Хятадаас Монгол руу урсах хор Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна
Хэдэн жилийн өмнө манай урд хөршид эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнд хордсон нялхас амиа алдсан тухай дуулиант мэдээлэл гарч байв. Үүний дараа Хятад улс даяар хортой сүү илрүүлэх кампанит ажил өрнөж, хэд хэдэн компани хаалгаа барьж байсан нь тэдэнд оноосон ял шийтгэл байлаа. Харин нялхасын аминд хүрсэн хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэрийн эзэн ямар ч өчиггүйгээр цаазлуулсан билээ. Ёстой л төрийн төмөр нударгаар иргэдээ хүмүүжүүдэг тал дээр Хятад улс дэлхийд “Number one” улс.
Үүний дараа хэд хэдэн удаа меламинтай сүү илэрч компанийн эзэд цаазын ял сонсохоосоо өмнө компаниа дампууруулж өөр төрлийн бизнес барьж авсан гэх. Гэхдээ хортой бүтээгдэхүүнээ улс даяар зарлаж бүх дэлгүүрээр тараагдсан байсныг нь татан авч устгажээ. Хууль хэрэгждэг улсад энэ кампанит ажил шударгаар явагддаг. Бүтээгдэхүүнээ нууж хааж байгаад авч үлдэнэ гэсэн ойлголт байдаггүй байжээ.
Гэтэл сүүлийн таван жил хортой бүтээгдэхүүнийг тусгай агуулахад хадгалдаг шинэ дүрэм нэвтэрчээ. Яагаад гэсэн асуулт хүн бүрт байгаа байх. Энэ нь Хятадын зах зээлд борлогдохгүй байгаа болон “хортой” гэсэн ангилалд багтдаг бүтээгдэхүүнийг борлуулдаг зах зээл бий болсноос тэр. Энэ нь Монгол улс. Хятадаас хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүн импортоор авдаг орнууд эхлээд дээжийг нь авч шинжилгээнд оруулаад эрүүл ахуйн шаардлага хангахгүй бол буцаадаг журамтай. Гэтэл манай улсад дүрэм журам байдаг хэдий ч тэр болгон хэрэгжихгүй. Тиймдээ ч Монголын хууль гурав хоног гэдэг үг гарсан байх.
Өнөөдөр Хятадаас Монгол руу урсаж байгаа “хор”-ны тоо аль хэдий хяналтаас гарчээ. Энэ тал дээр Үндэсний Аюулгүй байдал энэ тэрийг ярилгүй. Манайхны хамгийн нийтлэг мэддэг ходоодны хорт хавдар үүсгэдэг гэх улаан хачигтай алим одоо дэлгүүр бүрийн лангуун дээр байна. Муудаж ялзарсан алим, төмс, байцаа, худалдаанд гаргахыг хориглосон жимсний хатаамал, жижигхэн ууттай ундаа, иштэй чихэр, цэлцэгнүүр, шоколад гээд “хор”-той гэсэн бүхэн л захын дэлгүүрийн лангуугаар дүүрэн өрөөстэй.
Үүнээс гадна асуудал болоод байгаа зүйл нь хүүхдийн тоглоом. Цайр, формальд, хар тугалаганы хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байгаа хуванцар тоглоомнууд дэлгүүрийн лангуу “чимдэг”. Ялангуяа резинин, хуванцар тоглоомонд хар тугалага, цайр их хэмжээгээр илэрсэн ч манайхан зөөлнийг нь бодоод хүүхдүүддээ авч өгдөг жишиг аль хэдий тогтжээ. Тухайлбал барби хүүхэлдэй, бага насны хүүхдийн хаздаг тоглоом, амьтны дүрстэй хуванцар болон зөөлөн тоглоомууд. Мөн тод өнгийн тоглоомууд нь будагч бодис ихтэйгээс гадна хүүхдийн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлдөг байна. Харин хар тугалага нь хүүхдийн өсөлтийг сааруулдаг.
Хэдэн жилийн өмнө АНУ Хятадаас хүүхдийн тоглоом зах зээлдээ нийлүүлэхээ болих шийдвэр гаргасан. Харин Европын орнуудын зах зээлээс буцаагдсан тоглоомууд шууд Монголд хаяглагддаг байна. Ийнхүү Монголд хаяглагддаг бараа бүтээгдэхүүний 50 хувийг хүнсний бүтээгдэхүүн, тоглоом байдаг бол гурав дахь хорт бүтээгдэхүүн нь хувцас. Ялангуяа хүүхдийн хувцасыг тод өнгө үзэмжсайтай хийхийн тулд их хэмжээний будагч бодим хэргэлдэг байна. Үүнээс гадна үйлдвэрийн хаягдал утас, даавуу зэргийг зүйж оёх, заримыг нь дахин боловсруулалтад оруулдаг аж.
Эдгээр бүтээгдэхүүн нь хүүхдийн биед тууралт үүсгэх, харшилтай болгох зэргээр нөлөөлдөг. Хүнсний бүтээгдэхүүн, тоглоом зэрэгт манай мэргэжлийн хяналтын газар шинжилгээ хийдэг ч хүүхдийн хувцас, эд материалд нь ямар нэгэн хяналт тавьдаггүй байна. Юутай Хятадаас урсах хорт бүтээгдэхүүний тоо нэмэгдэж Үндэсний аюулгүй байдал заналхийлж байна. Тиймээс иргэд өөрсдөө л хүүхдийнхээ хэрэглэж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон тоглоом, хувцас хунарт анхаарал тавих шаардлагатай болж байгаа юм.
shuud mn Ж.Наран
URL: