Ш.Лхагва: Би хүндийн өргөлтийн дэлхийн рекордыг эвдэж чадлаа
Манай орны тамирчид ганцаарчилсан төрөл тэр дундаа хүчний спортоор тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргах нь элбэг билээ. Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй хүндийн өргөлтийн спортоор хичээллэх залуус олон болсон гэнэ. Саяхан болж өнгөрсөн спортын мастер тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали Улсад болсон.
Тус тэмцээнд манай орны хүндийн өргөлтийн таван тамирчин хүч сорин өрсөлдөж ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Тухайлбал олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Ш.Лхагва гуай уг тэмцээний хүндийн өргөлтийн 56 кг-н жинд өрсөлдөж дэлхийн рекорд тогтоожээ. Түүнтэй тэмцээний сонин хачины талаар ийнхүү ярилцлаа.
-Юуны түрүүнд таньд дэлхийн рекорд тогтоогоод ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Итали Улсад болсон дэлхийн мастеруудын тэмцээнд оролцож Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлээд ирлээ. Маш их баяртай байна.
-Хүндийн өргөлтийн спортоор хэзээнээс хичээллэж эхлэв. Энэ спортын онцлог давуу тал нь юу вэ?
- Би хүндийн өргөлтийн спортод насаараа зүрх сэтгэлээ зориулж яваа хүн. Анх 18 настайдаа цэрэгт яваад “Алдар” нийгэмлэгт тамирчин гэж явсаар өдий хүрлээ. Хүндийн өргөлтийн спорт тамирчин хүнээс асар их тэвчээр, эр зориг шаарддаг. Мөн хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй шүү. Тиймдээ ч над шиг тавь гарч яваа хүн одоо ч эрч хүчтэй байгаа юм даа (инээв). Ах нь энэ спортоос 1977 онд спортын мастер, 1980 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.
-Та энэ спортоор хичээллээд 40 жил болсон байна. Гаргасан амжилтынхаа талаар дурьдвал?
-Нээрээ 40 жил болчихсон байна шүү. Цаг хугацаа гэж мөн ч хурдан юм даа тийм ээ. Би 40 жилийн хугацаанд гадаад дотоодын олон тэмцээнд орсон доо. “Алдар” нийгэмлэгийн тамирчин гэх нэрийн доор гаргасан амжилт чамлахааргүй бий.
Тэр онд тэнд энд гэж олон зүйл нуршаад яах вэ. Ах нь дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо, хоёр удаагийн мөнгөн медальт, ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер тамирчин хүн. Сая долдугаар сарын 30-наас наймдугаар сар-ын 12-ны хооронд Итали Улсад болсон тэмцээнд дэлхийн рекорд тогтоогоод ирлээ.
-Таны үеийг бодвол хүндийн өргөлтийн спортод өөрчлөгдсөн зүйл байна уу. Тамирчдын ур чадвар хэрхэн өссөн байна?
-Миний үеийг бодвол уг спортоор хичээллэдэг тамирчид олон болжээ. Залуу үе маань хүндийн өргөлтийн спортыг сонирхох нь элбэг болж улам залуужсан байна. Бидний үед хүндийн өргөлтийн спортын техник нь л өөр байлаа.
Орчин үед залуучуудын техник улам сайжирч байгаа нь сайшаалтай. Монголчууд хүчний спортод илүү давамгай амжилт гаргадаг юм шиг санагддаг. Тэр нь монгол цустай ч холбоотой байж мэдэх юм. Монголчуудыг би их үнэнч хүмүүс гэж үнэлдэг шүү. Яагаад гэвэл би 18 наснаас 58 нас хүртэл энэ спортод аргамжаатай явлаа.
Тэгээд л монголчуудыг их үнэнч хүмүүс байдаг юм болов уу гэж үе үехэн бодох юм. Залуу байхад ар гэрийн амьдрал жаахан хэцүү байсан. Спортоо гэх үү ар гэр, амьдралаа гэх үү? гэсэн асуултыг өдөр бүр өөртөө тавьдаг байж дээ.
Нэгэнт миний амьдрал спорт хойно аль алиныг нь хаялгүй явсаар өнөө хүрчээ. Тиймээс тамирчиддаа өөрийн хичээллэж буй спортдоо үнэнч байж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваарай гэж хүсэх л байна даа.
-Итали Улсад болсон дэлхийн мастеруудын тэмцээний сонин хачинаас дурьдвал?
-Тэгэлгүй яахав. Дөрвөн жилд нэг удаа дэлхийн мастеруудын тэмцээн болдог. Өөрөөр хэлбэл мастеруудын олимп ч гэж хэлж Эиэ.удаагийь тэмцээн Итали Улсад болсон бөгөөд монголын баг тамирчид амжилттай сайхан оролцоод ирлээ.
Тус тэмцээнд спортын 30 гаруй төрлөөр дэлхийн мастер тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн. Зөвхөн хүндийн өргөлтийн спортын төрөлд 47 орны 580 гаруй тамирчид оролцсон гэхээр их өргөн дэлгэр болсон нь ойлгомжтой юм.
Манай орноос хүндийн өргөлтийн таван тамирчин насны ангилалаар жин, жиндээ өрсөлдсөн. Тухайлбал 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-56 нас гэх мэтчилэн насны ангилалаар тамирчид оролцсон.
Ах нь 51-56 насанд нь 56 кг-ын жинд өрсөлдөж дэлхийн рекорд тогтоолоо. Өмнөх дэлхийн аваргад Беларусь улсын тамирчин 56 кг-ийн жинд 83 кг өргөж рекорд тогтоож байсан бол энэ жил ах нь 84 кг болгож шинэчилсэн.
-Таны жинд аль улсын тамирчид хүчтэй өрсөлдөгчид байв?
-Би хэдий 56 кг-ын жинд дэлхийн хэмжээний тэмцээнд оролцогч яг жиндээ хүрч чаддаггүй шүү дээ. Саяын тэмцээнд би 53 кг жинтэй байсан. Залуу байхдаа 48 кг-ын жинд нэг хэсэг өрсөлдөөд сүүлд нь 52 кг-ын жинд тэмцээнд оролцдог болсон. 1982 онд 52 кг-ын жинд би рекорд тогтоож байлаа.
Миний тогтоосон рекордыг эвдэлгүй явсаар 2000 онд хүндийн өргөлтийн спортоос 52 кг-ын жин хасагдсан юм. Ингээд 52 кг-ын жин байхгүй болж би гэдэг хүн 56 кг-д өрсөлдөхөөс өөр аргагүй болсон доо. Олон жил энэ спортоор хичээллэсэн болохоор аль жинд, хэнтэй өрсөлдөх зэрэг зүйлсээ урьдчилан тооцоолдог.
Тиймээс жин дутуу гэж санаа зовоод байдаггүй л дээ. Миний жинд Украйн, Беларусь, Израйль зэрэг улсын тамирчид л бусдаасаа илүү хүчтэй өрсөлдөгч нар юм шиг санагддаг. Тэднээс хэдий жин бага ч гэсэн дэлхийд монголын нэрийг гаргаж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж чадсандаа баяртай байна даа.
-Гадаадын тэмцээн уралдаанд явахад тамирчдад тулгамддаг гол асуудал нь зардал, мөнгө байдаг шүү дээ?
-Хэлээд яахав. Наадах чинь л бидэнд тулгамддаг гол асуудал юм даа. Бидний хойч үе гэгдэх залуухан сайн тамирчид их олон байна. Тэдний зоригийг мохоож байгаа ганц зүйл бол спортоор хичээллээд амьдрал дээр хоолоо олж идэхгүй юм байна гэсэн сэтгэхүйтэй болж байгаа юм.
Энэ нь юу вэ гэвэл хэдий сайн тамирчин байлаа гээд гадаадын тэмцээн уралдаанд амьдралын боломжоосоо болоод явж чадахгүйд хүрнэ. Яагаад гэвэл тэр хүнд зардал байхгүй байна шүү дээ. Ингээд л залуу сайхан тамирчид маань спортоо хаяхад хүрнэ. Энэ тал дээр жаахан анхаарах л хэрэгтэй байгаа юм даа.
Хэрвээ төрөөс зардал мөнгөний асуудлыг шийдэх юм бол тамирчдын спортоор хичээллэх урам зориг нь ихсэнэ л гэж бодох юм. Бид бол яах вэ тэртэй тэргүй тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амьдралаа болгож яваа хүн. Гэхдээ хэдэн хүүхдүүдийнхээ буянд гадаадын тэмцээн уралдаанд хувийн зардлаараа яваад болж л байна.
Харин энэ удаагийн тэмцээнд зардал мөнгө гаргаж өгсөнтэй тэнцэхээр туслалцаа үзүүлсэн нэгэн хүн бий. Хүндийн өргөлтийн холбооны нарийн бичгийн дарга Даваадорждоо танай сонингоор дамжуулан баярласан талархсанаа илэрхийлье.
Мөн намайг бэлтгэл сургуулилтын бүх боломжоор хангаж өгдөг “Алдар” нийгэмлэг болон хүндийн өргөлтийн холбоондоо баярлаж явдгаа хэлэхэд таатай байна. Эцэст нь монголын спортын гэрэлт ирээдүй болсон өсвөр үеийн тамирчдаа бүх талаар нь дэмжихийг уриалж байна
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: