”Талх чихэр” биш ”Алах чимэг” болчихов уу

Хорин таван жилийн турш өөрчлөгдөөгүй онцгой найрлагаараа 25 жил биднийг хордуулсанаа Талх чихэрийнхэн удаа дараа бариад өгчих шиг л боллоо. Учир юу вэ? Атар талх 25 жил өвөрмөц амт, үнэр онцгой найрлага хэмээн сүүлийн үед хүчтэйхэн рекламдах болсон Атар талх нь “дээлтэй” болоод ч нэмэргүй “хурууны лент” энэ тэр савалгаан дотроос нь бус хийсэн талхан дотороос нь бултайж баригдсан удаатай.
Харин энэ удаад тэдний бүтээгдэхүүнээс тамхины иш буюу акурка гарч иржээ. Тодруулбал өнгөрөгч сарын сүүлээр хөдөөний нэгэн айлд хотоос хүргэгдэж ирсэн бэлгэн доторх “Янзага” жигнэмэгнээс нь тамхины иш гарч ирэн гэрийн эзнийг гайхшруулжээ.  Бусдаас бага насны хүүхэддээ зуурч өгөхөд нь гэдэс нь гүйлгэж байсан учраас гэрийн эзэн печенийг нь аваад хот руу орж иржээ.
Ийнгээд “Талх чихэр” компанийн хүнсний технологич залуу очиж уулзан шинжилж үзээд “Яах аргагүй манай компанийн буруу юм байна. Манай түүхий эдийн буюу элсэн чихрийн тасагт ажилладаг хүмүүс тамхи татдаг байжээ.
Бид арга хэмжээ авсан. Цалингийн 20 хувиар торгосон” хэмээжээ. Ийнхүү манай томоохон байгууллагуудын хариуцлагагүй үйлдлээс болж, хүүхдүүдийн эрүүл мэнд тоглуулж байна. /эх сурвалж TVMongolia.mn/
Бусдын эрүүл мэндийг боддоггүй юм аа гэхэд Засгийн газрын батасан Тамхины хууль гэгч энэ газарт хэрэгждэггүй нь технологич залуугын тайлбараас тод харагдаж байна. Түүхт тэдэн жилийн ой, Женко хувьчилж авсанаар технологийн шинэчлэл хийж эрүүл ахуй, ариун цэвэрийн болон дэлхийн стандартад нийцсэн техник тоног төхөөрөмжтэй боллоо хэмээн зарлан тунхаглаж байсан нөгөө “Талх чихэр” маань “Алах чимэг” болчихжээ гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болж.
Урд хөршөөс бараа зөөж бага багаар хордуулсаар байна хэмээн шүүмжилж байгаа ч үндэсний гол үйлдвэрлэгч болсон компаниуд маань яагаад ийм байдалд хүрч амь насны аюулгүй явах баталгааг хумс хумсаар зуурдын үхэл рүү “чимэг” нэмэн хачирласаар байгаа юм бол.
Тамхи таван насны дайсан гэдэг дээ. тэр тусмаа тамхины иш буюу акурка бол тухайн хүний амны микроб, за тэгээд өнөөх тамхи гэгч таван насны дайсны хамаг л хор хөнөөлийг шүүн тунгааж үлддэг хамгийн гол “алах хэрэгсэл”.
Мартаагүй бол Чамайг даа гээд хүүхэлдэйн кинон дээр чоно гуай тамхи татсанаар ямар байдалд хүрдэгийг та бүхэн санах байх. Гэтэл бага насны хүүхэд идэх дуртай жигнэмэгэн дотор өнөөх аюулт “алах чимэг” нуугдсан нь энэ. Нуугдах ч гэж дээ санамсаргүй үйлдэл болж таарч байгаа юм.
Хүнсний аюулгүй байдал гэгч тэгэхээр чухам юу болж таарах вэ?
Дэлхийн жишгээр хүнсний үйлдвэрийн ажилчин ажилтанууд битүүмжилсэн шахуу маш өндөр хэмд ариутгагдсан хувцас өмсөн үйлдвэрийн цех, тасаг руу нэвтрэх эрхтэй байдаг.
Харин манайд бол өнөө ажилчдын хувцас нэртэй хэдэн хувь хувьсгалын оёдлын үйлдвэрээр эсгэгдэн оёсон нэг жигд дүрэмт хувцас өмссөн болоод үйлдвэрлэлийн дамжлага, шатны хонгил, байгууллагын гадуур баахан сэлгүүцсэн нөхөд л “За одоо тэдэн мянган жигнэмэг, талх гялалзуулчихая” гээд ханцуй шамлаад дайраад орчихдог бололтой.
Наад талх чинь ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй байнаа гээд хүчээр шахам “уут” углуулсан. Байдал дээрдлээ гэж бодож байтал хурууны лент гарч ирж бас нэг шугиан дэгдээсэн нь саяхан. Одоо бас тамхины иш.
Талх чихэр, Мах импекс гээд хүнсний томоохон үйлдвэрүүд Женкогийн Баттулгынх гэдгийг хүн болгон л мэднэ. Баттулга гишүүн улсын ажлаа хийгээд хувийн юмаа мартсан гэдэг нь харин үнэн болов уу.
Нэгэн ажилчины хэлж буйгаар манай группын эзэн нүнжигтэй эр гэх. Яагаад гэхээр шагнал, урамшуулал сайн өгдөг бас бага сага алдаа дутагдалыг нуун дарагдуулахад нэр нь байхад л хангалттай ш дээ гэх.
Учрыг ухаад төхнөөд байх нь ээ нээрээ ч эрхэм гишүүн, сайд нарын хувийн компанид халдах бөх зүрхтэн барагтай бол олддоггүй гэнэ. Мэргэжлийн хяналт, бас бус байгууллагуудын эрхэмүүд “илээд” л өнгөрөөдөг дэг жаяг тогтчихоо юу. Нөгөө нам дагавал бүрэн хамгаалалтанд ордог гэдэг биелэлээ олж байх шиг.
Женко их юм хийдэг, орон нутгаа сайн харж үздэг л гэнэ. Харин өмч хувьчлалын дуулианаар бараг үнэгүй шахам авсан гэгддэг хүнсний тодотголтой хэдэн охин компаниа АН-ын үед хэн ч халдашгүй дархан эрхтэй байлгах ажлыг ҮХААЯ-ны сайд байх даа хийчихсэн бололтой.
Өнөөдөр жирийн нэг талханы цехийн жигнэмэг ч юм уу талхнаас тамхины акурка биш үнс гарч ирэх л юм бол таг дуугай маргааш нь л лацдуулна. Бас хохирол барагдуулах энэ тэр гээд явж өгнө дөө.
Баттулга сайдын нэрээр чимсэн “Талх чихэр” бол харин хүнсний технологич нь Манай буруу гээд л өнгөрөөчихдөг юм байна. Хурууны лент, тамхины иш гараад хэдэн хэвлэл мэдээллүүд хэлээд байхад өнөө Мэргэжлийн хяналтынхан, Талх чихэрийнхэн таг дуугай суудгын учир юу юм бол.
Талх чихэр бус Алах чимэг болж нэрээ өөрчилж  амттан бус хор үйлдвэрлэхээ хэзээ зогсоох юм бол доо…
Б.Эрхэс    
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих