“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр баталлаа

ba231a9d7a097e15e7ab4db2571494af_LЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр баталлаа

Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх зорилго бүхий “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталж, хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөө батлан ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, төсөл, тусламж, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг мөн үүрэг болголоо.

“Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авъяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2013-2016 онд хэрэгжүүлнэ.

 

“Төрийн өмчийн орон сууцны корпораци”-ийн дүрэм, зохион байгуулалт, орон тоог баталлаа

Иргэдийг инженерийн хангамжтай орон сууцанд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК) төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газраас байгуулсан. Тус корпорацийн үйл ажиллагааны чиглэл, дүрэм, зохион байгуулалт, орон тоог өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Төрийн өмнөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт орон сууц бариулах, худалдан борлуулах, төрийн өмчлөлийн орон сууцны санг бүрдүүлж, түүний эзэмшил, ашиглалт, менежментийг хэрэгжүүлэх, захиалан бариулж байгаа орон сууцны хотхон, хорооллыг байгуулахад шаардагдах инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинээр бариулах, шинэчлэх, сайжруулах, захиалагчийн үүрэг гүйцэтгэж, хяналт тавина. Иргэдийг орон сууцжуулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх, боломж үндэслэлийг судлан, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг хэрэгжүүлэх, зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн бодлогыг зохион байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.

ТОСК нь 6 хэлтэс, 80 орчим орон тоотой байх бөгөөд Ерөнхий захирал удирдана. Ерөнхий захирлыг Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

 

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

 

Цаатан иргэд амьдралын онцлог байдал, аж төрөх хэв  шинжээсээ шалтгаалан байнгын тогтвортой орлогогүй, төв суурин газраас алслагдмал амьдарч цаа бугаа даган байнга нүүдэллэн амьдардгаас шалтгаалан нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй. Иймд тайгад амьдардаг цаатан иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна. Энэ төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөл батлагдсанаар цаатан иргэн нийгмийн даатгалд хамрагдаж, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авах боломж бүрдэх юм.

 

Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгоно

Хил орчмын радио давтамжийг харилцан зохицуулах асуудлаар Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, ОХУ-ын Цахилгаан холбоо, нийтийн харилцаа холбооны яамны харъяа Цахилгаан холбоо, мэдээллийн технологи, нийтийн харилцаа холбооны салбарыг хянах Холбооны албадын хооронд байгуулах 6 хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд эдгээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хэлэлцээрийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын хилийн бүс нутагт радио, телевиз болон үүрэн телефоны харилцаа холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, мөн радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгох, хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих