Д.Болдын дүрэмгүй үдэш
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Bold unplugged night” хэмээх амьд хөгжимтэй амплаггет сэт хөтөлбөрөө нийслэлийнхийн орох дуртай клуб, лаунжуудаар цуврал тоглолт хэлбэрээр толилуулж байгаа билээ.
Монголынхоо бүх залууст зориулсан тус тоглолтын гарааг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Blue sky” tower-ын “Vegas” клубээс эхлүүллээ. Оройн 20.00 цагаас эхэлсэн тус тоглолтод бөмбөр, гитар, даралтат хөгжим зэрэг амьд хөгжимчид, арын хоолойг нь“Камертон 2” шоуны ялагч дөрвөн залуу хийсэн юм.
Энэ үдэш дуучин Д.Болд тоглолтыг нь үзэхээр ирсэн сонсогч фэнүүдтэйгээ хамт дуулж, бүжиглэн, ямар нэгэн дүрэмд баригдахгүй, дууны тоо заахгүйгээр тэдний хүсэлтээр дуртай дууг нь хамтдаа дуулж, халуун, дотно өнгөрүүлсэн юм.
Түүний энэ удаагийн амплаггет тоглолтыг Зууны манлай страдын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа хүрэлцэн ирж үзлээ. Тоглолтын эхэнд дуучин Д.Болд “Тоглолтод маань миний хамгийн их хүндэлж явдаг Сараа эгч минь ирсэн байна. Хамгийн урд суучихжээ. Таны өмнө дуулна гэдэг хэцүү байна шүү. Намайг өнгө алдах эсэхийг мэдэх гээд байгаа юм шиг харагдаад байна. Би маш сайн бэлтгэлтэй байгаа огт өнгө алдахгүй. Тиймээс Сараа эгчийнхээ өмнө дуулахад сэтгэл маш бардам байна. Би жаахан байхдаа энэ хүний дуун дээр бүжиглэж, дуулж байсан. Тиймээс одоо болтол урлагийн алтан тайзан дээр бидэнтэй хамт байгаад чинь үнэхээр их бахархаж байдаг. Таньдаа хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсч байна. Бид хоёр маш сайхан уран бүтээл дээр ажиллаж байгаа. Даанч Сараа эгч маань бичлэг хийлгэхээр ирэхгүй байгаа. Наадамлаад байгаа гэсэн. Сур харвасан, барилдсан, морь уясан уу би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бид хоёр нэгэн сайхан цомог хийхээр бэлдсэн. Удахгүй шинэхэн цомог гарна” хэмээн үзэгчдийг инээлгээд амжсан юм.
Тиймээс тун удахгүй Б.Сарантуяа, Д.Болд нарын хамтын бүтээл гарах бололтой. Түүний цуврал тоглолт энэ долоо хоногийн баасан гарагт үргэлжилнэ. Дашрамд дуулгахад, дуучин маань энэ удаагийн цуврал тоглолтоо залууст зориулж тоглож байгаа учраас тоглолтуудаа үнэтэй байлгахыг хүсээгүй гэнэ. Тиймээс 20 мянган төгрөгийн такс, дээр нь 10 мянган төгрөг нэмэгдэж байгаа юм байна.
Ж.Өөдлөн
URL: