Б.Жавхлан: Ш.Батхүү банкны өөрийн хөрөнгийн 100 орчим тэрбум төгрөг олох шаардлагатай болсон

javhlan_mglbank-middle“Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг урилаа.

Түүнтэй сүүлийн үед эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал болон “Хадгаламж” банктай холбоотойгоор сонирхолтой яриа өрнүүлэв.

-Сүүлийн хэдэн сард “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндхэн болчихлоо” гэх мэдээлэл олны дунд “сандрал” үүсгэж байна. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого зарлагын тэнцэл чухам хэр байна вэ гэдгээс асуултаа эхлэе?
-Эдийн засгийн үйл ажиллагаанд өдөр бүр оролцож, тооцоо төлөвлөгөөг нь хийж байдаг Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудад бол “таагүй” гэж нэрлэгдээд байгаа тоонууд шинэ зүйл биш. Өөрөөр хэлбэл, одоо гараад буй эдийн засгийн сөрөг үзэгдлүүд  жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн. Тийм ч учраас Монголбанкны зүгээс энэ бүхнийг урьдчилан харж “эмчилгээ”-г нь хийж эхэлсэн л дээ.

Тодруулбал, өнөөх дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн хэрэг. Үүний цаана харагдсан гол үзүүр нь ард иргэдийнхээ санхүүгийн аюулгүй байдал, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлж,  дараагийн хямралыг сөрөх дархлааг нь бий болгож чадсан гэж болно. Тиймээс хөтөлбөрүүдийн хүрээнд бодит эдийн засаг буюу хэрэгцээтэй байгаа тэр салбарууд руу нь мөнгө нийлүүлсэн юм. Ингэхдээ өмнөх жилүүдэд хийж байсан мөнгөний нийлүүлэлтээс бүтцэц нь өөрөөр хийгдсэн. Учир нь мөнгө Засгийн газраар дамжуулж хувийн хэвшилд очих биш арилжааны банкуудаар дамжуулан хэрэгцээт бүлэгтээ  хүрснээр илүү үр дүнтэй болж чадсан. Үнэндээ бидний авсан арга хэмжээ нүдээ олсон.

Хэрэв уг хэрэгслүүдийг ашиглаагүй бол өнөөдөр манай улсын нөхцөл байдал, эдийн засагт үүнээс ч том дарамт ирэх байсан нь тодорхой. Жишээлбэл, мөнгөний нийлүүлэл хийгээгүй, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй байсан бол Монголын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 9.6 хувиар буурч, улмаар хямрал болохоор байв.

-Мөн л асуудлын бай болоод буй ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь өсөхтэй зэрэгцээд эдийн засагчид янз бүрийн байр суурь илэрхийлж байсан л даа. Гэхдээ зарим нь Монголбанк эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг 13.5 хувиар нэмснээс болж төгрөгийн ханш суларсан гэж байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Ийм үед эдийн засагч нар, аналистууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь зүйтэй л дээ. Тэднийг буруутгах арга байхгүй. Гэвч миний хариулт бол тэднийг 100 хувь үгүйсгэмээр байна. Яагаад гэвэл дээр дурьдсанаар эдийн засгийн мөчлөг сөрсөн буюу энгийнээр бол хямрал нүүрлэсэн ийм үед төв банкнаас гаргасан мөнгө эзэндээ хүрч чадсан учраас зах зээлд мөнгө илүүдээгүй. Европын хямрал ч гэсэн урьдахаасаа арай гайгүй болж байгаа. Тухайлбал, Герман, Францын төв банк манайхтай адилхан боловч хэлбэр нь өөр арга хэмжээ авч байна. Тэгэхээр товчхондоо Монголбанкнаас авч буй арга хэмжээ инфляцийг онилсон, бодит эдийн засгийг дэмжсэн зүйл юм. Дашрамд нэг жишээ хэлэхэд шатахуун импортлогчдыг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгосноор түүнээс үүдэх үнийн өсөлтийн сувгийг боож чадлаа. Энэ бол ажлын үр дүн.

-Мөнгөний нийлүүлэлттэй холбоотойгоор ДНБ хэр зэрэг өссөн бэ. Олны дунд “Эдийн засаг өсөхгүй байгаа юм чинь ДНБ нь шалдаа бууж байгаа байх” гэсэн таамаг гарах болж?

-Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь өргөн цар хүрээтэй асуудал. Нэг утгаараа манай улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр томорчихсон байна шүү дээ. Энэ жил төв банкнаас зах зээлд 13 хувиар нийлүүлсэн мөнгийг өмнөх 2010, 2011 онуудтай харьцуулахад маш бага, мөн ДНБ-ийг бодитоор өсгөж чадсан гэж болно. Тоог нь дурьдвал өнгөрсөн 2010 онд мөнгөний нийлүүлэлтийг 62.5 хувиар өсгөсөн ч харамсалтай нь ДНБ дөнгөж 6.4 хувиар өсөж байсан. Гэтэл энэ оны эхний улиралд мөнгөний нийлүүлэлтийг 13.5 хувиар өсгөхөд ДНБ 11.3 хувиар өссөн байна. Ер нь Монголбанкнаас гаргаж байгаа нэг төгрөгийн цаана хөгжил байх ёстой. Өөрөөр хэлбэл, бид аль болох бага мөнгө нийлүүлээд бодит эдийн засгийг гаргаж байх учиртай.

-Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт буурлаа л гэх юм. Яг өнөөдрийн байдлаар хэдэн хувиар буурчихаад, дүр зураг цаашид яах төлөвтэй байна вэ?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурна гэдэг бол маш таагүй үзэгдэл. Өнөөдрийн байдлаар гэхэд гадаадын хөрөнгө оруулалт 37 хувиар, мөн зэсээс олох орлого 40 хувиар татарчихсан байна. Үнэндээ энэ бол эдийн засгийн гүн шок гэсэн үг. Гадаадад тухайлбал, Америкт ийм төрлийн хөрөнгө оруулалт таваас 10 хувиар буурахад шок гэдэг.

-Түүнчлэн эдийн засгийн эдгээр хямралын дохио нүүрлэхтэй зэрэгцээд манай улсын арилжааны томоохон банкуудын нэг Хадгаламж банк дампуурч Төрийн банктай нэгдсэн үйл явц болсон. Гэтэл төд удалгүй тус банкны захирал Ш.Батхүү “Стандарт” банкнаас өмнө нь их хэмжээний ам.доллар зээлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарлаа. Үүнтэй холбоотойгоор хариулт өгөхгүй юу?
-Хадгаламж банкны хувьд ямар нэг банкны системийн болон эдийн засгийн хямралд огтхон ч өртөөгүй. Харин тухайн банкны эзний өөрийнх нь үйл ажиллагаа, өртэй холбоотой үүссэн асуудлаас болж Төрийн банктай нэгтгэсэн хэрэг. Тэр үед төв банкнаас авсан арга хэмжээ юу гэхээр тухайн эзнийх нь өр ширний болон дампуурлыг банк руу халдаахгүйгээр нөхцөл байдлыг хурдан хугацаанд шийдэж чадсан юм. Улмаар алдагдал багатайгаар Төрийн банктай нэгтгэсэн.

Нөгөөтэйгүүр өнгөрсөн 2008 оны хямралын нөлөө, чанаргүй зээлээс арилжааны банкууд одоо хүртэл салж чадаагүй яваа. Үүний ч нөлөө орсон. Мөн тус банк Шуудан банкийг өөртөө нэгтгээд явна гэдэг бол тийм ч амар ажил биш байсан. Гэтэл уг банкинд өөрийн хөрөнгөө нэмэх нэг том асуудал байсан юм. Энэ бол үндсэндээ тухайн банкны эзэн Ш.Батхүүгийн өөрийнх асуудал байлаа.

Ер нь арилжааны банкны хувьд төлбөрийн чадвар болон өөрийн хөрөнгө гэж хоёр чухал зүйл бий. Хадгаламж банкны төлбөрийн чадвар нь үнэндээ сайн байсан. Тиймээс төв банк өөрийн хөрөнгийнх нь таагүй байдлыг сайн байгаа төлбөрийн чадвар руу нь оруулахгүй нь тулд нэлээд хатуу арга хэмжээ авсан юм. Тухайлбал, харилцагчдаас авсан орлогын 75 хувийг бид хадгалах болсон. Уг нь банкууд тийм эрсдэлтэй үед 12 хувийг нь л төв банк хадгалах ёстой.

-Тэгвэл Ш.Батхүү захирал Төв банкинд өөрийн хөрөнгөө өсгөх боломжгүй байна гэж мэдэгдсэн юм уу?
-Наадмын өмнө Ш.Батхүү захирал банкны өөрийн хөрөнгийг гүйцээж чадахгүй байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Гэтэл өөрийн хөрөнгө нь бага боловч төлбөрийн чадвараа алдаагүй энэ банкны тухай сөрөг мэдээллийг харилцагчдад нь хүргэхгүй байх хариуцлага чухал байлаа. Хэрэв ийм мэдээлэл иргэдэд хүрвэл хадгаламж татагдаж, банкийг хүчээр дампууруулахад хүрэх байв.

Ямартай ч эл эрсдлээс сэргийлж чадсан нь сайшаалтай. Ер нь аливаа банкуудыг хооронд нь нэгтгэх, салгах нь сайн зүйл биш.

-Хадгаламж банк Төрийн банктай нэгдэж байхдаа эргэлтийн хөрөнгө нь хэр хэмжээний байсан юм бэ. Өөрөөр хэлбэл, том банк, цөөхөн харилцагч, бага эргэлтийн хөрөнгөтэй банктай нэгдэхэд ямар эрсдэлд орж болох байв?
-Төрийн банкны хувьд 300 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан. Харин Хадгаламж банк нэг их наяд төгрөг буюу гурав дахин их хөрөнгөтэй банк энэ банктэй нэгдэж байгаа юм. Гэхдээ Хадгаламж банкны суурь нь харьцангуй эрүүл байсан учраас бага актив /хөрөнгө/-тай банкинд дарамт багатайгаар нэгдсэн. Эцэст нь хэлэхэд эзний нөлөөгөөр үүссэн банкны хорт хавдраас нь салгачихсан гэсэн үг.

-Ер нь Ш.Батхүү захирал банкны өөрийн хөрөнгийн яг хэдэн төгрөг хайж байсан юм бэ. Хөрөнгө олдохгүй байгаа, эрсдэл өндөр байгаа талаар төв банкинд тухай бүрт нь мэдэгдэж байв уу?
-Түүний хувьд Хадгаламж банкны өөрийн хөрөнгийг 80 тэрбум төгрөг хүртэл өсгөсөн байгаа. Гэвч чанаргүй зээл, өглөг, авлагаасаа болоод 100 орчим тэрбум төгрөгийг нэмж олох шаардлагатай болсон юм. Тэгж байж гэмээнэ банк хэвийн хэмжээнд очно. Үүнээс гадна тус хоёр банк нэгдсэн ч гэлээ Төрийн банк өөрийн хөрөнгөө дахин нэмэх шаардлагатай тулгарлаа. Яагаад гэвэл эл банк өөрөө бага активтай байсан гэж дээр дурьдсан. Тиймээс даацаа томруулахын тулд 85 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө нэмснээр хангалттай хөрөнгөтэй болох юм. Ямартай ч Засгийн газар хувьцаа гаргах шийдвэрийг нь баталчихсан. Одоогоор хувьцааг нь яг хэдийнээс гаргаж эхлэх талаар хугацаа тодорхой болоогүй байна. Мөн төв банкны зүгээс нэмэлт шаардлагуудыг тавьж байгаа.

-Төв банк болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрүүдтэй холбоотойгоор асуултаа үргэлжүүлье. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг болох ипотекийн зээлийн үр дүнд ирэх оноос барилгын метр квадратын үнэ буурна гэх хүлээлт олны дунд байх юм?
-Үнэ бууруулах, орон сууцны үнийг буулгана гэх буруу ойлголт яваад байгаа юм. Харин буурах биш тогтвортой, хөөсгүй байвал тэр бодит үнэ. Нэг жишээ авч үзье л дээ. Иргэн Дорж насаараа хуримтлуулсан 90 сая төгрөгөөр арай гэж нэг байр авлаа гэж бодъё. Гэтэл хөлс хүчээ урсган байж олж авсан хөрөнгийнх нь үнийг бууруулна гэхээр хэнд ч гэсэн таагүй сонсогдоно биз дээ. Орон сууцны үнийг бүр бууруулна гэвэл тусгайлсан хөтөлбөр буюу бага орлоготой иргэд рүү чиглэсэн бодлого хэрэгтэй. Үнэндээ бид зах зээлийн жамаараа зохицуулагдаагүй үнийг бууруулна гээд дайрвал иргэдийнхээ мөнгийг зүгээр урсгачихаж байна гэсэн үг.

-Манай улсын эдийн засаг өмнөд хөршөөс ихээхэн шалтгаалж байгаа энэ үед тус улс макро түвшинд сүүлийн үед ямар ямар бодлого явуулж байна вэ?
-Хятад улс сүүлийн үед юаниа хатуу валют болгохоор бодлогоо чиглүүлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ам.доллар, евро, Австрали доллар хатуу байдагтай адил бодлого барьж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, АНУ, БНХАУ бол мөнгөн дэвсгэртээ хэвлээд зах зээлд шууд нийлүүлдэг. Тэдгээр улсуудын мөнгөн дэвсгэрт хаана ч гэсэн худалдаанд хэрэглэгдэж болно. Цаашид Орос, Хятад улсууд валютаа хатуу болгоно. Манай улс ч гэсэн аажмаар хоёр хөршөө дагахаас өөр аргагүй болж буй юм.

-Эцэст нь асуухад эдийн засгийн хямрал үүсч буй энэ үед Монголын банкны систем хэр зэрэг тогтвортой, найдвартай байна вэ?
-Банкны систем тогтвортой байгаа гэдгийг онцолъё. Харьцангуй эрүүл байна. Яагаад харьцангуй вэ гэхээр өмнөх 2008, 2009 оны хямралыг бодвол тогтвортой, хэвийн байна. Бид нь гурав, дөрөвхөн жилийн өмнө тэр хямралыг амсчихсан болохоор арай туршлагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр арилжааны 13 банкны дүрмийн сан 16 тэрбум төгрөгт хүрчихсэн. Гэхдээ цаашид эдийн засаг тэлэхийн хэрээр санг нь нэмнэ. Нөгөөтэйгүүр олон нийтийн банкинд итгэх итгэл сайн болчихлоо.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих