Хав дарагдсан “Хүрэл тогоот”

odon_oron-middleХувийн, хувьсгалын ялгаа ёстой нэг мэдрэгдэж байна аа. Сургууль, эмнэлгээс нь эхлүүлээд хогийн сав нь хүртэл өөр байх юм.

Хамгийн сүүлийн үеийн, стандартын шаардлага хангасан бүхэн хувийн хэвшлийнхэнд байгаа бол хоцрогдсон бүхэн төрийн байгууллагуудад байгаа нь үнэн.

Үүнээс нэгэн жишээг дурдъя. Өнгөрсөн амралтын өдөр Монголын Одон орон судлалын төв “Хүрэл тогоот”-д очиж од дурандав.

Маршалын гүүрээр гарч, “River beach”-ийг өнгөрөн, “Sky Resort” цанын баазаас зам салан өндөрлөг уул руу өгсөн хүрэх “Хүрэл тогоот”-ын зам үнэхээр хэцүү. Ялангуяа “Sky Resort” цанын баазаас салан “Хүрэл тогоот” хүрэх зам бүр ч авах юмгүй. Баруун гар тийш “Sky Resort” цанын бааз руу шинэхэн тавьсан засмал зам дурайна. Харин зүүн гар тийш “Хүрэл тогоот” төв рүү шороон замаар таваргаж өгнө.

Яг энэ үед улсын байгууллага, хувийн компанийн зүг чиглэх зам нь хүртэл өөр байна шүү гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байв. Маршалын гүүрээс “Хүрэл тогоот” руу салсан зам хүртэлх хэсгийг засч байна билээ. Зунжингаа парти зохиогдож, машины цуваа тасардаггүй “River beach”, “Sky Resort” цанын бааз, амралтын газруудаас гадна энд манай төрийн өндөрлөгүүдийн амьдардаг “Их тэнгэрийн ам” хүртэл байгаа болохоор замыг засахгүй бол болохгүй нь.

Төр, хувийн хэвшлийн аль нь хариуцаж байгааг мэдэхгүй ч энэ замыг засахгүй бол яагаад ч болохгүй нь. Төрийн түшээд маань өдөр бүр явдаг болохоор улсаас засч өгсөн байж ч болно, эсвэл хувийн томоохон зугаа цэнгээний газрууд байрладаг болохоор тэд засч байж ч мэдэх юм.

Ямартай ч өвөлдөө гулгах, зундаа партидах газарт одоо засч буй замаар саадгүй хүрч очих нь. Харин өнөөх “Хүрэл тогоот”-ын замыг л хэн ч тоохгүй байгаа нь тоогүй. 1957 онд анх байгуулагдсан Монголын Одон орон судлалын төв “Хүрэл тогоот” гэж газар байдгийг аягүй бол манай ЕБС-ийн сурагчид мэдэхгүй. Зарим насанд хүрсэн хүмүүс хүртэл мэдэхгүй байна билээ. “Тийм газар байдаг юм уу”, “Тэгээд тэнд чинь очиж од дурандаж болдог юм уу” гээд л гайхацгаадаг. Арга ч үгүй биз. Одон орон судлалын төвөө сурталчилж, иргэддээ энэ талын мэдлэг мэдээллийг өгье гэж бодохгүй байгаа юм чинь.

Уг нь энэ төвийг олон нийтэд сурталчилж, хөгжүүлвэл “River beach”-ээс илүү хөл хөдөлгөөнтэй газар байх ёстой. “Хүрэл тогоот” төвийн хувьд од, нар, сар харах олон төрлийн дурантай. Төсвийн байгууллага ч гэсэн тоног төхөөрөмжөө шинэчилж, шинэ дуран авсан байна билээ. Таван сая төгрөгийн үнэтэй захиалж хийлгэсэн Монголд ганцхан байдаг дурангаар иргэдэд од харуулж, бүр том илүү сайн дурангаар нь тус төвийн судлаачид од, сарны байрлалыг шинжилж, газар хөдлөлтийг бүртгэдэг гэсэн.

Энд ирж дурандахад нэг хүний 5500 төгрөгийн хураамж төлнө. Тэгэхээр “Хүрэл тогоот”-ыг зорих хүмүүсийг санхүүгийн хямралд лав оруулахгүй. Дээрээс нь од харах үнэхээр гайхалтай. Цэвэр агаар, байгалийн сайханд очиж амрангаа, орой нь од харж, мэлмийгээ баясган, эрхэсийн тухай янз бүрийн сонирхолтой зүйл сонсч нэг үдшийг өнгөрөөхийг хүсэхгүй хүн гэж үгүй. Зах зухаас нь танилцуулахад, од настай байдаг юм билээ. Залуу од цэнхэр тод туяатай. Харин хөгшин од шар туяатай байхыг харсан. Түүнчлэн тэнгэрийн гурвалжин, пегасусын дөрвөлжин гээд сонирхолтой зүйлсийг мэдэж авна. Гэтэл энэ сайхан мэдрэмжийг иргэддээ амсуулж, одон орны талаарх мэдлэгийг нь зузаатгахын оронд эвдэрхий замынхаа цаана хав дараад байгаа нь харамсалтай.

Шинэхэн засч буй замын цаана “Хүрэл тогоот”-ын эвдэрхий зам ганцаар үлдэх нь энэ төвийг хөгжүүлэх төлөвлөгөө байхгүй байгааг илтгэх шиг. Хүүхэд залууст чөлөөт цагаа өнгөрөөж, танин мэдэх газар алга гэж ярьдаг хэрнээ тэднийг цуглуулах ёстой энэ л газрыг ингээд тоохгүй байгаа нь харамсалтай.

М.Ариунсувд


URL:

Сэтгэгдэл бичих