Г.Батхүү: Өнөө маргаашаа бус 50-100 жилийн дараахаа харах хэрэгтэй
“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо.
Уг хурлыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британийн Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгуулсан юм.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил”, “Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалт”, “УБТЗ-ын хөгжил, шинэчлэлийн асуудал”, “Монголын гео орон зай буюу транзит тээврийг хөгжүүлэх давуу тал, сорилтууд” зэрэг сэдвээр гадаад, дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тавьсан бөгөөд Монголын төмөр замын хөгжлийн чиг хандлагыг хөрш хоёр улсын төмөр замын төслүүдтэй уялдуулан хэлэлцлээ.
Бага хуралд УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгжүүд зэрэг 30 гаруй байгууллагын 150 орчим төлөөлөгчид оролцсон юм.
Уг эрдэм шинжилгээний бага хурлыг нээж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү “Манай улсын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь улам өргөжин тэлж буй хөрш хоёр улс, тодруулбал байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох, эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг тууштай баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудал нэн чухал байгаа.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүсүүд бий болгох, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, бүс нутагтаа тээврийн сүлжээний нэг гол зангилаа болж улс орны эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулах асуудал чухал байгаа. Иймээс УИХ-аас баталсан төрөөс төмөр замын тээврийн талаар болон иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдэд дотоодын нэгдсэн сүлжээ бий болгох, ойрын хугацаанд хийх ажлуудыг голчлон тусгасан билээ.
Засгийн газраас 2008 онд “Транзит Монгол үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа боловч уг хөтөлбөр нь худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэсний дээр 2015 онд дуусгавар болох юм” гэв.
Тэрбээр ийнхүү өгүүлснийхээ дараа онцлон тэмдэглэхийг хүссэн зүйл байна гээд “ Манай орон газар зүйн байрлалын хувьд том давуу талтай ч далайд гарцгүй хоёр хөрш орны дунд байрладаг сул талаа давуу тал болгон ашиглаж, тив дамнасан зорчигч, ачаа тээврийн асар их урсгал дамжин өнгөрөх нөхцөл бүрдсэн орон билээ.
Бид дэд бүтцээ хөгжүүлэхдээ зөвхөн өнөө маргаашийн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нефть зэрэг түүхий эдээ гадаад зах зээлд гаргах биш, харин 50-100 жилийн дараа баялгийн нөөц хомсдох цагт дамжин өнгөрөх тээвэр логистикийн үйлчилгээний бизнес далайцтай хөгжсөн байх бодолтой ажиллах нь зүйд нийцнэ” гэв.
Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд гадаад орон, олон улсын байгууллагуудтай дамжин өнгөрөх тээвэр, хоолойн тээврийн асуудлаар нэгдсэн бодлого чиглэлтэйгээр харилцах, түүнийг ажил хэрэг болгох үүднээс урт хугацаанд төрөөс баримтлах бодлого боловсруулах шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Иймд УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулсан 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа юм.
Өчигдөр зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал нь энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааны хамрах хүрээний нэг чухал асуудал болох Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлж буй ажил, дамжин өнгөрөх тээврийн асуудлын талаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид мэдээлэл өгөх, санал бодлоо чөлөөтэй солилцох боломж олгосон.
Түүнчлэн төмөр замын хөгжлийн асуудлуудыг тал бүрээс нь шүүн хэлэлцэх нь төрийн бодлогыг оновчтой болгоход тодорхой үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой ажээ.
Ж.Баттуул
URL: