Ном унших соёл
Нар гарахаар байгаль сэргэдэг, ном уншихаар ухаан сэргэдэг гэж Монгол ардын зүйр цэцэн үгэнд байдагчлан манай гаригийн орон тус бүрийн бичигтэн хүн дэлхийн соёлын толь болсон ном хэвлэлийг сонирхон уншиж мэдлэг оюунаа баяжуулж байна. Анх ном хэвлэн үйлдвэрлэж бүтээдэг болсон цагаас хойш 500 гаруй жил болжээ. Ном, тогтмол хэвлэлүүд нь хүн төрөлхтний оюун билгийн асар их хуримтлалаас гадна түүх соёл, шинжлэх ухааны мэдээллийн чухал хэрэгсэл болдог байна.
Ном унших нь мэдлэг олох чухал хэрэгсэл төдийгүй, сэтгэхүйн сургууль, бичгийн хэлний урлагийг эзэмших соёл олгодог билээ. Шинжлэх ухааны ном зохиолыг зөв уншсанаараа бид гарамгай сэтгэгчдийн санааг ойлгож, тэдний бодол дүгнэлтийг боловсруулж, асуудлыг судлах, нотлох, тайлбарлах арга ухааныг эзэмших дадлага олдог байна. Ном зохиолуудыг уншиж судлахын өмнө уг ном хэвлэлийн бүтэц бүрэлдэхүүнийг урьдчилан сайн мэдэх нь чухал бөгөөд ном бичигдсэн түүхэн цаг үе, түүнд агуулагдаж байгаа утга санааг нэрлэсэн гарчиг, сэдвүүд, үндсэн хавсралт зураг, мэдээллийн тоо баримтыг урьдчилан үзэж уг бүтээлийн тухай тоймчилсон ойлголт авч мэдэх нь анхдагч арга юм. Ном зохиолыг уншихдаа эхлээд үндсэн тулгуур бүтээл уншиж дараа нь жижиг ном өгүүлэлд шилжих нь зүйтэй юм.
Ном уншигч хэн боловч номын сангийн үсгийн дараалал, шинжлэх ухааны төрөл, каталоги ашиглах мэдлэгтэй байхаас гадна номзүйн лавлах материалууд, толь бичиг, шинжлэх ухааны нэвтэрхий толь бичгүүдийг ашиглаж чаддаг болсон байх нь чухал байдаг.
Уншигч нь номзүйн бүтээл ашиглаж сурах нь уншигчийн цаг хэмнэх, цаашид судлах туурвих чадварыг нэмэгдүүлнэ. Номын санд байгаа ном зохиолыг уншиж ашиглахын тулд уншигч өөртөө тухайлсан ойлголт, чиглэл, зорилготой төлөвлөгөө боловсруулан түүнд төвлөрүүлэн номын санч, номзүйн мэргэжлийн хүмүүсийн туслалцаатай каталоги шүүж үзэх нь ашигтай. Тэгэхдээ мэдээллийн хэрэгсэл их хөгжсөн орчин үед ном хэвлэлийг аль болох үр бүтээлтэй унших аргазүйг эзэмших нь чухал. Гэрлийн өнгө даруухан, чимээ шуугиангүй, +18 градусаас илүүгүй дулаан, цэвэр агаартай өрөөнд ном уншихад хамгийн тохиромжтой.
Уншигч бүр ном хэвлэлийг ашиглахдаа хувийн номын сан, нийтийн, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн номын санг хоёр чиглэлээр судлах шаардлагатай бөгөөд нийтийн болон бусад номын санд ном хэвлэл уншиж ашиглах нь хувийн номын сангийн ном хэвлэлтэй хандаж харьцахаас ялгаатай юм.
Хувийн номыг уншихдаа зурж, тэмлэх зэргээр ашиглаж болох бөгөөд нийтийн болон бусад номын сангийн ном хэвлэлийг олон хүн үе залгамжлан уншиж судалдаг учраас уншигч бүр нэг адил өндөр ухамсартай хандах шаардлагатай байдаг билээ.
Ном зохиолыг унших арга гэж байдаг. Энэ нь буцалтгүй унших, санаандаа бодож унших, амандаа унших, нүдээрээ гүйлгэж унших, анхаарлаа төвлөрүүлж унших, ойлгож тогтоож унших, унших хурдыг өөрчлөх, хэрэгцээт зүйлээ сонгож унших, сонгон авсанаа бататгах зэрэг аргыг эзэмших хэрэгтэй. Ном унших чадварыг хурдасгахын тулд 1-50 хүртэлх тоонуудыг босоо 5 мөрөөр хооронд нь сольж байрлуулаад дэс дарааллыг алдалгүй 2 минутын дотор тоолох нь уншилтыг хурдасгах дасгал болдог байна. Номыг өөртөө чимээгүй байдлаар унших нь чанга уншихаас 25 дахин хурдан байдаг байна. Эрдэмтдийн тооцоогоор хүн минутанд 1000-2000 үг буюу цагт 200-400 хуудас ном унших боломжтой бөгөөд амьдралын турш 15-25 мянган ном уншина гэсэн судалгаа байдаг юм байна.
URL: