Орос, Хятадыг холбох транзит мөрөөдөл

Орос, Хятадыг холбосон транзит тээврийг Монголд байгуулахыг манайхан мөрөөдсөөр л байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн ахалсан ажлын хэсэг ч гарсан. Гэтэл хоёр хөршид маань бидний мөрөөдлийг биелүүлэх сонирхол бий юу гэвэл үгүй. Олон улсын тавцанд ямар бодлого баримталж байгаагаас нь л ийм дүгнэлт хийж болохоор байна.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан дээрх ажлын хэсгийн гол зорилго нь Орос, Хятадыг холбох сүлжээ байгуулахын тулд хоёр орны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцээр хийх, эрх зүйн орчноо боловсронгуй болгох зэрэг юм. УИХ-ын гишүүн Г.Батхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хуурай замыг Ази, Европтой холбосон хамгийн дөт зам Монголд л бий. Тийм учраас Хятад, Орос хоёр гүрэн хоорондоо транзит тээвэр, худалдаа, эдийн засгаа хөгжүүлэх том хэлэлцээр хийхдээ хүртэл Монголтой энэ асуудлыг ярина гэдгийг саяхны уулзалтуудын үеэр надад хэлсэн” хэмээн ярьжээ.

 

Тэгвэл оросууд юу гэж ярьж байгааг сонирхъё.

Оросын “Роснефть” болон “Транснефть” компаниуд Хятад руу асар их газрын тос нийлүүлдэг. Тэд 2011 оноос эхлэн жилд 15 сая тонн газрын тосыг 20 жилийн турш Хятад руу гаргах болсон. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин Орост айлчлал хийх үеэр “Роснефть” экспортынхоо хэмжээг дахин нэмжээ. Тус компани Хятадад нийлүүлэх газрын тосны хэмжээгээ жилд 31 сая тонноор нэмж, 25 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Ингээд нэмчихээр “Роснефть”, “Транснефть”-ийн өмнө нь ашиглаж байсан зүүн Сибирь, Номхон далайн чиглэлд газрын тос дамжуулах хоолойн хүчин чадал нь хүрэлцэхээ болив. Тэд шинэ гарц хайх хэрэгтэй болжээ. Энэ үед “Транснефть” компанийнхан Монголоор дамжуулан төмөр замын тээвэрлэлтээ нэмэх боломжтой гэх санал гаргасан юм. Харин үүнийг “Роснефть” эрс эсэргүүцэж, 80 тэрбум рублийн алдагдал хүлээх магадлалтай ч Казахстаны Атасу-Алашанькоу хоолойг ашигласан нь дээр гэж үзжээ. Ийнхүү тэд монголчуудаас болгоомжилж байгаагаа харуулсан юм.

Оросууд баялгаа Азийн зах зээл рүү гаргах бүхий л арга замыг хайдаг. Уг нь тэд Монголоор дамжуулбал хамгийн ашигтай. Өчнөөн зардал хэмнэнэ. Гэхдээ тэд үүнийг мэддэг ч үргэлж энэ хувилбараас татгалздаг. Нэг жишээ хэлье. Өмнө нь Оросоос Хятад руу 7000 километр урт үргэлжлэх хоёр хоолой тавих гэсэн боловч хоёр тал санхүүгийн хувьд тохиролцоонд хүрч чадаагүй учир хэлэлцээрээ нэлээд хэдэн удаа хойшлуулсан. Уг төслийн хүрээнд баруун Сибириэс Хятадын зүүн эргийн хотууд руу хүрэх 2800 километр урт хоолойг Монголоор дамжуулах хувилбар ч яригдаж байв. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “Энэхүү төслөөс манай улсыг битгий гаргаач гэж хоёр хөршөө ятгаж байгаа. Хятад, Оросын тал энэ талаар анхаарч үзнэ гэдгээ мэдэгдсэн” гэсэн юм. Гэтэл үүний дараахан Оросын Нефть хийн аж үйлдвэрийн холбооны ахлах шинжээч нэг нөхөр “Монголын талаас иймэрхүү саналыг нэг бус удаа гаргаж байсан. Гэхдээ тухай бүртээ маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Хятадын тал ч болгоомжилдог. Учир нь Монгол Улс энэхүү транзит тээврийг ямар ч зорилгоор ашиглаж болно гэж үздэг юм” хэмээн “Оросын дуу хоолой”-д өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Угтаа бол энэ шинжээчийн үг л Орос, Хятадын бодлогыг нэгмөсөн тодорхойлчихжээ. Үнэхээр ч Монголын нутгаар дамжуулбал хийн хоолойныхоо уртыг 1000 орчим километрээр багасгаж, зардлаа хэмнэх боломжтой хоёр хөрш маань энэ хувилбараас дуу нэгтэйгээр татгалзсан юм. Манайхны зарим нь С.Батболдыг Ерөнхий сайд байх үед энэ асуудлыг дахин сөхөөч гэж хүссэн ч тусыг олоогүй билээ.

Том гүрэн өөрсдөөс нь хамааралтай болсныг мэдэнгүүт жижиг улсын ард түмэн яаж гэдийдгийг Орос, Хятадын аль, аль нь сайн мэднэ. Оросоор жишээ авъя л даа. Тэдэнд Украйн байсан. Оросууд Европын зах зээл рүү байгалийн хий, газрын тосоо гаргахын тулд хамгийн дөт замыг эрэлхийлж, Украйны нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж байв. Гэтэл Юлия Тимошенко гэдэг бизнесмэн хүүхэн Украйны Ерөнхий сайд болонгуутаа оросуудыг чангалж эхэлсэн юм. Тэр оросуудын худалдааг тасалдуулж, хэд хэдэн удаа хориг тавьсан бөгөөд үүнийхээ ачаар Украйнд хямд үнээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж чадсан. Ингээд байхаар нь В.Путин Европ руу зах зээл рүү гарах өөр замыг хайж эхэлжээ. Эцэст нь тэр тэнгисийн гүнд байгалийн хийн хоолой барих “Nord Stream”, “South Stream” төслүүдийг хэрэгжүүлэв. “Nord Stream” төслийн хүрээнд Балтийн тэнгис доогуур үргэлжлэх 1222 километр урт хийн хоолой байгуулсан. Орос, Германыг холбосон энэхүү хоолойны эхний хэсэг нь 2011 онд, дараагийн хэсэг нь 2012 онд ашиглалтад оржээ. Нийт 8.3 тэрбум ам.долларын хөрөнгө зарж байж байгуулсан энэ хоолойныхоо ачаар оросууд украйнчуудтай олон юм ярих шаардлагагүй болсон. Тэгвэл “South Stream” төсөл нь Оросын эргээс Хар тэнгисээр дамжин Болгар, Грек, Итали, Австри хүрэх хоолой барихаар болсон. Барилгын ажлыг өнгөрсөн онд эхэлж, 2015 онд дуусгахаар төлөвлөжээ. Бас л асар их зардал гаргасан. Харин мөнөөх Украйны улс төрийг атгаж байсан Ю.Тимошенко өнөөдөр шоронд хоригдож, түүний оронд “Москвагийн утсан хүүхэлдэй” хэмээн нэрлэгддэг Виктор Янукович эрх мэдлийг гартаа авсан.

Тэгэхээр монголчуудын мөрөөдөл биелнэ гэж үү. Ядаж л Оюутолгойн жишээгээр бодоход Монголын төр өнөөдөр хэлснээ маргааш нь мартчихаад өөр нэгийг ярьж суухыг үгүй гэх газаргүй гэсэн үг. Барууныхан биднийг ингэж хардаж байхад хойд, урд хоёр хөрш бол бүр л ихийг бодох биз. Аль 2000-аад онд М.Ходорковский Оросоос Хятад руу чиглэсэн нефтийн хоолойг Монголоор дайруулъя гэж санал гаргаж байсан ч түүнийг нь хэн ч дэмжээгүй. Тухайн үед манай Засгийн газар энэ асуудлаар нааштай шийд өгөөгүй гэж зарим хүн шүүмжилдэг ч чухам үнэндээ бол Оросын тал ч эцсийн байдлаар санал тавиагүй байсан. Өнгөрсөн тавдугаар сард “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин Монголд ирэх үед түүнийг “Шинэ төмөр зам” төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэхдээ нефтийн транзит хоолой байгуулах санал гаргасан гэх таамаг явсан. Гэхдээ өнөөдөр юу ч өөрчлөгдөөгүй л байна. Тийм учраас Орос, Хятадыг холбосон транзит тээврийг Монголд байгуулна гэдэг сэрүүн зүүдэлж байгаагаас ялгаагүй болчихож.

 

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих