Хогон дунд урссан Хатан Туул минь

Нийслэл маань өнгө үзэмжээ нэмж, хаанаас нь ч харсан гял цал боллоо гэж албаныхан тэр дундаа хотын удирдлагууд сүүлийн үед үргэлж ярих болсон. Үнэндээ нэг хэсэг гудамж, талбай цэцгийн мандлаар дүүрч өнгө зассан гэхэд болно. Саяхан даа, ардчилсан орнуудын Ерөнхий сайд нарын уулзалт манай оронд болоход гудамжны хогийн сав, сандал, хашлага, хайс, гэрэлтүүлэг гээд их л олон зүйл гэв гэнэт өнгөө засав. Энэ үеэр хотын төвд хог гэдэг ч бас нүдний гэм болов. Харамсалтай нь энэхүү соёл удаан үргэлжилсэнгүй.
Нэг л өглөө босоод алхахад хогийн эвдэрхий сав, хуучин муу яайжгий сандал, хаа сайгүй салхинд туугдах элдэв хог их хотын сүрийг дарсан өнөөх л хэвээрээ угтах нь тэр. За энэ ч яахав, хотын төв дотрохыгоо шар хантаазтангууд маань сайн муугаараа дуудуулан байж цэвэрлээд л байгаа. Гэвч хотын төвийн ойролцоох хатан Туулын хөвөөнөө очвол юуны чинь тэр Улаанчулуут гэж шогширмоор болжээ. Барилгын компаниуд сүүлийн үед оршин суугчдаа татахын тулд “Хан уулын хормой, хатан Туулын хөвөөнд, цэнгэг агаарт амьдрах боломжтой” гэж рекламдах болсон. Түүнчлэн амралт зугаалгын газрууд олноор бий болсоор байна. Саяхан хэдэн нөхөдтэйгөө Баянзүрхийн гүүр гараад голын захад саатах гэтэл суух газар ч олдсонгүй. Хаа сайгүй хөглөрөх гялгар цаас, ундаа, усны сав, архины шил, шар айрагны лааз гээд хүний хэрэглээнээс хаягддаг бүх л хог тэнд байх. Уг нь голын эрэг дээр барилга байшин барьж, хог хаях нь бохирдол үүсгэж, ундны усны урсцад сөргөөр нөлөөлөн ширгэх аюулд ч хүргэдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулсаар байгаа.
Гэвч энэ сануулгыг, тэр бүү хэл хууль журмыг ч үл тоомсорлон байгаль эхээ хог новшоор дүүргэсээр буй нь харамасалтай. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод сая гаруй хүн амьдарч байна. Жил ирэх тусам хот уруу чиглэсэн нүүдлийн цуваа нэмэгдэж, үүнийгээ дагаад Туул голын эрэг хогоо даахаа ч байлаа. Хөвөөнд нь очоод суух гэхээр зай олдохгүй хог хөглөрч, тэнд буудалласан хүмүүс хөлчүүрхэн голын ус уруу хогоо шидэх нь энгийн үзэгдэл болжээ. Хүн төрлөхтөнд хэчнээн их хөрөнгө мөнгө, амттан шимттэн байлаа ч усгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг мэдэхгүй, сонсоогүй хүн гэж нэгээхэн ч үгүй байх. Тэгсэн атал усаа хайрлахгүй машинаа угааж, элдэв хогоо хөвүүлэн зугаацаж буй нь эмгэнэл биш гэж үү. Нийслэлд жилд дунджаар 250-300 мянган тонн хог хаягдал гардаг гэсэн статистик судалгаа бий. Орон Хогон дундуур урсах хатан Туул минь сууцанд амьдарч буй нэг иргэн өдөрт 0.235 кг, гэр хорооллын нэг иргэн 0.956 кг хог хаягдал үүсгэдэг гэдэг. Харин энэ их хогийн хэчнээн хувь нь Туул голын хөвөөгөөр хөглөрч, бас урсан оддог бол оо. Тэгвэл “Жил ирэх тусам л нийгэмд хөгжил нэмэгдэж, хүн төрөлхтөн соёлжиж байна” хэмээн ярьдаг хүн дээрх тооноос хэдэн зуу дахин олон шүү дээ. Гэтэл өнөөдөр хаана, хэн соёлжоод, хогоо халааслаж яваад хогийн саванд хийж байна вэ. Олонхи нь хогоо дуртай газраа шууд л гээж байна.
Зарим дарга “Хотын соёл хогноос” гэж ярьдаг юм билээ. Энэ үг нь хүмүүст “Хогоо өсгөн арвижуулж, хаа сайгүй дураараа асгавал хотын соёл болно” гэж сонсогддог бололтой. Өөрөөр хэлбэл, хотоос урагш хэдхэн алхаад Туул дээр очиход “Голын хөвөөнд хог байна” гэхээсээ илүү “Хогын цэгт горхи байна уу даа” гэж харахаар болжээ. Үнэндээ эргийг нь дагаад маш том хогон ‘‘далай” өдрөөс өдөрт төвшин нь нэмэгдсээр байна. Уг нь голын захад цэвэр агаартай гэж хүмүүс очиж суудаг байлтай. Гэтэл усны бус хогийн үнэр сэнгэнээд тайван ч суух арга алга. Биднийг очиход Туул голоор Онцгой байдлынхан завьтай эргүүл хийж амрагч нарт анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байлаа. Тэд чанга яригчаар “Бага насны хүүхдээ голоос хол байлгаж, анхаарал сэрэмжтэй амраарай. Голоос машинаа зуун метрийн цаана байрлуул” гэх ажээ. Энэхүү анхааруулж буй бүхэн нь зөв ч ядаж ганц удаа “Голын захад хог бүү хая” гэж хэлсэнгүй. Хүн хэлүүлж байж хийдэг гэдэг худлаа ч үг биш. Тиймээс эргүүлийнхэн “Хог бүү хаяарай” гээд хэлчихвэл хаяхгүй ч юм билүү. Энэ бол аргаа барсан хүн аавынхаа толгойг маажив гэгчээр Туул голоо цэвэр байлгах гэсэн миний бодол л доо. Учир нь хог гэж бидний нэрлэдэг гялгар уут, шил, хуванцар сав бусад жижиг үлдэгдэл зэрэг нь байгальд хэр удаан амьдардаг гэж Та санана. Тухайлбал, хамгийн бага хугацаанд тамхины иш, цаас зэрэг нь гурван сар орчим амьдардаг ажээ. Тэгвэл бохь таван жил,хуванцар сав 100-1000, шил лонх нь 4000 жил байдаг гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Хүмүүс үүнийг мэддэг ч тоодоггүй байж болно. Харин бидний үр хүүхэд хогон дээр сууж, хог дэрлэн унтаж, хогтой хөглөрч, хог урссан хатан Туулд шумбана гээд та боддоо…

URL:

Сэтгэгдэл бичих