Мэдээллийн аюулгүй байдал 2013 өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

Техник технологийн тусламжтайгаар хүмүүс бид өдөр тутмынхаа ажлыг хялбархан, богино хугацаанд амжуулж завгүй амьдралын нэгээхэн хэсгийг хөнгөвчилж иржээ. Тэрхүү хөлгүй далай мэт ихийг хийж бүтээх гэсэн амьдралын түм буман хүслийг биелүүлэх гэж техник технологийг бүтээн, амьдралдаа хэвшүүлдэг гэхэд хилсдэхгүй биз.

Тэдгээрийг зөв горимоор зүй зохистой ашиглаж занших нь гагцхүү хүмүүс биднээс шалтгаалдаг. Хэрэглэж байгаа аливаа техник технологийн талаар гүйцэд мэдлэг, мэдээлэлгүйн улмаас чухал мэдээ, мэдээллээ алдах эрсдэлд орох нь энүүхэнд болжээ.  Жижиг чулуугаар их чулууг хөдөлгөнө гэгчээр уг асуудал нь хувь хүн, албан байгууллага төдийгүй улс орны, үндэсний хэмжээний анхааралдаа авах асуудал болсон байна.

Тиймээс мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, олон улсын чиг хандлага ямар байгаа, манай улсын мэдээллийн аюулгүй байдал ямар түвшинд байгаа талаар мэдээ мэдээлэл өгөх зорилгоор энэ оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний Дата Төв УТҮГ, Монголын Компьютерийн халдлагад хариу үзүүлэх баг, Япон улсын компьютерийн халдлагад хариу үзүүлэх багууд хамтран “Мэдээллийн аюулгүй байдал-2013” сургалт семинарыг зохион байгууллаа.

Уг сургалт семинарт төрийн байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, үүрэн холбооны операторууд болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцжээ. Уг арга хэмжээг зохион байгуулсаны ач холбогдол нь дээрхи тавигдаж буй асуудалд нэгдсэн үнэлгээ өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг нарийн тогтох, хууль эрх зүйн орчин бий болгох, гадаад дотоод хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, төр засгаас ямар дэмжлэг авах шаардлага бий болж байгаа талаар нэгдсэн хэмжээгээр нэгэн өдөр хуран чуулсан байна.

Уг арга хэмжээ нь сүүлийн 4-н жилийн турш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь Япон улсын JPCERT/ CC буюу компьютерийн халдлагад хариу үзүүлэх байгууллагын 2 мэргэжилтэн ирж оролцжээ.

Дараахь сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсанаараа онцлог болжээ. Үүнд:

Кибер аюулгүй байдлын газар-“
Монгол Улсын Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн тойм”
MonCIRT-“Мongolian Computer Security Incident Response Team (CSIRT) буюу -Компьютерийн халдлагад хариу үзүүлэх баг
Үндэсний дата төв- “Цахим аюулгүй байдал”
Мобиком корпораци-“2013 оны хагас жилийн МАБ-ын тоо баримтууд”
Төрийн банк-“Мэдээллийн аюулгүй байдлын тухай”
Компьютер техник менежментийн сургууль-“Тоон шинжилгээ”
MCS холдинг-“Монгол дахь цахим мэдээллийн аюулгүй байдал”

Дашрамд дурдахад уг хоёр мэргэжилтэн нь Монголд анх удаагаа хүрэлцэн ирсэн бөгөөд Үндэсний Дата Төв УТҮГ-тай хамтран 2013 оны 08 сарын 14-нд Мэдээллийн аюулгүй байдлын практик сургалт төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан байна.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ УТҮГ

URL:

Сэтгэгдэл бичих