Нээлттэй Засгийн түншлэлд нэгдэх төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг эхэллээ
АНУ-ын Төрийн Департментаас санаачилсан нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих үүргийг улс орнуудын Засгийн газарт хүлээлгэх зорилготой Нээлттэй Засгийн Түншлэлд Монгол Улс гишүүн орноор элсэх сонирхлоо албан ёсоор илэрхийлээд байна. 2011 оноос хойш дэлхийн улс орнуудыг Засгийн газрын үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай, нээлттэй, иргэний оролцоотой, шударга байх зарчмын хүрээнд нэгтгэж ирсэн түншлэлд 57 орон элсчээ.
Монгол Улс Нээлттэй Засаглалын Түншлэлд нэгдэн ороход хэрэгжүүлэх Үйл Ажиллагааны Үндэсний Төлөвлөгөөг боловсруулах хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна. Тус хэлэлцүүлгийг нээж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг үг хэлээ. Тэрээр “Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн болон олон улсын нэр хүндтэй байгууллагуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг дурдаад, бидний хүч, анхаарлаа хандуулах дараагийн том асуудал бол “Нээлттэй засгийн түншлэл” гэдэг олон улсын санал санаачлага, хамтын ажиллагаанд нэгдэх шаардлага юм. Түншлэлд нэгдсэнээр Монгол Улсын хувьд Олон улсад нэр хүндээ гаргах төдий бус Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөн чанар, төр засгаа иргэд, олон түмэндээ улам нээлттэй болгох, хариуцлагатай байх, эргэж тайлагнадаг байх энэ үндсэн зарчмуудтай нийцэж байгааг онцоллоо. Түншлэлд нэгдэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар шинэчилж байгуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга ахалж байна.
“Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг
• Төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх
• Төрийн үйлчилгээг сайжруулах
• Шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг бууруулах гэсэн үндсэн 3 чиглэлийн хүрээнд зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд иргэд, олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авч тусгах юм.
Монгол Улс Нээлттэй Засгийн түншлэлд нэгдэн орсноор Засаглалын нээлттэй бодлогыг олон улсын Засгийн газруудын туршлагад үндэслэн хэрэгжүүлэх, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нээлттэй засаглалыг төлөвшүүлэх хүрээнд хийсэн ажлуудаа олон улсын өмнө тайлагнах, төр, иргэний хамтын ажиллагааг сайжруулан хөгжүүлэх боломж нэмэгднэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанас мэдээллээ.
URL: