Б.Эрдэнэцогт Энэтхэгийг зорино

Хүүгээ эдгээх гэсэн эхийн сэтгэл, ханийн хайр, үрийн заяа, найз нөхдийнх нь хүсэл биелэлээ оллоо. Ийнхүү баяртай мэдээ дуулгахын учир нь сэтгүүлч, яруу найрагч Б. Эрдэнэцогт маань ирэх лхагва гаригт Энэтхэг улс уруу элэг солиулах эмчилгээ хийлгэхээр явах гэж байна. “Б. Эрдэнэцогт мэдээлнэ” энэ үг энгийн атлаа ирээдүйг зөгнөсөн, эрүүлийг хүссэн сэтгэлийн үг байсан. Тэр ч утгаараа Б. Эрдэнэцогт эрүүл саруул болон эргэн ирж “мэдээлнэ”. Монголын ард түмэнд хэрэгтэй, хэрэгцээтэй мэдээллийг түгээх их ажил, үүрэг бол яах аргагүй сэтгүүлчдийн ажил. Тиймээс ч Б.Эрдэнэцогтыг мэдээлэхийг хүлээсэн хүн олон бий. Учир нь Б.Эрдэнэцогтын мэдээлж буй мэдээлэл нь цаг үе, нийгмийн алдаатай өнгө төрхийг шүүмжилж, ард түмэн хийгээд монголынхоо хөгжил дэвшлийн төлөө гэсэн санаа шийдлийг цаг ямагт тусгаж байдаг билээ. Ийнхүү галтай цогтой, золбоотой сэтгүүлч, яруу найрагч залуу маань хүнд өвчин тусч олон түмэндээ хандан хандив өргөхийг хүссэн мэдээлэл энэ намрын эхэн сард нэлээд цацагдсан. Түүгээрч зогсохгүй хандивын тоглолт, аян хүртэл өрнөсөн. Ийнхүү монголынхоо ирээдүйтэй нэгэн сайн сэтгүүлчийг эрүүл энх болгохын төлөө олон хүн нэгдэн сайхан сэтгэл гарган ажилласан билээ. Тухайлбал “Шинэ мянган утга зохиолын нэгдэл”- ийхэн буюу монголын утга зохиол тэр дундаа нэгэн үеийн төлөөлөл болж буй яруу найрагчид уран бүтээлч андынхаа төлөө болох бүхнийг хийж ” Бүх оддын” тоглолтыг зохион байгуулсан. Энэ бол уран бүтээлч нөхдийн сэтгэл, итгэл юм. Үүнээс гадна Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын зохиолчдын хороо, Монголын телевизүүдийн холбоо гээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамт олон өөр өөрийнхөө боломж, зүтгэлээр дэм тус болсон. Тэр ч утгаараа зуун сая төгрөгийн эмчилгээний зардал хэрэгтэй Б. Эрдэнэцогтод маань арав гаруйхан хоногийн дотор 60 гаруй сая төгрөг цугласан. Энэ бүхнийг “Шинэ мянганы утга зохиолын нэгдэл”-ийн захирал Ж.Мөнхбат, “Аравт” сайтын захирал Н.Дуламсүрэн, “Шинэ монгол” радиогийн захирал Ө.Батзориг, Г.Сонинбаяр, Шинэ дэлхий телвизийн мэдээний албаны дарга Х.Болортуяа сэтгүүлч С. Батгүр, ТҮ-5 телвизийн продюссор Ц.Хишигдалай, “Эко констракшн”, Нэгдүгээр эмнэлэгийн хамт олон гээд олон арван байгууллага Б.Эрдэнэцогтын өвчний эсрэг зогссон билээ. Үүний ч үр дүнгээр эрүүл болох аян замдаа ээжийн цацлын сүү, эгэл түмнийхээ сэтгэлийн ерөөлтэй нисэхээр боллоо.
Ингээд Б. Эрдэнэцогтын эмчлэгч эмч Энэтхэг улсын элэгний их эмч Налиш Мехтаатай товч ярилцсанаа эрхэм танд хүргэе. 
-Та бидэнд өөрийгөө болон эмнэлэгийнхээ талаар танилцуулна уу? 
-Би Энэтхэг Улсын Дели хотын Сир Ганга Рам элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмнэлэгийн ахлах эмч Налиш Мехтаа байна. -Юунаас болж элэг өвчлөлт үүсч байна вэ?
-Ерөнхийдөө Монголд элэгний BC вирус ихээр тархсан байгаа уг вирус нь маш олон арван жилийн дараа илэрч гардаг бөгөөд 20 жилийн дараа элэгний цирроз буюу элэгний хатуурал болон хүндэрдэг. -Манай улсаас таныг зорин нийт хичнээн хүн очиж эмчлүүлэв. Тэр хүмүүсийн бие одоо бүрэн эдгэрсэн үү? 
-Монголоос манай эмнэлэгт 15 хүн эмчлүүлсэн. Тэр хүмүүс бүгд эрүүл болсон. Намайг эдгээр эмчлүүлсэн хүмүүс урьж авчирсан. -Та сэтгүүлч Эрдэнэцогтыг эмчлэх гэж байгаа. Түүний бие ямар байдалтай байна вэ?
-Эрдэнэцогт сэтгүүлчийн хувьд маш хүнд байдалтай байгаа. Цаг хугацаа нэлээд алдсан байна. Ер нь шинжилгээний хариу тааруухан гарсан. -Энэтхэг Улс уруу хэзээ явж, эмчилгээгээ хэзээнээс эхлэх гэж байна вэ? 
-Би өөрөө нэг дэх өдөр явахаар төлөвлөсөн. Хэрвээ тэрнээс өмнө Эрдэнэцогтын виз бичиг баримт бүтвэл би түүнтэй хамт явах бодолтой байна. Яагаад гэвэл Эрдэнэцогт хөл дээрээ босоод зогсч чадахгүй хэвтэрт орсон байгаа. Тиймээс замд явахад эмч хэрэгтэй. Надтай явж амжихгүй бол 28-нд эндээс нисч очоод шууд эмчилгээндээ орж эхлэхгүй бол улам л хугацаа алдах болно. Бид Эрдэнэцогтыг аль болох сайн эмчилж чадах чинээгээрээ туслана гэдгээ хэлэх байна. -Энэ чиглэлийн хүнд мэс засал, хагалгаа Энэтхэгт ямар үнэ төлбөртэй байдаг вэ? -Манай улс Солонгос, Герман улсуудыг бодвол хямдаар хийдэг. Эрдэнэцогтод учирсан энэ хагалгаа 60 мянган ам.доллар болдог. Харин бид Эрдэнэцогтын хагалгааг түүнийг эдгэнэ, амьдрана гэсэн ерөөл тавьж 38 мянган ам.доллараар хийхээр болсон.
Э.БОЛОРЦЭЦЭГ

URL:

Сэтгэгдэл бичих