадын эрх баригчид ард түмэндээ олон зүйл амлаж байсан. Гэвч эцсийн бүлэгт Коммунист намын эрх баригчид баяжихын хэрээр иргэд нь ядуурч байсан юм. Харин Бо Силай эдийн засгийг хөгжүүлэх загварыг сонгодог утгаар нь боловсруулж, хүмүүст итгэл найдвар өгч байв” хэмээн бичжээ. Гэвч өнөөдөр Бо Силайн нэрийг дурсах ч хориотой болов.

БО СИЛАЙН  ХЭРЭГ ХЭРХЭН ҮҮСЭВ

Английн бизнесмэн Нэйл Хэйвүд 2011 онд Хятадын Чонкин хотод зочид буудлын өрөөндөө амиа алджээ. Тухайн үед түүний үхэлд хэнийг ч буруутгаагүй байна. Их Британийн консулын газрынхан ч үүнийг шалгасангүй. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Чонкин хотын Цагдаагийн газрын дарга Ван Лижун АНУ-д орогнох хүсэлт гаргажээ. Тэрбээр Н.Хэйвүдийн үхэлд Бо Силайгийн эхнэр Гу Кайлатай холбоотой бөгөөд энэ хэргийг шалгах үеэр Бо Силай өөрт нь заналхийлсэн гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ Ван Лижун Америкийн Консулын газар нэг шөнө хоноглосны эцэст цагаачлах хүсэлтээсээ татгалзаж, Хятадын цагдаа нарын хяналтад орсон. Харин энэ үед Их Британийн тал Н.Хэйвүдтэй холбоотой хэргийг шалгаж, бүхий л баримтыг ил тодоор зарлахыг Хятадын Засгийн газраас шаардав. Ингээд өнгөрсөн оны гуравдугаар сард Бо Силайг Чонкин хотын Коммунист намын даргын албан тушаалаас нь чөлөөлж, энэ нь Хятадын цахим ертөнцөд жинхэнэ шуугиан тарьсан юм.

Их Британийн талаас тавьсан хүсэлтийн дагуу хэргийн явцад олдсон баримтуудыг Хятадын хууль сахиулагчид олон нийтэд дэлгэсээр байлаа. Улмаар өнгөрсөн оны зургаадугаар сард Гу Кайлаг баривчилж, дараагийн сард нь түүний шүүх хурал болсон юм. Хүүг нь заналхийлсэн учраас Н.Хэйвүдийн аминд хүрсэн гэдгээ Гу Кайла өөрөө ч хүлээн зөвшөөрч, шүүхээс түүнд цаазаар авах ял оноов.

Харин өнгөрсөн оны есдүгээр сард Бо Силайг Хятадын Коммунист намаас хөөжээ. Төд удалгүй түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, эхнэрийнх нь хэргийг мөрдөхөд саад учруулсан, хэд хэдэн эмэгтэйтэй сексийн харилцаа тогтоосон, хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх олон хэрэгт буруутгасан юм. Түүнээс хойш мөрдөн байцаалт олон сар үргэлжилсний эцэст өнгөрсөн долоодугаар сарын 25-нд Шандон мужийн Жинан хотод шүүх хурал болж, Бо Силайг авлигын хэрэгт буруутган ял оноосон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Харин Н.Хэйвүдийн гэр бүл Бо Силайгаас нөхөн төлбөр болгож таван сая ам.доллар нэхэмжилсэн байна.

Ямартай ч өнгөрсөн сард Бо Силайн шүүх хурал болсон хэдий ч энэ удаад түүнийг дахин олон нийтийн хараан дор шүүж байна. Шүүх хурлын явцаас харахад энэ нь Хятадын Коммунист намын авлигад идэгдсэн дарга нарт хатуу хяналт тавьж байгаагаа харуулж, улмаар дотооддоо болон гадаадад нэр хүндээ аварч үлдэх гэсэн оролдлого мэт байгаа аж. Харин Бо Силай үнэхээр гэмт хэрэгтэн үү, үгүй юу гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих