Хулан аав ээждээ зэмлүүлсэн ч хоёр дахь амьдралаа зохиолоо
“Х-Түц” продакшны хамгийн царайлаг жүжигчин Б.Хулан сүүлийн үед телевизийн нэвтрүүлэг хөтлөн, “Өдөн дэр”-ээ сурталчлах болсон. Кино, жүжгийн саналыг хүлээж авахаас татгалзаж яваа жүжигчин бүсгүй хувийн амьдралынхаа олон асуудлыг ч цэгцлэхээр зүтгэжээ. Нэр нөлөө бүхий чинээлэг эрхмүүдтэй нэр холбогдож явсан түүнийг нэг л өдөр айлын бэр болохоор одоход нь харамссан залуус олон. Гэвч олны хэл аманд хэтэрхий их өртдөг царайлаг бүсгүйн гэр бүлийн амьдрал бүтэлтэй болсонгүй. “Сайхан хүүхэн жаргадаггүй” гэгчийн үлгэрээр диваажин амлах шахам байж авч суусан нөхөр нь түүнийг нялх охинтой нь хамт хаяад явчихсан гэдэг. Тиймээс хэсэг хугацаанд сэтгэлээр унасан жүжигчин бүсгүй уран бүтээлээсээ хүртэл завсарлага авч, найз нөхөдтэйгээ хамт амралт зугаалганд явж эхэлсэн аж. Энэ үедээ нисгэгч залуутай танилцаж, үерхэж нөхөрлөснөөр өдгөө хамтын амьдрал зохиох дээрээ тултлаа дотносчээ. Нисгэгч амраг нь гадаадаас авчирсан үнэтэй бэлэг, тансаг бүхнээр түүнийг эрхлүүлдэг тухай ойр дотных нь найзууд атаархангуй ярьж явна. Харин тэдний гэрлэлтийг жүжигчин бүсгүйн аав ээж төдийлөн дэмжихгүй байгаа төдийгүй “Анхны амьдралаасаа сургамж авч, хүний мөс чанарыг таних хэрэгтэй. Нялх охиноо бодохгүй бол хэцүүднэ” гэж зэмлэсэн аж. Гэсэн хэдий ч, хайр сэтгэлийг хорьж болдоггүй болохоор Б.Хулан нисгэгч залуугийнхаа гэрт амьдрахаар одсон гэнэ.
URL: