Үндэсний аюулгүй байдалд хэн дуртай нь халдаж болохгүй

АН Засгийн эрхэнд байгаа цагтаа яам, агентлаг, хэлтсийн дарга, цэргийг дуртай хүнээрээ сольсон. Тэр тусмаа Засгийн газрын тэргүүн өөрөө халаа, сэлгээ, томилгооны асуудлаар үлгэр жишээ үзүүлэгч. Түүнийг төрийн албан хаагчийн ширээний ард нэг ч сууж үзээгүй хүнийг аймгийн Засаг дарга болголоо.
Засгийн газрын тэр агентлагийн даргыг томилохдоо Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчлөө” гэх мэдээлэл байнга гардаг. Тэр бүрт “Би хууль зөрчөөгүй” гэсэн мэдэгдэл хийдэг Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчин байж өөрийн хүн болох Д.Ариунсангаа Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар тавьсан.
Ингэхдээ МСДН гэсэн нэг тогоонд чанагдаж явсан Ч.Чулуунбаатарыг жийж Т.Ариунсанг томилж байсан гэдэг. Үүнд нь дургүйцсэн иргэн Д.Ламжав Н.Алтанхуягийн гаргасан ажилд томилох тухай захирамж нь Үндсэн хууль, төдийгүй холбогдох хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэн, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан юм.
Энэ бол Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргад Д.Ариунсанг Ерөнхий сайдын 83 дугаар захирамжаар томилсон нь хууль бус гэж үзсэн хэрэг. Иргэн Д.Ламжавын гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болох гэж байхад Ерөнхий сайд 83 дугаар захирамжаа хуралдаан болохоос өмнөхөн цуцалсан байсан юм.
Тэгэхээр Ерөнхий сайд өөрийнхөө гаргасан захирамжийг цуцалж байгаа нь хууль зөрчсөн гэдэг нь илт болж байсан. Гэвч Н.Алтанхуяг хорхойтой араандаа зууж, заавал энэ хүнийг томилох гэж зүтгэсээр байгаад дэд биш Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилоод санаагаа амраасан.
Гэвч хууль бус л бол хууль бус байдаг болохоор энэ асуудал дахиад л нэлээн маргаан дагуулж байгаа юм. Хэдхэн сарын өмнө Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг дэмжээгүй гэсэн үндэслэлээр халсан байна.
Тиймээс ч хурандаа Д.Гэрэл Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргажээ. Засгийн газрыг хариуцагчаар татсан шүүх хурал удахгүй товлогдох гэнэ. Ийнхүү Ерөнхий сайд Д.Ариунсанг албан тушаалд томилсныхоо төлөө хоёрдохоо шүүхэд дуудагдаж байгаа юм.
Харин Тагнуулын Ерөнхий газрын дараагийн даргаар АТГ-ын дэд дарга Б.Хурц болохоор яригдаж байгаа талаар бор шувуу улс төрийн хүрээнийхний дунд нисэх боллоо.
Яагаад улс орны аюулгүй байдлыг хамгаалж, Монгол төрийн нүд чих болсон Тагнуулын Ерөнхий газрын даргаар Б.Хурцыг томилох яриа гарч байгаа талаар хардах нэлээн олон үндэслэл байна.
Хардлага 1:
Б.Хурц бол олон улсын хууль шүүхэд хүн хулгайлагч гэдэг нэрээр данслагдсан нэгэн. Д.Энхбатыг хэдэн улсын хил дамнуулан баривчилж ирсэн бөгөөд үүнийхээ төлөө харийн нутагт хоригдож байсныхаа хувьд олон нийтэд “од” болсон юм.
Б.Хурцыг яагаад Англичууд хорьсон, тэгээд яагаад гэнэтхэн шилжүүлсэн, мөн яагаад Германы тал гэнэт сулласан зэрэг нь одоо хүртэл тодорхойгүй. Тэгсэн хэрнээ харийн нутгаас суллагдаад ирж байхдаа АНУ-д айлчлаад буцаж явсан Ц.Элбэгдоржтой тааралдаж нэг онгоцоор ирдэг билээ.
Энэ бүхэн тухайн үедээ ихээхэн хардлага төрүүлж байсан. Ер нь Б.Хурцыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн хэмээдэг. Ерөнхийлөгч түүнийг Англиас авчирсан даруйдаа АТГ-ын дэд даргаар томилж байсан. Тэрбээр АТГ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш Ц.Элбэгдоржийн санасан бүх хүнийг авилгын хэргээр шалгачихсан.
Ер нь шуудхан хэлэхэд МАН-ын ихэнх хүмүүс авилгын хэргээр шалгагдчихсан юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Б.Хурцын гараар могой бариулж МАХН-ын дарга Н.Энхбаярыг бариулсан гэх яриа ч байдаг.
Гэхдээ Б.Хурц Ерөнхийлөгч асныг баривчлан саатуулж, Төв аймагт хориход гар бие оролцоогүй ч гэсэн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бий. Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд Н.Энхбаяр битгий хэл хүмүүсийн “но”-г мэдэхийн дээдээр мэднэ.
Мэддэг болохоор Н.Энхбаярын но-г дэлгэж баривчилсан байх. Мөн Б.Хурц Н.Энхбаярын даалгавраар үүргээ гүйцэтгэж яваад хожим түүнээсээ болж шоронд хоригдсон гэж боддог байх магадлалтай. Тиймээс л Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд идэвхитэй оролцсон гэж таамаглах хүмүүс байна.
Ц.Элбэгдорж Б.Хурцыг хэзээний өст, заналт дайснуудаа намнуулах зорилгоор түүнийг АТГ-ын дэд дарга болгосон гэх яриа байдаг. Б.Хурц АТГ-д хийх үүргээ биелүүлчихсэн.
Харин одоо Монгол төрийн нүд чих болсон Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилогдох  гэж байгаа гэсэн бор шувуу үнэн бол улс орны онц чухал нууцыг мэдэх гэсэн санаа гэж хардаж болох нь.
Хардлага 2:
Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилогдох сурагтай гэсэн мэдээллээс харахад Н.Аптанхуягийн Засгийн газар насгүй болчихжээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Уг нь Тагнуулын ерөнхий газрын Засгийн газрын харьяа агентлаг.
Гэтэл “Засгийн газрын тэргүүний улайран байж томилсон Д.Ариунсангийн хугацаа дуусч, өөр хүний томилгоо яригдаж байгаа нь яах аргагүй ийм эргэлзээ төрүүлмээр. Н.Алтанхуягийн тэргүүлдэг фракц болох Алтан гадасаар овоглодог “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөллөө.
Харин түүний сэнтийд МоАХ-ын Да.Ганболдыг томилов. Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахаар нэг нэгээр нь шахаж байх шиг. Н.Алтанхуягийг тойрсон түүний гар хөл болсон хүмүүсээс нэг нэгээр “агнаж” эхэлсэн нь Шинэчлэлийн Засгийн газар ганхаж байгааг ч харуулж байна.
Хардлага 3:
Тагнуулын Ерөнхий газар гэдэг бол улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Ийм онцгой чухал газрыг хэн дуртай нь оролдож, эрх ашгийнхаа төлөө ажиллуулахыг хүсэх нь яавч зөв зүйл биш.
Гэвч улс төрийн хүрээнийхэн энэ байгууллагыг хэн дуртай хүнээрээ удирдуулаад байгаа нь Монгол Улсын аюулгүй байдал өдрөөс өдөрт алдагдаж байна гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна.
Улс орны нууц, аюулгүй байдлыг хамгаалсан Тагнуулын Ерөнхий газрын даргаар хэн дуртай хүний томилгоогоор томилж болно гэж үү. Шуудхан хэлэхэд Үндэсний аюулгүй байдалд хэн дуртай нь халдаж болохгүй.
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих