Долгор эмээд хүртээлгүй эдийн засгийн өсөлт
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сард манай улсын эдийн засаг 11 хувиар өссөнийг зарлалаа.
Эдийн засгийн өсөлт гэгч нь тухайн цаг үед үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний өсөлт. Энэ утгаараа бол монголчуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ 11 хувиар өссөн буюу орлого нь тэр хэрээр нэмэгдсэн байх учиртай.
Харин үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсанаар аж үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн сард 8.6 хувиар өсчээ. Үүнийх нь 73.9, бусад төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4 хувиас 5.2 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн гэжээ.
Өөрөөр хэлбэл, монголчууд үйлдвэрлэгч гэхээсээ илүү газар доорх баялгаа гадаадад экспортолсон орлогоороо эдийн засгийн өсөлтөө хэмжиж буй хэрэг юм. Түүнээс нефть нэрэх үйлдвэртэй болоод дотоодоосоо шатахуунаа хангаад, унадаг унаагаа хүртэл дотооддоо угсардаггүй юм гэхэд ядаж 50 сая хол давсан малтай боловч сүүний хэрэгцээгээ ч дотоодоосоо хангах үйлдвэрлэлгүй байгаа.
Ингэхээр яах аргагүй эдийн засгийн ноён нурууг үүрэлцэх ирээдүйн “хөдөлгүүр” болсон салбарууд гүн нойрноосоо сэрээгүй хэвээр байна. Уул уурхайд манай нийт ажиллах хүчний дөнгөж долоон хувь нь байдаг. Ажилтай, орлоготой байх сонирхолтой бусад нь үлдсэн 93 хувьд нь хамаарагдаж байна. Ингэхээр эдийн засаг өссөн гээд байгаа тоо иргэдэд хүртээлгүй болж таараад байна.
Хөдөөгөөс хотыг чиглэсэн урт цуваа хөвөрдгөөрөө хөвөрч, агаарын бохирдлоо дийлэхээ байсан нийслэлээс “уугуул” иргэд нь дайжиж эхэлсэн. Тавдугаар цахилгаан станцаа босгож чадахгүй байгаа ч баахан орон сууцны хороолол сүндэрлүүлнэ гээд мөрөөдчихсөн, өнөөх барилгыг нь босгох мөнгө нь хаана байгаа юм бүү мэд. Дэлхийгээр нэг шунгинан эргэлдэж байгаа ам.долларын урсгал Монголыг онцгойлон тойрч одоод байхад хаанаас яаж мөнгө босгох вэ.
Чингис бондоороо олсон мөнгөөрөө шинэчлэлийн Засгийн газар нэртэй домог тэрлэж үлдээнэ гээд дээдчүүл маань банкуудаар дамжуулаад иргэд, компаниудад зээлчихсэн. Түүнээс хойш дахиад их хэмжээний “ногоон” орж ирээгүй болохоор өнөөдөр Монгол Улс валютын нөөцдөө гар дүрэх хэмжээнд оччихсоныг эдийн засагчид сэрэмжлүүлээд байдаг.
Өнгөн хэсгийг нь сөхөхөд л манай эдийн засгийн ужиг өвчин, идээ бээрт тамтаг алга. Тэгсэн хэр нь халуун савнаасаа авахуулаад төмөр хөлгөө хүртэл өөрсдөө үйлдвэрлэдэг Герман мэтийн хөгжингүй орнуудаас өндөрт цойлсон эдийн засгийн өсөлт гарлаа хэмээн сайд нар маань ам булаалдаж байна. Лав л энгийн иргэн, миний, таны хэтэвчинд өнөөдрийн хоолны мөнгө, маргаашийн махны зардал арай ядан бүрдэж байгаа.
Түүнээс биш цалингаасаа аваад цааш үүцлэх хөрөнгө илүү гарна гэж гонж. Ядаж байхад өмсдөг хувцаснаасаа эхлээд хамаг хэрэглээгээ урд хөршөөсөө импортолдог учир яаж ч бодсон тэр гадаадын том орнуудын тэнгэр баганадсан өсөлтийг давж гарсан графикийн үр дүн өнөөдрийнх шиг баймааргүй юм. Зам, дэд бүтэц гэж хошин шог. Уг нь эдийн засгийн өсөлтийн үндэс суурь нь дэд бүтэц, зам гэж хөгжингүй орнуудын төрийн хүмүүс нь манайд айлчлахдаа үгийнхээ далимд хавчуулаад л байдаг юм билээ. Харин бид өөдөөс нь анзаарсан шинжгүй том том тоо яриад байдаг. Дарга нарын нүсэр илтгэлүүдийн цаана иргэн миний амьдралд өнөөх эдийн засгийн өсөлт наалдаж байгаа юм даанч алга. Цалин өснө, импортын барааны үнэ дагаад нэмэгдэнэ. Ингэхээр долоон буудлын Долгор эмээд лав энэ эдийн засгийн өсөлт гэгч хүртээлгүй юм байна.
Ж.Цогзолмаа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: