Ж.Хатанбаатар: Н.Удвал сайд одоо хүссэнээрээ л ажиллаж байна
-Төрийн ажил гэдэг өөрөө түймэр дэгдээчихээд, түүнийгээ унтраах гэж хувинтай ус бариад гүйдэг шоу биш-
Б.ДАМДИН-ОЧИР
Монгол Улсын Ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатартай ярилцлаа. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэ эрхэм яаман дээр нь ямар асуудал үүссэн, хууль журмын дагуу ажил хийх нь хэнд яагаад саад болоод байсан, юу болсон талаар хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ билээ.
НЭГ ХҮНИЙГ ЧАДАХЫН ТУЛД БҮХЭЛ БҮТЭН ЯАМНЫХАА АЖЛЫГ ХАРЛУУЛЖ БОЛОХГҮЙ
-Ярилцлагаа Эрүүл мэндийн яаман дээр юу болоод байна вэ гэдгээс эхэлье. Та чухам юу болсон бэ гэдгийг үнэн мөнөөр нь ил тод хэлэх байх?
-Төрийн ажил алба гэдэг хуульд захирагдаж, түүний дагуу явах ёстой гэж би ойлгодог. Олон түмэн ч ийм байгаасай гэж хүсч шаардаж байдаг. Гэтэл манай Эрүүл мэндийн яаманд төрийн захиргааны ажил нэлээд хүндрэлтэй болж хууль дүрмийн дагуу ил тод шударга шуурхай, тасралтгүй явах боломжгүй нөхцөл байдлыг Н.Удвал сайд үүсгээд байгаа юм. Манай улс дэлхийн олон улсын жишгээр Төрийн захиргааны албыг улс төрөөс хараат бус байлгах үүднээс улс төрийн болон төрийн албыг тусгаарлаж, төрийн албан хаагчид намын гишүүнчлэлээс татгалзах гээд төрийн зүгээс хуулиар зохицуулалт хийж хэрэгжүүлж байгаа ажлууд их бий. Гэтэл төрийн яамыг ганц гишүүнтэй хувийн компаниа гэж бодсон Н.Удвал сайд төрийн захиргааны ажилд шууд оролцоод зогсохгүй өөрийн зөвлөх, туслах гээд Засгийн газрын хуулиар улс төрийн албан тушаалтанд өөрт нь үйлчлэх ёстой ажлын албаны багаа төрийн захиргааны хариуцлагатай ажилд ханцуй шамлан оролцуулах болсон. Хуулиар ажил үүргийн хуваарийг нь тодорхой заасан байхад төрийн албан хаагчдын ажил руу өөрөө дайрч орчихоод түүнийгээ Монгол Улсад байхгүй хуулийн заалтаар тайлбарлаад байгаад хэргийн гол учир байгаа юм.
Тэрээр “ЭМЯ-ны төрийн захиргааны төв байгууллагын хууль”-аар Энэ яамны тэргүүн нь төсвийн ерөнхийлөн захирагч Засгийн газрын гишүүн байна, Ажлын албаны дарга нь Төрийн нарийн бичгийн дарга байна“ гээд Монгол Улсад огт байхгүй хуулийн тухай сайдын зөвлөлийн хурал дээрээ ярьж, бас өөрийнхөөрөө тайлбарлаж байх жишээтэй. Сүүлийн үед сайд өөрөө оролцсон бүхий л хурал, цуглаан, уулзалт дээрээ өөрийн найруулсан гүжирдлэг гүтгэлгээ ажил хэрэг болгохын тулд “хүмүүсийг үнэмштэл олон дахин ярихыг гол ажлаа ” болгон ажиллах болсон.
-Хэн нь ямар ажил хийх ёстой вэ гэдэг ажил үүргийн хуваарилалт, эрэмбэ байхгүй болчихсон гэсэн үг үү?
-Уг нь байсан, гэтэл сайд болон улс төрийн албан тушаалтны хувьд сайдад үйлчлэх ёстой ажлын албаны хүмүүсээ төрийн захиргааны албан хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүргийнх нь дотоод ажилд шууд хөндлөнгөөс оролцуулж эхэлсэн. Ингэснээр төрийн ажлын эрэмбэ, дэг жаяг, хуульд заасан ажлын байрны тодорхойлолт хэрэгжих ямар ч боломжгүй болгочихсон. Зөвлөхүүд болон туслах зэрэг төрийн захиргааны ажлын ямар ч хариуцлага хүлээхгүй хүмүүс яамны бүх ажилтны ажлыг өдөр бүр байнга хянаж, дур зоргоороо зааж зааварлан хууль бус шаардлага тавьдаг болсон. Энэ нь төрийн ажлын эрэмбэ, дэг жаягийг алдагдуулж, аппаратын ажилчдын төрөөс өгсөн үүрэг даалгаврыг өөрт ногдсон эрх үүргийн дагуу хариуцан хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болгосон. Би энэ талаар сайдад нэг бус удаа хэлж байсан. Гэвч сайдын гардан зохион байгуулж буй зүй бус ажил нь улам даамжирч хуульд зааснаар Яам нь Төрийн нарийн бичгийн даргатай байна, Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппарат болон газар хэлтсийн дарга нарын өдөр тутмын ажлыг төрийн захиргааны удирдлагаар ханган үр дүнтэй зохион байгуулан ажиллаж, ажлынхаа үр дүнг сайдын өмнө хариуцана гэсэн заалтыг хэрэгжүүлэх ямарч боломжгүй болгосон учраас Төрийн албаны зөвлөлд “Төрийн захиргааны төв байгууллагын ажлын байранд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргаж өгөх”-ийг хүссэн юм.
-Төрийн албаны зөвлөлөөс ямар дүгнэлт гарсан бэ?
-Төрийн албаны зөвлөл зохих шалгалтыг явуулж, нэгдсэн дүгнэлтээ Н.Удвал сайдад хүргүүлсэн байсан. Шалгалтын явцад төрийн алба хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон болон бусад илэрсэн зөрчлийн шалтгааныг “Н.Удвал сайд өөрөө болон өөрийн зөвлөх, туслахыг Төрийн захиргааны ажилд шууд оролцуулах болсноор Төрийн албаны тухай хууль,Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамдын эрхзүйн байдлын тухай хуулиудыг тус тус зөрчсөн байна” гэдгийг илэрүүлэн дүгнэлтдээ тодорхой заан оруулсан байсан. Мөн Төрийн нарийн бичгийн даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийг сайд өөрөө хэрэгжүүлэх болсноор Төрийн нарийн бичгийн дарга үүргээ биелүүлэх бололцоогүй, төрийн захиргааны ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах боломжгүй болгосныг тодорхойлж, Төрийн албаны тухай хуульд заасан “Төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах, Төрийн албаны стандартыг мөрдүүлж төрийн албыг үр дүнтэй удирдах” зэрэг хуулийн заалтууд зөрчигдөж байгааг богино хугацаанд засаж залруулан ажиллах шаардлагатай байгаа тухай шалгалтын дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлөөс сайдад хүргүүлсэн. Гэтэл үүнийг ч үл тоон эрх мэдлээрээ далайлган хүний ажлыг хууль зөрчин бусдад хуваарилчихаад, харин Хатанбаатар ажил хийхгүй байна гээд би энэ ажилд орохоос аргагүй боллоо гэж улайм цайм зүтгэн Ерөнхий сайдад хүртэл гүтгээд байгаа хүнтэй хууль хяналтын байгууллагад л хандаж зөв буруугаа тогтоолгоно уу гэхээс хүн чанар, ёс суртахууны тухай ярих ч утгагүй болсон. Угаасаа л төрийн нэр хүндтэй энэ албан тушаал гэдэг бол хувь хүнээс өндөр хариуцлага дээд зэргийн ёс суртахууныг хүссэн хүсээгүй шаардаж байдаг учиртай.
-Төрийн албаны зөвлөлийн шалгалтын дүгнэлтэд дурдсан зөрчлийг засч залруулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн үг үү?
-Харин ч эсрэгээрээ. Миний ажилд дэмжлэг үзүүлэх нь битгий хэл ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халуулсан. Саяхан Н.Удвал сайд өөрийн биеэр Төрийн албаны зөвлөлд очиж “Та нар манай яамны төрийн захиргааны ажлын талаарх дүгнэлтээ сольж өг, мөн шинэ Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар томилж баталгаажуулж өг” гэж өнөөх л муйхар шаардлага тавьдаг зангаараа тулган шаардсан байсан. Харин Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор “Шалгалтын ажлын хэсгийг томилж, чиглэл чиглэлийнхээ дагуу гишүүд ажиллаж, холбогдох баримт саналаа нэгтгэн уг дүгнэлтийг гаргасан учраас өөрчлөх боломжгүй, шаардлагатай бол эх баримтыг үзэж болно” гэдэг хариуг өгсөн гэсэн. Харин А.Эрдэнэтуяаг “Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар баталгаажуулах нь хууль зөрчсөн үйлдэл болох тул баталгаажуулах боломжгүй” гэдгийг, мөн “А.Эрдэнэтуяа нь боловсон хүчний талаар шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй болохыг” тодорхойлж Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байсан.
-Таныг ажлаас чөлөөлсөн тухай асуудал энэ зуны дуулиануудын нэг байлаа. Гэхдээ Засгийн газар чухам ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргачихав гэдэг олон нийтийн хувьд тодорхойгүй үлдсэн?
-Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтан нь Засгийн газрын тухай болон Яамны эрхзүйн байдлын тухай хуулиар яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж удирдах үүрэгтэй. Тиймээс тухайн яамны аппаратын хийж гүйцэтгэх ажлын үр дүн, түүний биелэлтийг заасан үзүүлэлтүүдийг Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны зорилго зорилтод нь оруулан зааж өгсөн байдаг. Яамны аппаратыг төрийн захиргааны удирдлагаар хангаж, төлөвлөгдсөн ажлыг бүрэн биелүүлж ажилласан тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд заагдсан зорилго зорилт биелдэг. Тэгвэл Төрийн нарийн бичгийн дарга аппаратынхаа ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажиллаж, түүнийхээ гүйцэтгэлийг сар, улирал, хагас жил, бүтэн жилээр Засгийн газарт тайлагнадаг.
Засгийн газраас Эрүүл мэндийн яамны ажлын гүйцэтгэлд ямар нэгэн алдаа дутаггдал гараагүй, Зохих шаардлагыг хангаж хэвийн сайн ажиллагаатай байгаа гэж үнэлэгдэж байсан салбарын ажил яахаараа Төрийн нарийн бичгийн дарга Хатанбаатар дээр буухаараа хангалтгүй биелсэн болоод байдаг байна аа. Сайд нь нэг хүнийг чадахын тулд бүхэл бүтэн яамныхаа ажлыг ингэж харлуулж болохгүй биздээ. Энэ үнэнээс гажсан дүгнэлт нь Засгийн газарт тайлагнаж дүгнүүлсэн ажил үүргийн биелэлттэй ямар ч уялдаа холбоогүй зүйл болохыг баримт материалуудаас харж болно. Иймээс Төрийн нарийн бичгийн дарга ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Мөн “Ажлын үр дүн мэргэжлийн төвшин тухайн албан тушаалыг хэрэгжүүлэхэд шаардлага хангахгүй байна” гэсэн байсан. Ийм дүгнэлтийг үр дүнгийн гэрээ байгуулж, түүндээ үнэлгээ хийсний үндсэн дээр өгөх ёстой тийм ч хуулийн заалттай мөн Дээд шүүхийн тайлбартай ийм л зүйл шүү дэ. Гэтэл бодит амьдралд надтай Н.Удвал сайд “үр дүнгийн гэрээ” ч хийгээгүй, мөн дүгнээгүй. Тийм байж “хангалтгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг өөрийн дур зоргоор зохиож байгаа нь дэндүү хариуцлагагүй, шударга бус явдал. Сайд ямар нэгэн байдлаар Төрийн нарийн бичгийн даргын ажил байдалтай танилцаж үнэлгээ өгч байсан удаагүй юм. Төрийн албаны зөвлөл ч бас Засгийн газрын энэ шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа юм байна лээ. Иймээс Хууль хяналтын байгууллагад хандаж асуудлаа зүй ёсоор нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг албан тоотоор өгсөн.
-Та үр дүнгийн гэрээ хийж ажлаа дүгнүүлье гэж сайддаа хандаагүй юм уу?
-Хандсан, бүр нэг биш удаа. Сайд надаас асуусан. Үр дүнгийн гэрээ байгуулахгүй бол яах вэ гэж. Хариуд нь би ажил хийдэггүй хүний хувьд завшина, харин би өөрийн хариуцсан ажил үүргээ зохих ёсоор биелүүлж байна гэж үзэж байгаа учраас үнэлүүлж дүгнүүлэн ажил байдлаа ямар төвшинд явж байгааг тогтоолгож, түүндээ дүгнэлт хийж засаж залруулах зүйл байвал анхаарч ажиллах нь өөрт хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Энэ ярианаас хойш гэрээ хийх тухай асуудал усанд хаясан чулуу шиг чимээгүй болсон.
-Төрийн албаны зөвлөл албан тоотоор зөвлөмж өгсөн гэхээр та ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэж холбогдох байгууллагад хандсан гэсэн үг үү?
-Төрийн нарийн бичгийн даргыг “Томилох буюу чөлөөлөхдөө Засгийн газар Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн шийдвэр гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчин Төрийн албаны төв байгууллагын ямар ч дүгнэлтгүйгээр намайг ажлаас халлаа гэсэн асуудлаар хандсан. Төрийн албаны зөвлөл хуульд заасны дагуу зохих хугацаандаа хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсний дагуу Шүүхэд хандсан байгаа. Харин Н.Удвал сайдын хүсэлтээр шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэтуяа нь яамны албан хаагчдыг “Хуучин Төрийн нарийн бичгийн даргыг чинь эргэж төрийн албанд орохооргүй байдлаар халсан, та нарыг ч тийм заалтаар хална” гээд хоморголон халж байгаа сураг дуулдаж байна лээ.
-Хүмүүсийг ажлаас халж байгаа шалтгаан нь юу юм бол оо?
-Би ажлаа долдугаар сарын 8-нд албан ёсоор хүлээлгэж өгсөн. Наадмаас өмнө долдугаар сарын 10-наас эхлэн одоогоор арваад хүнийг халсан гээд бодохоор мөн ч шуурхай ажиллаж байгаа биз. Манай сайд, шинэ Төрийн нарийн бичиг хоёр. Халагдсан хүмүүсээс тухайлбал, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнийг дөрөв таван хууль зөрчсөн, төрийн албан хаагчид байж боломгүй ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн шалтгаанаар халжээ. Үнэхээр ийм олон хууль зөрчсөн юм бол хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлэхгүйгээр ямар ч баримт нотолгоогүй эрх мэдлээрээ далайлган хүний эрх зөрчиж байгаа юм биш үү гэсэн асуулт зүй ёсоор гарна.
Бичиг хэргийн эрхлэгч, ажилтан хоёрыг халах шалтгаан нь “Төрийн албан хаагч хууль дээдлэх захирах захирагдах ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэж. Товчхондоо бол, Хууль зүйн яаманд явуулна гэж огноо дугаар авсан бичиг нь шууданч ирээд авч явах үед Төрийн албаны зөвлөлд гэж хаяг нь солигдсоныг харсан бичиг хэргийн ажилтан эрхлэгчдээ бичиг андуурагдан өөр газарт илгээгдэж байна гэж хэлж, магадалсан нь тэднийг буруутган халах шалтаг болж. Үнэндээ бол энэ нь Н.Удвал сайдын Эрдэнэтуяагийн талаар дүгнэлт гаргуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан бичиг байсан юм билээ. Өөрийнхөө булхайг нуухын тулд сайд бичиг хэргийн өөр нэг ажилтан, өөрийн хамаатан Батжаргалаар Хууль зүйн яам руу явуулна гэж худлаа огноо дугаар авчихсан байж. Өөрийнх нь ийм будлианыг олж харсан, бүр тодруулбал, хуулиар оноогдсон албан үүргээ сайн биелүүлж, хариуцлагатай ажилласных нь төлөө ажлаас нь халж, хүмүүсийг гудамжинд гаргаж байгаагаа хуулийг хэрэгжүүлж байна гэж үзэж байгаа бололтой. Эдгээр халагдаж байгаа хүмүүс Сайдын өөрийнх нь хуудуутай ажлын золиос болж байгааг шударга явдал гэж хэлэх үү.
ЗАХИАЛГААР ХИЙЛГЭСЭН ШАЛГАЛТ НЬ ӨӨРТ НЬ ТААЛАГДАХ ХАРИУГ ГАРГАЖ ӨГСӨН
-Эрүүл мэндийн яаманд хийсэн Төрийн аудитын шалгалтаар ямар дүгнэлт гарсан бэ, анхаарал татсан асуудал байсан уу?
-Яаманд Төрийн аудит хяналт шалгалтаа хийж, санхүүгийн үйл ажиллагаа үнэн зөв хуулийн дагуу ажилласан байна гэж дүгнэсэн. Харин сайдын өөрийн хариуцдаг Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд муу дүн тавьсан. Жишээлбэл сангийн мөнгө дандаа хувийн байгууллагын дансанд шилжиж байна, мөн хэт өндөр үнээр реклам зар сурталчилгааг хийж байна гэх мэт үргүй зардал их гаргасан байна гэж анхааруулсан зүйл их бий. “Эрүүл мэндийг дэмжих сангийн 581,4 сая төгрөгийн зарлагын гүйцэтгэлийг аудит хийх хугацаанд гаргаж ирүүлээгүй” нь санхүүгийн тайланд өгөх бидний санал дүгнэлтийг хязгаарлахад хүргэж байна гээд ЭМЯ “Хязгаарлалттай саналын дүгнэлт”-ийг авч “Эрүүл мэндийг дэмжих санг” анхаарч ажиллах ёстой гэж дүгнэсэн.
Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааны зарцуулалтын хуваарилалтыг одоогоор энэ ажлыг хариуцаж байгаа хүнийг огт оролцуулахгүйгээр зөвхөн сайдын зөвлөснөөр, урт хугацааны чөлөөтэй байгаа өөрийнх нь ойрын хүн болох Эвлэгсүрэн гэгч хүн гэртээ ганцаараа хийж байгаа зэрэг нь байж боломгүй санагддаг.
-Танай яам Төрийн аудитын анхаарлыг татсан, Эрүүл мэндийг дэмжих сангийн талаар зохих арга хэмжээ авч ажиллаж байгаа юу ?
“Хэдийгээр сангийн гэх тодотголтой боловч улсын төсвийн мөнгө учраас анхааралтай хандаж, үр ашиггүй зардлыг багасгаж аль болох зөв зохистой зүйлд нь зарцуулах ёстой” гэдэгтэй би санал нэг байдаг. Гэвч намайг ажлаа өгснөөс хойшхи сарын хугацаанд нөгөө Төрийн аудитын үр ашиггүй юманд зарцуулахыг хориглоно гээд байсан зүйлүүддээ их л шуурхай 500-аад сая төгрөгийг зарцуулсан байна лэ.
-Төрийн аудитаас гадна Сайдын дэргэдэх дотоод аудитын шалгалтын дүн гэж бас нэг юм яригдаад байгаа. Энэ тухай хэлэлцсэн хурлын протокол ч байсан. Дотоод аудитын шалгалтын дүнгээс өмнө энэ хороо нь хэзээ яаж байгуулагдсан талаар нь мэдээлэл өгөөч?
- Уг нь Засгийн газрын 129 дүгээр тогтоол Сангийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалыг яамд хэрэгжүүлэхдээ ЗГХЭГ-аас төсөв орон тоог шинээр нэмэхгүй байх дээр тогтож, дотоод аудитор гэж нэг хүн байхаар санал тусгасан зэргийг харгалзаад дотоод аудитын хороог цомхон байгуулсан байдаг. Харин манай Эрүүл мэндийн яам бусдаас том хороотой байх ёстой гэж үзээд сайд энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд сайд тушаал гаргаж, арваад хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Дотоод аудитын хорооны даргаар өөрийгөө, орон тооны нарийн бичгийн даргаар нь өөрийнхөө зөвлөх гээд байгаа Мандахнар гэдэг эмэгтэйг томилсон. Засгийн газар, Сангийн яамнаас өгч байгаа чиглэл заавар дүрмийг зөрчиж ийм том шалгадаг газар байгуулсан.
-Дотоод аудитын шалгалтаар сайд юу илрүүлэв, Анхаарах зүйл их байсан уу?
-Төрийн аудитын шалгалт орж дүгнэлтээ гаргаад дөрөв хонож байхад дотоод аудитын хороог дотоод аудитын албатай хамтруулан шалгалт хийлгэсэн. Гэтэл Төрийн аудитаас анхааруулсан “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн асуудалд нухацтай хандахын оронд Төсвийн урсгал зардал, Худалдан авах ажиллагааг илүүтэй сонирхон шалгасан. Тавдугаар сарын 21-нд болсон Сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал дээр уг шалгалтыг сайд өөрөө санаачлан захиалж хийлгэсэн гэдгээ их тодорхой хэлсэн байна лээ. “Дотоод аудит орсон нь сайшаалтай байна. Сайдын зөвлөлийн гишүүдэд ний нуугүй хэлье. Би бодит байдлыг зохих ёсоор нь тайлбарлая гэж бодож байна. Тиймээс худалдан авах ажиллагаа, төсвийн зарцуулалтад гарч байгаа, хууль зөрчсөн байдалтай байгаа алдаа дутагдлыг засаж залруулах шаардлагатай байгаа учраас хийлгэсэн” гэж. Энэ бол сайдын зөвлөл дээр хэлсэн үгийг хуурцагаас байгаагаар нь авсан үг. Ингэж захиалгаар хийлгэсэн шалгалт өөрт нь таалагдах хариуг гаргаж, 16 зөрчил гээчийг илрүүлсэн гэж мэдээлсэн. Энэ нь ч сайдад таалагдсан бололтой. Тэрээр хэлэхдээ “Манай дотоод аудитын хорооны хүмүүс анхных гэхэд их сайн ажиллалаа. Аймаар их зөрчил дутагдал илрүүллээ” гэж ярьсан.
-Үнэхээр тийм зөрчилтэй байсан юм уу, ямар учиртай юм бэ?
-Сайдын дотоод аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүд гээд байгаа 16 зүйлийн хоёр нь зөвлөмжийн чанартай. Үлдсэн 14 асуудлын 70 хувь “Худалдан авах үйл ажиллагааны хугацаа хоцорсон”-той, нэг асуудал Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой байсан.
Бусад нь яамны томилолтын зардал хэтэрсэн, яам шууд гэрээ хийж хууль зөрчсөн, төсөвт тусгагдаагүй ажил хийж гүйцэтгүүлсэн, гүйцэтгүүлсэн ажил нь баримт материалгүй байсан, ЭМЯ-ны харьяа газруудад интернетийн гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж мэдээлсэн. Иймд эдгээрт баримт түшиж товч тодруулага хийх хэрэгтэй гэж бодож байна.
Нэгд, Сайдын хийлгэсэн дотоод аудит Худалдан авах ажиллагаатай холбоотой цаг хугацаа хоцроолоо гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Энэ нь цаашаа Барилга захиалагчийн албатай шууд холбоотой. Н.Удвал сайд ажлаа хүлээж авснаасаа хойш Барилга захиалагчийн албыг ойр ойрхон хоёр удаа өөрчлөөд ч зогсохгүй, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөрийн тушаалаар Барилга захиалагчийн албыг бүтнээр нь бүрмөсөн татан буулгасан. Шинээр барилга захиалагчийн албыг байгуулахгүй байснаас энэ ажил зогсч хугацаа алдсан. Энэ хугацаанд Засгийн газраас, Сангийн яамнаас, Худалдан авах ажиллагааны газраас удаа дараа тендер зарлах хугацаа хоцорч байгаа учраас яаралтай материалаа ирүүлэхийг шаардаж байсан. Сайд олон дахин шаардуулж байж олон сарын дараа арайхийж байгуулсан. Шинээр байгуулагдсан Барилга захиалагчийн албаныхан бүгд шинэ хүмүүс учир тендерийн баримт материалыг яаралтай бэлтгэхэд хүндрэл гарч, энэ нь хугацаа хоцрох гол шалтгаан болсон. Н.Удвал сайд өөрөө Барилга захиалагчийн албыг шинээр байгуулах тушаалаа гаргахгүй, гуравдугаар сар хүртэл хүлээлгээгүй бол хугацаа хоцроосон тухай асуудал гарахгүй л байсан.
-Сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэлд “төлөвлөгдөөгүй ажлыг хийж гүйцэтгэсэн, тэдгээр нь баримт материал байгаагүй” гэсэн байсан. Сайд мэдээгүй байхад төлөвлөгдөөгүй ямар ажил хийчихсэн юм бэ?
-Сүүлийн жилүүдэд ЭМЯ-д эрүүл ахуйн анхан шатны шаардлага ч хангаж чадахааргүй хортой нөхцөл бий болж эрүүл ажлын байргүй болтлоо байдал хүндэрсэн байсан. Подвальгүй, дээр үеийн байр учраас олон жилийн турш байрны суурь хэсэгт алдагдаж байсан бохир дагтаршиж, бохирын үнэр нь газар гэсэх үед бүр хэцүү болж хувцас хунар, үс толгойд шингэж, гэртээ очоод ч муухай үнэрээс нь гэрийнхэн нь дургүйцдэг талаар бүх л албан хаагчид гомдол мэдүүлж байсан. Иймээс бид дээр дооргүй ярилцаж сайд шийдвэрээ гарган зохих арга хэмжээг яаралтай авсан. Аж ахуйн менежер ч үнэхээр зүтгэл гаргаж холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрлийг гаргуулан, мэргэжлийн байгууллагаар яаралтай гүйцэтгүүлсэн. 20 гаруй тонн бохирыг яамны барилгын дороос цэвэрлэж, байрыг ариутган, хуучин шаардлага хангахгүй болсон зургаан худгийг цэвэрлэн засварлаж, хоёрыг шинээр хийснээр Яам олон жилийн хэцүү хортой нөхцлөөсөө салсан.
ЭМЯ хурлын болон сургалтын ганц том заалтай, тэр заалны гурван дам нуруу нь хугарч, түүнийг нь төмөр утсаар баглачихсан, Улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас доогуур нь хүн явахыг ч хориглосон дүгнэлт гаргасан ийм л байдалтай байсан. Яам л хойно өч төчнөөн арга хэмжээ сургалт семинар явуулах шаардлагатай байдаг. Энэ асуудалд сайд мөн л албан ёсны шийдвэрээ гарган зохих журмынх нь дагуу асуудлыг шийдвэрлэж яаралтай бүх засварыг хийж үйл ажиллагааг нь хэвийн байдалд оруулсан. Дээр нь мөн сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын өрөөнд засвар хийлгэсэн. Гэтэл дотоод аудитын шалгалтаар “Төлөвлөгдөөгүй ажлыг хийж алдаа гаргасан. Мөн зарим гүйцэтгэлийнх нь материал огт байхгүй байсан” гэсний дараа манай яамны Санхүү эдийн засгийн хэлтсээс Барилга захиалагчийн албанд байсан материалыг авч үзсэн.
Шалгагч Х.Өлзий-Оршихын “байхгүй” гээд байсан тэр гүйцэтгэлийн баримт материал нэг байранд байрладаг Барилга захиалагчийн албанд байж л байсан . Үүнийг өөрт байгаа эрхийнхээ дагуу гаргуулан, үнэн зөв мэдээлэл өгчих сэтгэл энэ шалгагчид байсангүй л дээ. Харин захиалагчдаа таалагдахын тулд шударга бусаар ажилласан нь харагдаж байгаа юм. Ер нь энэ мэтээр захиалгат шалгалт учраас ихээхэн нэг талыг барьсан учир дутагдалтай болсон байсан.
-Дахиад л хурлын протоколоос иш татъя. Н.Удвал сайд “ЭМЯ нь 230 сая төгрөгийн шууд худалдан авалт хийсэн байна. Энэ юу вэ, энэ мөнгөөр юу хийсэн бэ” гэжээ. Та энэ тухай хувьд тодорхой тайлбар өгөх байх?
-Эрүүл мэндийн яам 230 сая төгрөгөөр хэзээ ч шууд худалдан авалт хийгээгүй. Шууд худалдан авалт хийх тийм их мөнгө ч байхгүй.Шууд худалдан авалт хийсэн гээд байгаа нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 5.1.23-т “Ерөнхий гэрээ“ гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчтэй гурав хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг хэлнэ” гэж заасны дагуу хийгдсэн Ерөнхий гэрээг хэлээд байгаа юм байна лээ.
Сайд, шалгагч хоёр хоёулаа “Шууд худалдан авах гэрээ”-г хийсэн гэж яриад байсан нь бодит байдал дээрээ шатахуун, хог хаягдал зайлуулах, харуул хамгаалалт зэргийн “Ерөнхий гэрээ” байсан. Хуульд маш тодорхой ялгаж салгаад заачихсан байгаа гэрээнүүдийг хольж хутган мэдэн будилж хүмүүст буруу ойлголт төрүүлж байгаа нь эрх мэдлээ ашиглаж хүнийг хүчээр буруутгах нэг төрлийн хүчирхийлэл юм даа.
-Интернэт хэрэглэдэггүй байгууллага гэж өнөөдөр алга. Танай яам нэт-ийн үйлчилгээ авах гэрээгээ хэзээ яаж хийсэн юм. Интернэтийн гэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах гэдэг урт нэртэй хууль, Өрсөлдөөний хуулийг зөрчсөн юм биш үү?
-ЭМЯ болон түүний харьяа байгууллагуудад интернэтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчтэй гэрээг 2010 оны дөрөвдүгээр сарын 15-нд хийсэн байдаг. Би тэр үед байгаагүй болохоор үнэндээ сайн мэдэхгүй. Харин энэ гэрээг хийхэд Үнэлгээний хорооны гишүүнээр одоогийн дотоод аудитын шалгалтыг хийж энэ зөрчилөө илрүүлээд байгаа мэргэжилтэн Х.Өлзий-Орших өөрөө оролцож байгуулсан юм билээ.
Яамны СЭЗХэлтэсээс “дотоод сонордуулгын бичиг”-ээр хоёр ч удаа энэ тухай ямар учиртайг тайлбарлаж өгөхийг Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газраас лавлахад хариу ирүүлээгүй. Эдгээрээс харахад энэ газрын мэргэжилтэн Х.Өлзий-оршихын “илрүүлсэн” гээд байгаа “зөрчил” нь ямар ч үндэслэлгүй андуурч эндүүрсэн, мэдэн будилсан зүйл гэдэг анзаарагдахгүй өнгөрөх аргагүй байгаа юм л даа. Энэ хэдэн асуудлыг ярихын тулд сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн хурал болгон зарлаж, олон нийтэд сүртэй нь аргагүй мэдэгдээд байсан нь зориуд зохион байгуулалтай хийгдсэн ажил гэдэг нь тодорхой болсон юм.
Засгийн газрын 2012 оны 129 тоот тогтоол гэж байдаг. Энэ тогтоолын тавдугаар зүйл дотор “Аудитын үнэлэлт дүгнэлт зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргана” гэж заасан байдаг. Гэтэл манай яамны дотоод аудитын шалгалтын үед шаардлагатай материалыг холбогдох газруудаас татаж аваагүй, зөрчил гээд байгаа зүйлээ огт нягтлаагүй зэргээс харахад мэргэжилтэн Өлзий-Орших Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм.
-Эрүүл мэндийг дэмжих сангийн талаар дотоод аудитын шалгалт бас зөрчил илрүүлсэн юм биш үү?
-Дэмжих сангийн энэ оны зарцуулалтын хуваарийг цаг хугацаа хоцроож баталсан зөрчилтэй гээд мэдээлж байсан. Энэ асуудал нь сайдын мэдэлд байдаг, Төрийн нарийн бичгийн даргын хариуцдаг ажил биш.
-Ийш тийшээ илүү дутуу томилолтоор сул явахгүй, томилолтын зардлыг хэмнэнэ гэдгийг шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд эхнээсээ их тодорхой сануулж, дарга нарын гадаад томилолтод хязгаар тогтоож байсан. Гэтэл танай яаман дээр томилолтын зардал хэтэрсэнийг сая аудит чинь илрүүлсэн байна ш дээ?
-ЭМЯ-ны дотоод, гадаад томилолт хэтэрсэн зөрчилтэй гэсэн байна билээ. Гадаад томилолт хэтрээгүй. Дотоод томилолтын хувьд сайд он гарсаар хөдөө орон нутагт маш олон явсан. Заримдаа нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явж байсан учраас хэтэрсэн тохиолдол байгаа. Манай томилолт тийм ч их биш. Тиймээс бараг бүтэн жилийнхээ томилолтыг оны эхний саруудад дуусгах шахсан нь үнэн. Ер нь сайд сонгуулийнхаа ажлыг их эрт эхэлсэн юм байна лээ. Миний хувьд яамны дотоод томилолтоор нэг ч удаа яваагүй.
ЭНЭ ХЭДЭН ЭМНЭЛГИЙН ЗАСВАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Ч БҮР ӨНГӨРЛӨӨ ДӨӨ
-ЭМЯ-ны Сайдын зөвлөлийн хурлын протоколыг харахад тендер үнэлгээн дээр тушаал хэрэгжүүлсэнгүй, хууль бусаар явагдаад байна гэж танай сайд дахин давтан хэлсэн байх юм. Ямар тушаалыг нь яагаад хэрэгжүүлээгүй юм бэ?
-Н.Удвал сайдын 2013 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 69 тоот тушаал гэж бий. Энэ тушаалаараа “Үнэлгээний хорооны дарга нарыг газар хэлтсийн дарга нараар ээлжлүүлэн томилж байх”-аар заасан юм.
Үнэлгээний хороог хэрхэн байгуулах, ямар үүрэг хариуцлагатай яаж ажиллахыг Худалдан авах ажиллагааны тухай хуулиараа Тендер, худалдан авах ажиллагааны журмыг зөвхөн Сангийн сайд гаргаж, түүнийг нь бүх яамд мөрдөх ёстой байдаг. Гэтэл Н.Удвал сайд үнэлгээний хороо байгуулахыг “Бялуу хуваах” гэж “ойлгоод” хууль тогтоомжид нийцэхгүй, өөрт байхгүй эрхийг хэтрүүлэн зөрчилтэй тушаал шийдвэр гаргачихсан. Үүнийг нь хэчнээн тайлбарласан ч хэрэгжүүлэхийг шаардах болсон. Бүр сүүлдээ албан тушаалаараа далайлган өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байна гээд миний тухай бусдад буруу ташаа ойлголт байнга төрүүлэх болсон. Уг нь аль аль нь алдаа дутагдалгүй явахыг хичээж ажиллах ёстой гэж бодоод л тэр тушаалынх нь тухай тайлбарласан. Сайд ойлгохыг хүсээгүй зүйлээ хүлээж авах дургүй юм билээ. Сайдын 69 тоот тушаалыг биелүүлэх гэдэг бол тэр чигээрээ хууль зөрчинө гэсэн үг. Тиймээс хэрэгжүүлсэнгүй гэж байгаа нь хууль зөрчиж өгсөнгүй гэсэнтэй л утга нэг зүйл.
-Та ярианыхаа дунд тендер, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хурал дээр онцгойлж авч үзсэн гэж байсан. Тендерийн тухайд сайд их анхаардаг байсан бололтой?
-Сайд энэ асуудалд их анхааралтай, бас их эмзэг ханддаг. Ямар сайндаа Дарханы эмнэлгийн хөрөнгө оруулалтын тендер зарлагдаад, 44 компани оролцоод дөрвөн өдрийн дараа нээх гэж байхад нь хүртэл Худалдан авах ажиллагааны газарт хүсэлт гаргаж байгаад цуцлуулж байсан.
Тендерийн асуудал ерөнхийдөө Худалдан авах ажиллагааны газар руу шилжсэн. Яаманд хэдэн эмнэлгийн засвар, ганц нэг шинээр барих барилга, тоног төхөөрөмжийн зарим нэг хэсэг гээд цөөхөн тооны зүйл байдаг. Тэгээд сайдын өөрийнх нь баталсан хуваарийн дагуу тендерүүд зарлагдаад явж байхад нь “энэ ч тендерийг цуцлах хэрэгтэй, тэрийг ч цуцла” гэдэг саналыг сайд байнга тавьдаг байсан. Тиймээс намайг ажиллаж байх хугацаанд ганц хоёрхон тендер явагдсан. Тендер худалдан авах ажиллагаа гэдэг нь энэ салбарын зайлшгүй хийх ёстой, цаг хугацаа заасан ажлуудын нэг. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүстэй ажиллахад их хэцүү юм билээ.
-Нэгэнт олонд нээлттэй зарлагдсан, “Нээгдэх” гэж байгаа тендерийг зогсоож болдог юм уу?
-Сайн мэдэхгүй юм. Чадаж байгаа хүмүүстээ л болж байгаа биз. Одоо Н.Удвал түрүүчийн зарлагдсан бүх тендерийг өөрийн томилуулсан хүнээрээ хүчингүй болгуулж, өөрийхөө дагуулж ирсэн хүмүүсээрээ “Үнэлгээний хорооны дарга, гишүүд болгож” төрийн ажлаар наадаж байна. Энэ бол “бялуу хуваах”-тай адилхан зүйл биш, их хариуцлагатай ажил. Ганц жишээ дурдахад Эх нялхсын Төвийн барилгын дээврийн засварын тендерийг цуцалснаас дээврээс ус нь гоожсоор барилгын чанар улам муудаж, тэнд хэвтэн эмчлүүлж байгаа эх, хүүхдийн тохь тух алдагдсан хэвээрээ л энэ зуныг барлаа. Энэ салбарт хийх ёстой ажлууд цаг хугацаандаа хийгдэхгүй саатсанаар эрүүл мэндийн байгууллагууд болон эмчилгээ үйлчилгээг нь хүртэж байдаг ард түмний эрх ашиг л хохирч байгаа юм.
-Эх нялхсын тендерийг цуцалсан гэхээр шинээр зарлаж таарах байх. Үнэлгээний хорооны дарга нь бас өөрчлөгдсөн үү?
-Удвал одоо жинхэнэ хүссэнээрээ л ажиллаж байна даа. Сайдыг хууль зөрчсөн үгүй нь хамаагүй өөрийнхөөрөө ажиллахад нь би саад болоод байсан учраас буруу солгойгүй худал ярьж элдвээр гүтгэж, хавьтсан ойртсон бүхэндээ бүтэхгүй хүн болгон ойлгуулж хууль бусаар халуулсан. Тэгээд хууль зөрчин байж найзаа авчирсан юм чинь одоо хүссэнээрээ ажиллахгүй ч гээд яахав.
Н.Удвал сайд Эрдэнэтуяа даргаараа 11 тендерийн үнэлгээний хороог хүчингүй болгуулж, нэг өдрийн дотор 14 тушаал гаргаж 23 үнэлгээний хороог шинээр бий болгож байх жишээтэй. Шинээр байгуулсан үнэлгээний 11 хорооны даргаар Бодлого төлөвлөлтийн газрын дарга нөгөө л Цолмонгэрэл ажиллахаар болж. Сайдын туслах нь байсан Байгууллагын удирдлагын хэлтсийн дарга Оюунцэцэг таван тендерийн үнэлгээний хорооны дарга болсон байна. Эмийн хэлтсийн дарга Мөнхдэлгэр дөрвөн үнэлгээний хорооны даргаар томилогдож байна билээ.
Оюунцэцэг өөрийн компаниараа сайдын өрөөг засуулаад сайд түүнийг нь голж дахин өөр компаниар засуулж байсан юм. Сайдынхаа өрөөг л санасанд нь хүртэл засч чадахгүй байгаа юм чинь, эмнэлгүүдийн засварыг чанартай, сайн хийх компанийг ашиг сонирхлын зөрчлөөсөө ангид сонгож чадна гэдэгт нэг л итгэл төрөхгүй байгаа юм.
Гэмтлийн эмнэлгийн “Түлэнхийн эмчилгээний” барилгын найман тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн үнэлгээний хорооны даргаар мөн л Цолмонгэрэлийг тавьж гишүүдэд нь Жамбалжав гэх мэт улс багтсаныг хар л даа. Сайд ийм юм хүсээд байсан юм байна. Сайдын өөрийнх нь гаргасан 69 тоот тушаал ч үүнийг л хийхийг шаардаад байжээ гэдгийг одоо л нэг юм ойлгож байна. Би сайдын энэ башир арга нарийн ухаан гээчийг ойлгохгүй ажлын эрх ашиг, нийтийн эрх ашгийг бодоод мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн багаар нь голлон хийлгэхийг зориод байсан. Ингэж зохион байгуулбал эргээд хариуцлага тооцох, ажлыг нь амжилттай дүүргэхэд дөхөм гэдгийг бодож ажилласан.
-Та сайдын гүтгэлэг гүжирдлэг хирээс хэтэрсэн гэх юм. Гэхдээ арай ч сайд хүн тэгэхгүй байлгүй дээ. Ер нь сайд та хоёр хэзээнээс үл ойлголцох болсон юм бэ?
- Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратыг мэргэшлийн үндсэн дээр бодлогын түвшинд удирдан зохион байгуулж, “Төрийн захиргааны удирдлагаар хангаж үр дүнтэй ажиллуулах үүрэгтэй”. Сайд “Санхүү хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, боловсон хүчний чиглэлүүдэд” онцгойлон асуудал үүсгэж энэ чиглэлийн ажлыг ч их туйлдуулсан даа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ олон удаа илтэд гүтгэсэн. Нэг хоёр удаа хүн андуурч, мартаж санаж буруу зөрүү юм ярьж болно. Харин 20 гаруй удаа гэдэг бол санаатай үйлдэл, бас хэрээс хэтэрсэн зүйл гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх. Төрийн ажлыг нь хуулийн дагуу ном журмаар хийх гэхээр л очоод Н.Удвал сайдтай мөргөлдчихдөг юм.
Улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгийн дарга нарыг шууд чөлөөлөхөд би сайдад саналаа хэлсэн. Энэ хүмүүсийн ажлыг дүгнэхгүйгээр ингээд нэг тушаалаар халж болохгүй гээд үүнийг би гурван үндэслэлээр нилээд нухацтай тайлбарласан. Зөвхөн сайд бидний хооронд болсон энэ ярианаас л эхэлсэн.Сайд “Танай Төрийн нарийн бичгийн дарга чинь энэ асуудал дээр таны эсрэг ажиллаж байгаа юм байна” гэж хүн хэллээ гээд л эхэлснээр дараа дараагийнх нь үргэлжлэх болсон .Мөн “Хяналтын Төгсдэлгэр ТНБДарга яаманд хүн томилохдоо мөнгө авдаг юм байна” гэж хэллээ гэж сайд надад хэлсэн. Сайд ингэж газрын даргынхаа нэрийг барин тавин барьж ярьсан болохоор сар гаруйн хугацаанд бүх хүнээс хуулийн дагуу судалгааг шинээр нэмэлт асуулттай авахуулж зохих арга хэмжээг авсанаар ийм зүйл болоогүйг тогтоож Удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа. Энэ хурал дээр Төгсдэлгэр даргаас хаанаас тийм мэдээлэл авсаныг лавлахад тэрээр “Би Оюунцэцэг даргад “Сайдын зөвлөх Мөнхцэцэг хүнд мөнгөө бэлдэж бай. Би ажилд оруулна гэж хэлсэн байсан” гэдгийг хэлсэн. Үүнийг яагаад ТНБД-д хамааруулаад байгааг би ойлгохгүй байна” гэснээр энэ асуудал тодорхой болж сайдын надад хэлсэн нь худал болох нь тодорхой болсон. Дараа нь Засгийн газар хуралтай гэж худлаа хэлж дуудаад намын дэд даргын өрөөнд бас баахан гүтгэсэн.
-МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва даргын өрөөнд үү?
-Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд гэнэт Засгийн газар дээр хуралтай байна гэж сайд дуудууллаа. Гэтэл Хэрэг эрхлэх газар хавиар намайг дуудсан хүн алга, хурал ч болоогүй байлаа. Хаана хуралтайг сайдаас лавлатал Шадар сайдын өрөөнд гэсэн. Тэнд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, бас зөвлөх Доёд гуай нар байж байна. Засгийн газар дээр хуралтай гээд дуудаад байсан нь худлаа, харин намын удирдлагын төвшинд намайг авч хэлэлцүүлэх гэж сайд хурал зохион байгуулсан байсан. Шадар сайдын өрөөнд болсон хурлаар сайд намайг найман зүйлээр буруутган гүтгэсэн. Төрийн албаны зөвлөлд шалгалт өгөхөөр явахдаа, өөрөө өөрийнхөө тодорхойлолтыг хийж надаар гарын үсэг зуруулалгүй яамны тамга тэмдэг даруулахгүйгээр явуулсан гээд л эхэлж байгаа юм. Сайд гүтгээд, би тайлбар хийх гэхээр “Та нар хар даа энэ хүн ингээд хүний үг хүлээж авдаггүй” гэж дуугаа өндөрсгөөд. Төгсгөлд нь Шийлэгдамба “Төрийн албан хаагчийн асуудлыг нам дээр шийдэхгүй” гэдгийг хэлснээр намайг авч хэлэлцүүлэх хурал нь өндөрлөсөн.
-Тэр хурал дээр тайлбар өгөх боломжгүй байсан гэлээ. Та дараа нь намын дарга нарт өөрийн тайлбараа өгсөн үү?
-Би маргааш нь сайдынхаа намайг гүтгэсэн найман зүйлээр нь бүх баримтыг нь бэлдээд Шадар сайдад танилцуулах гэсэн боловч хуралтай завгүй байсан тул зөвлөх Доёд гуай, бас ахлах зөвлөх Батсуурь хоёрт бүгдийг танилцуулсан. Төрийн албанд олон жил ажилласан Доёд гуай бүх баримтыг үзээд гайхан төрийн өндөр албан тушаалтан ингэж ийм ёс суртахуунгүй, хүн гүтгэж байгааг анх удаа л харж байна, ийм ч юм байх гэж дээ гээд толгой сэгсрэн шогширч байсан. Тэгээд “Хатанбаатар аа дүү минь, чи өөрөө төрийн ажлыг мэдэх хүн хойно сайн хичээж ажилла, төрийн ажил хүнд шүү дээ, тэмдэглэл сайн хөтлө” гэж зөвлөгөө өгсөн. Чи санаа зоволтгүй бид хоёр Шадар сайдад танилцуулна гэж хэлсэн учраас Шадар сайд энэ талаар үнэн зөв ойлголттой байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Нэгэнт шадар сайдын өрөөнд болсон асуудлаар бүх баримтыг зөвлөхөөр нь дамжуулж танилцуулсан учраас би өнөөдрийг хүртэл намын дэд даргынх нь хувьд ч, Шадар сайдынх нь хувьд ч Д.Тэрбишдагва даргатай уулзаагүй байна. Төрийн ажил албаны арвин туршлагатай энэ хүмүүсийн чин сэтгэлээсээ өгсөн энэ зөвлөгөөнд би их талархаж явдаг.
-Эрүүгийн цагдаад яагаад шалгуулах болсон юм, та?
-Жилийн эцсээр санхүүгийн зөрчил дутагдалгүй ажилласан эмнэлгийн санхүүгийн ажилтнуудыг нэг сарын цалингаар шагнаж урамшуулдаг төсвийн хуультай, Сангийн сайдын тушаалтай. Энэ дагуу зөрчил дутагдалгүй ажилласан хүмүүсээ урамшуулахаар санал явуулсан чинь “Ж.Хатанбаатар эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгө идлээ уулаа, улсын хэмжээнд хичнээн төгрөг болов” гэдэг асуудал сайд босгоод ирсэн.
Ер нь Н.Удвал сайд их хартай хүн учраас хэн хаашаа ямар бичиг цаас илгээв гээд бүгдийг хуулж хувилж авдаг байж гэдгийг би сүүлд л мэдсэн. Хэнд ч итгэнэ гэж байхгүй.
Хүмүүсээ хууль, дүрмийн дагуу урамшуулчихсан чинь сайд хардаад болохоо болихоор нь Ч.Улаан сайдаас зөвлөгөө авлаа. Сүүлдээ Эрүүгийн цагдаагийн газарт өгч шалгууллаа. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаад “Энд хууль зөрчсөн зүйл алга, Төсвийн хууль, Сангийн сайдын тушаалын дагуу хийгддэг ажил хууль журмын дагуу хийгдсэн байна” гэсэн хариу өгсөн.
-Таныг Солонгостой холбоотой төслөөс мөнгө авсан гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ нь яг ямар төсөл, тантай яаж холбогддогийг тодруулахгүй юу?
-Дээр хэлснээр сайн ажилласан хүмүүсээ жилийн эцэст сарын цалингаар урамшуулсанаа Эрүүгийн цагдаагаар шалгуулчихаад байж байтал сайдын дүүгийн сайт дээр Солонгосын тендерээс 80 тэрбум төгрөг идсэн уусан гэсэн мэдээлэл гарч түүнийг нь тагнуулынхан л мэдсэн мэтээр бичсэн байсан. Иймээс Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулахад ТЕГ-аас “Тантай холбоотой асуудал байхгүй болохыг мэдэгдье” гэсэн албан тоот тавдугаар сарын 22-нд, АТГ-аас “Ж.Хатанбаатар та тус газарт хуулиар харьяалуулсан хэрэгт шалгагдаагүй болохыг үүгээр тодорхойлж байна” гэсэн албан тоотыг тавдугаар сарын 15-нд тус тус ирүүлсэн.
Тэр төслийн тухайд өмнөх Засгийн газар хоёр жилийн өмнө 2011 онд эхлүүлсэн Солонгосын Засгийн газрын зээлээр “Үндэсний оношлогоо эмчилгээний төв” барихаар төлөвлөгдсөн юм билээ. Эхний удаад солонгосууд өөрсдөө найман компанийн нэр дэвшүүлж, түрүүчийн Засгийн газрын үед дөрвийг нь шалгаруулсан байдаг. Тэр дөрвөөсөө нэгийг нь сонгох ёстой бөгөөд одоогоор шалгаруулалт ч явагдаагүй. Мөн Солонгосын тендерийн хуулиар явахаар заагдсан, хоёр жилийн өмнө эхэлсэн хирнээ одоог хүртэл барилгын зургийн компаниа ч шалгаруулж дуусаагүй төсөл байдаг юм. Мөн өмнөх Засгийн үед БНХАУ-ын хөнгөлөлттөй зээлээр эрүүл мэндийн салбарын “Мэдээллийн технологийг сайжруулах” төсөл эхэлж одоогоор бас л зогсчихсон байгаа. Үнэндээ надаас шалтгаалах ажлууд биш. Өмнөх Засгийн газрын эхэлсэн энэ хоёр төсөл хоёулаа зогсонги байгаа гэдгийг мэдэх газрууд, холбогдох хүмүүс нь сайн мэдэж байгаа. Н.Удвал сайд Эрүүл мэндийн яаманд их мөнгөтэй холбогдолтой тендерийн ажлууд ямар ч хөдөлгөөнгүй зогсонги байгааг мэдсээр байж тэр бүхнийг надтай холбож яривал хүмүүсийн анхаарлыг татна гэж тооцоолсон бололтой юм билээ.
АЖЛЫН ЭРХ АШИГ БАС САЙДЫН НЭР ХҮНДИЙГ БОДОЖ ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДСАН
-Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдсан ч зарим эмнэлэг саяхныг болтол даргагүй байсан. Боловсон хүчний энэ мэт асуудлын буруутанг сайд чинь таныг гэж хэлээд байгаа шүү дээ?
-Манай эрүүл мэндийн салбар улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгүүдийнхээ дарга нарын сонгон шалгаруулалтыг хийж чадахгүй байгаа. Зарим эмнэлэг даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэйгээр найман сар гаруй болсон. Энэ бол үнэхээр харамсмаар зүйл. Даргатай, цэрэгтэйгээ нийлээд ажиллаад байхад энэ салбарт хүндрэл гараад л байдаг. Байнгын хараа хяналт анхаарал халамж хэрэгтэй салбар шүү дээ. Ямар ч Засгийн газар байсан анхаарлынх нь төвд эмнэлэг, боловсрол хоёр байх ёстой. Гэтэл энэ салбараа арай ч дэндүү анхаарахгүй, харин ч салбарын сайдаасаа эхлээд л юм бол бүгдээрээ нийлээд муу хэлээд байдаг гажиг нөхцөл байдал өнөөдөр үүсчихэж.
Монгол хүний эрүүл мэнд гэдэг бол Монгол Улсын үнэт баялаг гэдгийг бүх хүн мэддэг. Энэ үнэт баялгийг чинь эрүүл саруул байлгахын төлөө манай салбарынхан ажиллаж байгааг бас үгүйсгэж болохгүй.“Улсын хэмжээний үйчилгээтэй төвүүд гэдэг бол энэ салбарын хувьд эрүүл, аюулгүй, чанартай үйлчилгээг үзүүлж байх хамгийн гол түшиц суурь баазууд нь”. Гэтэл энэ суурь баазуудыг удирдах ажилтныг нь тодруулах сонгон шалгаруулалт явуулах болгонд дэд сайд байх үед туслах нь байсан, одоо хэлтсийн даргаар ажиллаж байгаа Оюунцэцэгээр шалгаруулалтыг саатуулаад, заавал нэг саад тотгорыг зохиомлоор үүсгээд байсан. Улсын эрүүл мэндийн салбарт нөлөө бүхий энэ олон том эмнэлгийг ингэж удирдлагагүй удаан барьж байх нь салбарын сайдын хувьд их ёс зүйгүй асуудлын нэг баймаар. Шалгаруулалтад оролцож тэнцээд Төрийн албаны зөвлөл баталгаажуулаад байхад өнөөдөр “Зоонозын төв”-ийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтаар сонгогдсон Цогбадрахыг ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөл хоёр удаа тогтоол гарган хүргүүлээд, Төрийн албаны зөвлөл ч хуулийн дагуу томилохыг албан ёсоор шаардаад байхад ч Н.Удвал сайд томилохгүй байсаар байгаа нь өөрийнх ярих дуртай “Нийтийн эрх ашгийг хэтэрхий хөсөрдүүлж байгаа”-гийн тод жишээ. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд тарваган тахлын аюул байнга түгшүүрийн дохио дэлдсээр байгааг ТВ радиогоор бид өдөр болгон сонсч түгшиж байна шүү дээ.
Яаманд бужигнуулах нь багадаад Н.Удвал сайдын хардалт нь сүүлийн үед Төрийн албаны зөвлөл рүү хүртэл халих болсон. Сайд саяхан Төрийн албаны зөвлөл дээр очиж “Нэгд, танайх манайд хийсэн Төрийн албаны шалгалтынхаа дүгнэлтийг сольж өг. Хоёрдугаарт, Эрдэнэтуяаг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар томилж өг” гэж шаардсан байсан. Төрийн албаны зөвлөлөөс Шалгалтын тухайд ажлын хэсэг томилж яамны төрийн захиргааны ажлыг хянан шалгаж гаргасан дүгнэлтийг өөрчлөх боломжгүй. Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан хүнийг хууль бус шийдвэр гаргуулан чөлөөлүүлсэн учраас хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Тиймээс А.Эрдэнэтуяаг салбар зөвлөлийн даргаар томилох тогтоол гаргах эрх зүйн боломжгүй гээд, харин А.Эрдэнэтуяа нь “Боловсон хүчний талаар шийдвэр гаргах нь эрх зүйн чадамжгүй” гэдгийг бичгээр хариу өгсөн байгаа юм билээ.
Би ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлийн дарга байсан. Энэ ажлынхаа хүрээнд Төрийн албаны зөвлөлийн удирдах ажилтны асуудлыг хариуцсан Даваа-Очир даргатай ажил байдлаа тайлагнаж, холбогдох заавар зөвлөгөө, чиглэлийг авч дүрэм журмын дагуу ажиллаж байсан. Гэтэл Н.Удвал сайдын дүүгийн сайтад “Төрийн албаны зөвлөлийн дэд дарга Даваа-Очирыг Ж.Хатанбаатартай их холбоотой, халаас нэгтэй” гээд бичсэн байсан. Энэ бол ямар ч үндэслэлгүй зүйл юм.
-Сайд нь сонгуульд нэр дэвшээд, туслах нь тамгаа авч зугтлаа гээд нэг хэсэг шуугисан. Мөн шүүхийн шийдвэрээ бариад ирсэн хүн ажилдаа орж чадахгүй байна гээд л хэвлэлээр бичигдэж байсан. Энэ бүхэн юу болсон бэ?
-ЭМЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг Захиргааны хэргийн шүүхээс ажилд нь эгүүлэн томилохыг тогтоосон шийдвэр дөрөвдүгээр сарын 10-нд гаргаж Төрийн нарийн бичгийн даргад даалгасан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр сарын турш удаа дараа шаардсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр өөрийнхөө эрх үүргийн дагуу Бодлого төлөвлөлтийн газрын даргаар Энхболдыг зургадугаар сарын 18-нд эгүүлэн томилж, мөн өдрөөс Цолмонгэрэлийг чөлөөлөх тушаал гаргасан. Туслах нь хүртэл төрийн ажилд оролцдог дадлынхаа дагуу “тамга дарахгүй” гээд ЭМЯ-ны тамгыг аваад зугтчихсан. Тэр тушаалд одоог хүртэл тамга дарагдаагүй байгаа. Албан бичиг баримтад яамны тамгыг дарж баталгаажуулах эсэхийг сайдын туслах ч шийддэг асуудал биш л дээ. Эрх бүхий албан тушаалтан үүргийнхээ дагуу гаргасан тушаал шийдвэртээ хуулийн хүрээнд өөрөө хариуцлага хүлээх учиртай байтал манай яаманд төрийн ажил нэг иймэрхүү явах болсоор удаж байгаа.
-Шүүхээс хууль бусаар ажлаас халагдсан гэдгээ тогтоолгочихоод байгаа С.Энхболдын оронд одоо ямар хүн ажиллаж байгаа юм бэ?
-Цолмонгэрэл гэдэг эмэгтэй бий. Энэ эмэгтэй сайдын дагуулж ирсэн хүмүүсийн нэг. Өөрөөр хэлбэл, “Би та нарыг ажилд авсан учраас” гэж загнуулдаг, сайдын хэлсэн үгийг буруу ч байсан дагадаг цөөхөн итгэлтэй хүмүүсийнх нь нэг. Анх энэ хүнийг томилуулахад нь мэргэжлийн бус гэдэг хэл ам гарч байсан, тэр яриа одоо ч яригдаж л байгаа. Одоо харин Удвал сайд энэ итгэлтэй хүнээрээ юу юу хийлгэж байгааг зах зухаас нь би дээр дурдсан.
-Миний бодлоор Монгол Улсын ЭМЯ уг нь бол хамгийн эрүүл орчинтой ажиллах газар баймаар. Гэтэл Эрүүл мэндийн сайд “Стрессгүй ажлын байрыг Эрүүл мэндийн яамнаас эхлүүлье” гэдэг тушаал гаргасан байсныг хараад гайхаж байсан. Эрүүл мэндийн яаманд яг ямар төрлийн стресс хямрал байгаа юм бэ?
-Н.Удвал сайд өөрөө “Энд ч түймэр тавиад, тэнд ч гал гаргаад” ирлээ гэж их ярьдаг хүн. Би тэгэхэд нь “Би ийм амьдралыг ойлгодоггүй ээ, аль болох эв зүйгээр нь хууль дүрмийн дагуу ёс суртахуунтай ажиллахыг эрхэмлэдэг” гэж хэлдэг байсан. Түүний ойлголтоор бол энд тэндгүй гал л асаахгүй бол санаа нь амардаггүй, ингэж энд тэндгүй түймэр дэгдээж байгаагаа их сайн ажиллаж байна гэж ойлгодог. Харин төрийн ажил алба гэдэг түймэр дэгдээчихээд түүнийгээ унтрааж байна гэж хувинтай ус бариад гүйгээд байдаг шоу маягаар хийдэг ажил биш. Тэрээр үргэлж “Та нар миний эсрэг ажиллаад байна” гээд загнаад, хүмүүсийг гүтгэж дарамтлаад, хардаж сэрдээд дээр нь өөрийнхөө найз нарыг авчирч Иргэний зөвлөл нэртэй байгууллага байгуулчихаад Эрүүл мэндийг дэмжих сангаас цалинжуулдаг. Мөн сайдын зөвлөлийн хуралд оруулна гэж урд өдөр нь хүмүүст баахан асуудлаар үүрэг өгч тэднийг чиг үүргийнх нь дагуу ажлыг нь хийлгэхгүйгээр, дарга цэрэггүй нойр хоолгүй суулгадаг. Ингэж дутуу дулимаг юм бэлдүүлж, түүнийгээ удирдлагын зөвлөлийн хурлаар ч оруулж боловсруулж хянуулахгүйгээр шууд сайдын зөвлөлийн хуралд оруулж зарим асуудлыг сайдын зөвлөлөөр ч оруулалгүйгээр шууд Засгийн газарт оруулж тэр асуудал нь буцахаар “Манай Эрүүл мэндийн яамныхан юу ч хийж чадахгүй Засгийн газарт орсон асуудлууд буцаад, миний хариуцсан яам дампуурч байна ЭМЯ л хамгийн нойл нь байна” гэж загнаад үүнийгээ л ажил хийж байна гээд ойлгоод байх шиг байна. Харин ч энэ бүх дарамт нь ажилтан, албан хаагчдад стресс үүсгэнэ үү гэхээс олигтой ажил болохгүй байгааг сайд өөрөө ч олж харахгүй байгаа юм.
-Ингэж ажиллаж болохгүй гэдгийг сайддаа шууд хэлж болдоггүй юм уу?
-Ийм маягаар “Бушуу туулай борвиндоо…”-гэгчийн үлгэрээр л ажиллаад байхаар тухайн асуудал хариуцсан газар хэлтсийн дарга нар нь надад гомдоллодог. “Даргаа асуудал хариуцсан дарга нь мэдээгүй, хянаагүй асуудал яагаад Сайдын зөвлөлийн хуралд ороод хэл ам татлаад байгаа юм бэ” гэдэг. Тиймээс би сайдад энэ тухай хэлсэн. Ингэж болохгүй ээ. Та ингээд нэг мэргэжилтэнд үүрэг өгчихдөг, газар хэлтсийн дарга нар нь ч мэдээгүй байдаг. Ийм байдлаас болоод заримдаа манай яамнаас оруулж байгаа асуудал Засгийн газар ч юмуу аль нэг дээд газарт очоод буцах тохиолдол үүсч байна гэж тайлбарлаад хууль дүрэм журмын дагуу явъя гэж хэлсэн.
Тухайн үедээ ойлгож байгаа царай гаргаад хүмүүсийг дуудаад л “Одоо ерөөсөө газар хэлтсийн дарга нараар ороогүй, тэр ч бүү хэл Төрийн нарийн бичгийн даргаар хянагдаагүй бичиг сачиг битгий оруулж ирж бай” гээд л үүрэг өгөөд байсан. Дараахан нь энэ хэлснээ мушгин гуйвуулж “Сайд дээр хэн оров гээд хардаж сэрдээд бөөн юм болж байна” гээд бас л намайг буруутгаж ярих нэг сэжүүр болгочихсон байх жишээтэй. Надад сайд дээр хэн орж юу ярихыг өөр шиг нь хянаад сууж байх сонирхол ч байхгүй, зав ч байхгүй. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг хүмүүсийн ярьдгаар “Яамны нуруугүй морь” шүү дээ.
-Тушаал гаргаж төсөл хэрэгжүүлээд стресс арилах уу?
-Стресс үүсгэх энэ байдлыг бий болгоод байгаа сайд өөрөө стрессгүй ажлын байрны тухай тушаал гаргаад тэр тушаалдаа сонин сонин юм их тусгасан байдаг юм. Ажлын байрны хүчирхийллийг цаг тухайд нь сайдад мэдэгдэж байх үүргийг зөвлөх Жамбалжавтаа өгч байх шиг. Юугаа ч ажлын байрны хүчирхийлэл гээд байгаа юм бүү мэд.
Сайдын хардах сэрдэх өвчнөөс болоод доор нь ажиллаж байгаа төрийн албан хаагчид, төрөөс даалгасан ажилд сэтгэл шулуудан амар тайван ажиллах боломжгүй болж, байнга л шалгуулж, гүтгүүлж түүнийг нь худлаа гэдгийг нь мэдэж байгаа ч сайд хэлж байгаа юм болохоор зүгээр орхичихож болохгүй албаны эх сурвалжуудад хандаж хариулт сэлт авах эсвэл эх баримт бичгийг шүүн хариулт өгөх, зарим шаардлагатай үед хуулийн байгууллагад хүртэл хандаж лавламж тодорхойлт авах болдог. Энэ байдлуудаас болж манай Эрүүл мэндийн яам жинхэнэ утгаараа “Хов жив, стрессийн үүр уурхай” болоод байх шиг. Ер нь “сайдын энэ стресс үүсгэдэг нууцлаг технологи” газар авсаар байгаа тохиолдолд эрүүл мэндийн яамны стресс дарамт үргэлжилсээр л байх болно.
Уг нь ”бүх ажлыг хууль, журмын дагуу явуулахад” л хэнд ч стрессгүй сайхан ажиллах нөхцөл боломж бүрддэг болохоос яамны стрессыг сайд тушаалдаа заасан шиг “Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж”, дээр нь өөрөө лекц уншаад улсаас түүнийг санхүүжүүлж арилгадаг ч юм биш.
-Та энэ бүхэнд яагаад тухай бүрт нь хариулт өгөөгүй юм бэ. Өнөөдрийг хүртэл чимээгүй явсан атлаа одоо дуугарах болсон шалтгаан юу байв?
-Ажлын эрх ашиг бас сайдын нэр хүндийг бодож хүлээцтэй хандсан. Өнөөдрийн миний энэ нөхцөл байдал бүхнийг тодруулж хэлэхээс өөр аргагүй байдалд хүргээд байна. Сайд өөрийнхөө хийсэн гүтгэлэгт итгэчихсэн бололтой. Ерөнхий сайдад бичсэн албан тоотдоо “Энэ Хатанбаатар ажил төрлөө хийж чадахгүй байна… нийтийн эрх ашгийг бодож чөлөөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна… албан болоод албан бус мэдээллээр”… ч гэх шиг ер нь их л сонирхолтой аргаар ажилласан бололтой юм билээ. Өөрийн зохиосон дүрдээ итгэчихээд баруун солгойгүй гүтгэж, хүний нэр төрийг гутаан доромжилж, ажил төрөлгүй болгохыг санаархаж байх юм. Засгийн газрын хуралд суухаас өөрөөр салбарын үндсэн ажил руугаа ордоггүй Удвал сайд надтай ажиллах хугацааныхаа ихэнхийг хөдөө гадаа явж өнгөрөөснийг хүн бүхэн мэдэж байгаа. Миний хувьд Төрийн нарийн бичгийн дарга нарын шалгалтад орж тэнцэж энэ ажилд томилогдсон цагаасаа хойш яаралтай хагалгаанд орох шаардлага гарч Хэрэг эрхлэх газраас 10 хоногийн чөлөө авсныг эс тооцвол яамны ажлыг нэг өдөр ч тасалдуулж байсангүй. Ийм байхад яамны ажил хэний нуруун дээр байсан нь тодорхой.
Би өөрт оногдсон ажлаа хариуцлагатай идэвхтэй чармайлттай хийж байсан гэдгээ хэний ч өмнө нүүр бардам хэлнэ. Харин гүтгэлэг гүжирдлэг нь эрчээ авч одоо ханалаа гэсэн бололтой намайг байсаар байтал өөрийн тойрон хүрээлэгч нараараа Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрлэх ёстой бүх ажлыг шийдвэрлүүлэн Төрийн ажлыг булааж авч будлиулж эхэлсэн. Энэ байдал нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаарч нотлогдон гаргасан дүгнэлтэд нь тодорхой туссан байна лээ.
-Таныг анх Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож очиход сайд бараг гэгээрчихсэн хүн гэж байсан тухай би хүмүүсээс сонссон гэсэн?
-Төрийн нарийн бичгийн даргын ажил үүргийг хүлээн авч байхад Н.Удвал сайд “Таныг би олон хүнээс сонссон. Та чинь биднийхээ дэргэд бараг гэгээрчихсэн хүн гэж ярьдаг юм байна лээ. Та ч манай багийн дэргэд бол гэгээрчихсэн хүн шүү дээ, бид тэгж ойлгоод байгаа шүү дээ” гээд байсан. Тэр үед би юу гэх гээд байгаагийн учрыг ойлгоогүй. “Намайг сэтгэл зүйн эмчилгээ явуулдаг гэж дуулаад л тэгж хэлсэн байх гэж бодоод өнгөрсөн. Одоо эргээд бодоход, энэ гүтгэлэг дайралтаас нь харахад “Та гэгээрсэн хүн тул биднийг юу ч гүтгэсэн, юу ч гэж хэлж хийж байсан, дуугүй л байгаарай” гэсэн үг байсан юм байналээ.Сайдын өөрийнх нь буруу булхайг нь баримт материал сөхөөд олон юм яриад байхаар бүр нөгөө тийш нь мушгиад намайг “Надтай муудсан хүн сайнаа үзэхгүй нус нулимсандаа хутгалдана шүү” гэж удирдлагын зөвлөлийнхээ хурал дээр заналхийлсэн гэж гүтгэсэн. Би олон чухал шийдвэр гаргадаг удирдлагын зөвлөлийн хурлыг дандаа баримтжуулж бичлэгтэй явуулдаг байсан тул бичлэгийг шүүн худлаа гэдгийг нотолж тогтоож мэдээлсэн.
Эцэст нь хэлэхэд, өөрийн хүнээ дэргэдээ авч хамтран дураараа дургих гэсэн сайд Эрүүл мэндийн яаманд болж бүтэхгүй бүхний гол шалтгаан байсан гэдэг нь одоо бүр тодорхой боллоо доо. А.Эрдэнэтуяаг Төрийн нарийн бичгийн даргаа томилуулсны дараа Н.Удвал сайд ярилцлага өгсөн байсан. “Манай нутгийн хүн юм гэдгийг нь би сая л мэдлээ. Ард түмэн минь надтай ямар ч хамаагүй гээд ойлгочих” гэсэн байсан. Харин Архангайн наадамд очоод “Н.Удвал сайд Би Ж.Хатанбаатарыг авч хаяад Эрдэнээгээ дэргэдээ авсан шүү дээ” гээд гайхуулаад явж байсан гэдгийг нь улсууд ярьж байсан.
Намайг анх энэ ажилд томилогдож байхад Н.Удвалтай хамт ажиллахад хэцүү их л хутгадаг хүндээ гэдгийг хүмүүс хэлж байсан. Тэр үед би “Төрийн ажлын эрх ашиг гэдэг нэг том зорилго дээр хүссэн ч хүсээгүй ч нэгдэж ажилладаг хойно болох байлгүй дээ” гэж бодож байсан юм. Гэтэл даанч төрийн ажлын эрх ашгийг тоохгүй юм билээ. Намайг Удвалын тухай энэ бүхнийг хэлэхэд зарим нь энэ хоёр муудалцаад байгаа юм байна гэж ойлгох л байх. Үнэнийг хэлэхэд би тэр хүнтэй огт муудсан юм байхгүй, тийм сонирхол ч алга. Тэр хүний хийгээд байгаа бусармаг үйлдэлд баримт материал үндэслэн хариултыг өгч, болсон явдалд үнэнийг хэлэх нь шударга ёсонд нийцнэ” гэж үзсэн юм. Тэгээд ч энэ нь зөвхөн миний асуудал биш. Энэ салбарын хувь заяагаар тоглож, энэ ард түмний эрүүл мэндийн эрх ашгийг хөсөрдүүлж байгааг нь хараад зүгээр сууж байх нь ёс зүйгүй хэрэг болно.
-Та сэтгэлзүйн эмчилгээнийхээ талаар товч тайлбарлаж өгөхгүй юу?
-Өнөөгийн соёлт хүн төрөлхтөний тулгамдсан асуудлын нэг бол техник технологийн дэвшил,нийгмийн хөгжлийн өндөр хурдац, мэдээлэл даяарчлагдсантай уялдан бий болсон оюуны хэт өндөр ачаалалд дасан зохицож, ажиллах чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх, шаардлагагүй мэдээлэлийн сөрөг үр дагавраас өөрийгөө чөлөөлөх юм. Тэгвэл “Сэтгэлзүйн эмчилгээ” нь хувь хүн өөрийн оюун ухааныг гадны сөрөг нөлөөөнөөс хамгаалж түүнээс гарах сөрөг үр дагаваруудыг сэтгэлийн гүнээс буюу далд ухамсрын төвшингөөс цэвэрлэх маш энгийн “Хүн төрөлхтөний эртний уламжлалт арга ухаан”–ыг заан эзэмшүүлдэг сургалт юм. Зарим хүмүүс үүнийг бясалгал гэдэг талаас нь ярих дуртай байдаг ч тэр талаас ярих нь ямарваа нэг шашны асуудал мэт ойлгогдох тал бий. Байгалийн түгээмэл хуулийн дагуу хүн өөрийн оюун ухааныг хөгжүүлж, ухамсарт оюун санааныхаа төвшинд өөрөө өөрийгөө хянаж, удирдаж сурах нь шашины ямар нэгэн үзэл яаманд сурталтай холбоогүй юм. Хүний сайхан сэтгэл, зөв явдал нь хүн төрөлхтөний мөнхийн хүсэл мөрөөдөл болсон амар амгалан аз жаргалыг бүтээж байдаг нь энэ хорвоо ертөнцийн хууль юм. Дэлхийн хаана ч байсан хэн ч гэсэн энэ хуулиас гажиж чадна гэжүү. Тиймээс өөрийнхөө дотоод эрчим хүчийг бэхжүүлж, сэтгэлзүйн гадны сөрөг нөлөөллөөс хамгаалах, хувь тавилангаа ухамсартайгаар жолоодох боломжийг нээдэг “Энэхүү оюуны үнэт сан хөмрөгөөс” сурч эзэмших боломж хүн бүхэнд байгаа бөгөөд үүнийг зайлшгүй эзэмших шаардлагатай тийм л цаг үед бид амьдарч байна даа.
-Та энэ сэтгэлзүйн эмчилгээг хэзээнээс зааж эхэлсэн бэ. Энэ нь зөвхөн өвчтэй хүмүүст зориулсан эмчилгээний чанартай асуудал биш юм уу?
-Бид энэхүү сэтгэлзүйн эмчилгээг хорь гаруй жил хийж, хүмүүсийн оюун ухааны чадавхийг хөгжүүлснээр сэтгэлийн хүчээ эзэмших арга ухааныг заан сургаж байна. Хүмүүс бид биеийн эрүүл мэндийг чухалчлаад сэтгэлийн эрүүл саруул, эрч хүчтэй байлгах асуудлыг орхигдуулаад байгаа тал бий. Оюун ухаан эрүүл, эрч хүчтэй байхад хүн амьдралын элдэв саад бэрхшээл даваа нугачааг давах сэтгэлийн хаттай аливааад үнэнч шудрага элдэв хорт зуршлаас ангид аз жаргалтай амьдрах тэр л орчноо өөрөө өөртөө бий болгож байдаг юм. Өвчтэй хүмүүсийн хувьд сэтгэл санаанд буй болсон өвчний тухай сөрөг мэдээллийг өөрийнхөө оюун бодлоос чөлөөлснөөр /сөрөг мэдээллийг арилгаснаар/ өвчний эдгэрэлтийн хугацаа хурдасч, дархлаа нэмэгддэг тухай эрдэмтдийн хийсэн олон арван судалгааг үзэж сонирхох боломжтой. Энэ эмчилгээний үр дүнд хүмүүс хорт зуршлаа хаяж, айдас болон элдэв сэтгэлийн зовлонгоос ангижирч, эрүүлжиж, ажил амьдралаа дээшлүүлэн амжилтад хүрч байгаа олон жишээг дурдаж болно. Иймээс өөрийн сэтгэлийн хүчийг аливаад зөв зохистой хэрэглэж сурах нь ухаант хүн төрөлхтөний оюуны соёлтой хэрэглээний нэг юм.
-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: